Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Уул монгол уянга цайдам овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2521002490190 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, 89-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Уул монгол уянга цайдам овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны хойд талд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах шороон зогсоол буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-18-д заасан “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр”-т өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Уул монгол уянга цайдам овогт ******* ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт байх 16 дугаар байрны хойно, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн баруун талд байрлах шороон зогсоол буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-18-д заасан “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр”-т өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн баруун талд өөрийн унаж явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулан тус сургуулиас ажлынхаа тогооч хүүхдийг нь авч улмаар буцаж хөдлөх үедээ машины араар явсан гэх хүнийг харалгүй мөргөсөн. Би хэргийн материалтай танилцаж өөрийн буруутай үйлдлээ ойлгосон тул өөрийн гэм буруутай холбоотой маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр том охинтойгоо ******* сумын 9 дүгээр багт байрлах “Сити центр” гэх нэртэй барилга дотор уулзахаар тохирч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах гэрээсээ 11 цаг өнгөрч байхад гараад ертөнцийн зүгээр урагшаа явсан бөгөөд ******* сумын 9 дүгээр багт байрлах 16 дугаар байрны зүүн хойд талд явж байхад миний зүүн гар талаас маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийж байгаад мөргөсөн. Миний хувьд одоо 83 настай. Өндөр настай учраас тухайн тээврийн хэрэгслээс авхаалж самбаа гарган хурдан хөдөлж холдож чадаагүй учир мөргүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний зүүн талаас мөргөж улмаар би газарт баруун талаараа унасан. Миний хувьд буцаад босох гэсэн боловч босож чадахгүй, баруун хөл гишгэж тулж чадахгүй байсан. Улмаар мөргөсөн жолооч намайг машиндаа суулгаж эмнэлэг хүргэж өгсөн. “Маршил мед” гэх эмнэлэгт очиж зургаа авхуулахад баруун дунд чөмөгний толгойн доод хэсэгт хугарал цууралттай байна гэж хэлсэн. Дараагаар нь эмнэлэгт хүргэгдэн очсон. Эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд намайг шууд эмнэлэгт хэвтүүлж 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн ослын улмаас шаардлагатай эм тарианы мөнгийг ******* гэгч нь бүрэн төлж барагдуулсан учир ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй тул сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүйгээр шийдвэрлүүлэх болно. Мөн надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

иргэний нэхэмжлэгч “...Иргэн ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. ...эмчилгээний зардалд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжаар 4,430,236 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн ийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн /0725/268 тоот “...ийн биед баруун дунд чөмөг ясны их төвгөр дайрсан далд хугарал, баруун өвдөг болон баруун шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21-23/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5/, ослын газрын схем зураглал /хх-ийн 6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 15/, “Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээч, авто ашиглалтын инженерын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16 тоот дүгнэлт /хх-ийн 28-29/, *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогчид 3,000,000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

Харин хохирогч Ц. нь биедээ хүндэвтэр гэмтэл авч Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 4,430,236 төгрөгийг зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тооцоо, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,230,236 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 4,230,236 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уул монгол уянга цайдам овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 4,230,236 /дөрвөн сая хоёр зуун гучин мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА