| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0182/э |
| Дугаар | 2025/ШЦТ/187 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000500171 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар,
мөн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Сартуул овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны орой Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн маркийн улаан өнгийн улсын дугааргүй завших зорилгогүйгээр өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Сартуул овогт ******* ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас хохирогч зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн маркийн улаан өнгийн улсын дугааргүй завших зорилгогүйгээр өөрийнхөө Hino Ranger маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...орой аймгийн төв рүү Олонтүмэн бид хоёр ренжер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Замд ******* сумын нутаг дэвсгэр рүү орж байхад өмнө харж байсан улаан өнгийн трактор харагдахаар нь машиндаа ачаад авч яваад Мөнхөө гэх айлд буулгасан. ...би аймаг руу явахдаа Мянганбаатарын надад өгье гэж хэлж байсан трактор мөн байна гэж бодоод ачиж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-171/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би ******* сум 04 дүгээр баг “ дөрвөлж” гэх газар эхнэр болон хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр өрхийн хадлангийнхаа талбай буюу ******* сумын 04 дүгээр баг “ ” гэх газар очиж 1500 гаруй боодол өвс ачиж явуулсан ба үлдэгдэл 4000 гаруй боодол өвс хамт үлдээгээд хөдөө гэртэй ирээд 2024 оны 12 дугаар сарын 11-нээс 14-ний хооронд малаасаа нядалчихаад Улаанбаатар хот руу ачиж авч явж борлуулчихаад 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой хөдөө гэртээ ирээд хадлангийнхаа талбай руу очиж үзэхэд манай трактор байхгүй болчихсон байсан. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Манай алдагдсан трактор нь улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн маркийн трактор ба би 2024 оны 08 дугаар сард Дорнод аймгийн төвөөс очиж 17.000.000 төгрөгөөр авч байсан юм аа. Мөн содон шинж тэмдгийн хувьд бол хойд талын карлан нь хөдлөөд байхаар хойд эрдүгтер хэсэг рүү нь 32-н трубагаар холбоод гагнасан байгаа. ...Би алдсан худалдан авсан 17.000.000 төгрөгөөр үнэлнэ... Надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй. Харин миний очиж харснаар бол крантай 5тн даацтай автомашин ачсан болов уу гэж бодож байгаа тул тийм тээврийн хэрэгсэлтэй анги, кемпүүдийг шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-34/,
гэрч “...Манай хөдөө гэр буюу Баянтүмэн сум 02 дугаар баг Шорвогийн нуур гэх газар манай адууны хашааны хойд талд байгаа улаан өнгийн 2024 оны 12 дугаар сарын сүүл байх намайг өглөө эрт адуундаа явчихаад 09 цагийн орчим ирэхэд манай гадаа ******* ах өөрийнхөө маркийн улсын дугаартай крантай ачааны автомашинтайгаа ирчихсэн байсан ба ачаа дээр нь улаан өнгийн трактор ачсан байсан ба "надад хэлэхдээ хүнээс өрөндөө авсан трактор байгаа" гэж хэлээд манай адууны хашааны хойд тал буулгачихаад явсан юм аа. Ингэхдээ ******* ах ганцаараа машинаасаа бууж ирээд надтай уулзчихаад явсан. Өөр хүн бол би хараагүй. ...Би хөдөө гэртээ ганцаараа байхад ******* ах ирж трактор буулгачихаад явсан. ...Манай хөдөө гэрт байгаа ******* болон өөр хүн очиж авах талаар ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
гэрч “...хадлангийн үеэр *******ын хадлан дээр ажиллаж тухайн ажлынхаа хөлснийхөө оронд 2 машин өвс авахаар тохирсон байсан тул 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байх бойгоо хийж дуусгачихаад аймгаас хоёр машин дуудаж нэг машинд 72 ширхэг урлаан өвс, нөгөө машинд 96 ширхэг урлаан өвсийг *******ын хөдөө гэрээс баруун хойшоо 20 гаруй км байх хадлангийн газраас ачуулж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим хөдөө гэр рүүгээ явуулчихаад тэндээсээ *******ын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хоёулаа хамт трактор ачна гээд тухайн газраасаа зүүн тийшээ явсан ба харанхуй байсан болохоор яг хаагуур явснаа сайн санахгүй байна. Цасанд суугаад арай гэж цаснаасаа гараад /хэнийх нь мэдэхгүй/ хадлангийн талбай дээр байсан улаан өнгийн трактор дээр ирэхээр нь бууж харахад түлхүүр нь зоолттой, шинэ трактор байсан ба ******* өөрийнхөө ачааны машины кранаар өргөж тавьсан. Ингээд тухайн шөнөдөө трактор ачсан газраасаа манай хөдөө гэр рүү явж үүрээр буюу 4-5 цагийн орчим байх манай гэрт намайг буулгаж орчихоод өөрөө трактор ачсан машинтайгаа явсан. ...Надад бол ******* хэлэхдээ өөрт нь 1.5тн түлшний өртэй хүн мөнгөө өгөхгүй байгаа ба оронд нь хадлан дээр байгаа аваад яв гэж хэлсэн гэхээр нь тухайн авахад нь хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
гэрч “...Би иргэн ******* гэгчийг эртнээс түлш, сэлбэг авдаг байсан болохоор танина. Тэгэхээс тийм ойр дотно бол биш ээ. ...Би Халхгол сум 02 дугаар баг Адаг дулаан гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын дундуур байх хадланд гарсан. Ингэхдээ иргэн *******аас 1.5 тн түлш зээлээр авч өвсөө зарахаар өгнө гэж ярьж тохиролцсон юм аа. Тэгэхээс бол яг трактор өгнө гэж яриагүй. Харин хамгийн сүүлд утсаар ******* над руу залгаад мөнгөө нэхээд байхаар нь би мөнгөгүй байна манай хадлангийн газар дээр зарагдаагүй 3000 гаруй боодол өвс болон улаан трактор 2 ширхэг, цэнхэр трактор пресстэйгээ хамт байгаа гэж хэлээд болохгүй бол манай нэг барьцаанд нь түр авч болно гэж ярьсан. ...Надад ******* манай хадлан дээр очиж трактор авах гэж байгаа талаар болон трактор авсан гэж огт яриагүй. ...Би яг нарийн зааж өгөөгүй ч гэсэн Н.******* "танай хөдөө гэрээс баруун хойшоо манай хадлан байгаа, бас Халхгол сумын 02 дугаар багийн нутаг Дэвсгэрт хадланд гарсан" гэдгийг хэлж байсан. ...Би ******* сумын 04 дүгээр багийн иргэн гэгчийг танихгүй. Манай хадлангийн талбай газрын тосны 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл тавигдсан засмал замын 73 км тэмдэгтээр урагшаа буугаад 8-10 км яваад байдаг. Харин би хүнээс сонссоноор бол хадлангийн талбайг 53 км тэмдэгтээр урагшаа буугаад 3-5 км яваад байдаг гэж сонссон. Тэгэхээр манай хадлангаас баруун тийш 20 гаруй километр байдаг байх гэж бодож байна. Тэгэхээс тухайн газар очиж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-25/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн /0125/015 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-69/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн РЦ25-29 тоот дүгнэлт /хх-ийн 72-78/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-94/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 95-96/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хохирогч зөвшөөрөлгүйгээр түүний маркийн улсын дугааргүй завших зорилгогүйгээр авч явсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч маркийн улсын дугааргүй трактор алдагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид маркийн улсын дугааргүй буцаан өгч, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байхаас гадна тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА