Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар  2021/ДШМ/588

 

 

 

 

 

     2021         6               8                                           2021/ДШМ/588                              

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Б.Мд холбогдох эрүүгийн 2103 00000 0030 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........................... овогт .................... ийн М, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ............................. төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, асрагч мэргэжилтэй, ....................... эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 6, ........................ дүүргийн .... дугаар хороо, ...................... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо нөхөр, 4 хүүхдийн хамт .................... дүүргийн ... дүгээр хороо, .......................... гудамжны .... тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:................................./;

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Саппоро” худалдааны төвийн уулзварын баруун талын замд “Nissan Teana” загварын 54-76 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Пыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хоньтын нямынхан овогт Батхуягийн Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгаас 415.120 /дөрвөн зуун арван таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Пд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.П нь тус гэмт хэргийн улмаас учирсан 505.000 төгрөгийн зардлыг болон бусад хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Би санамсаргүй, болгоомжгүй байдлынхаа улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хохирогч С.П гуайгаас дахин уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхээс надад 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний амьдралд хүндээр нөлөөлж байна. Нийтэд тустай ажил хийх энэ хугацаанд ажлын байраа алдаж ар гэрээ тэжээхэд хэцүү болж байгаа учир эрхэм шүүгч та бүхэн дараах хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү. Би нөхөр, 4 /1-11 насны/ хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 510.450 төгрөгийн цалинтай, асрагч ажилтай, нөхөр Э.Э нь “Хос хас” ХХК-д 1.200.000 төгрөгийн цалинтай, буудагч ажилтай. Хохирогч С.Пд 415.120 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг бүрэн төлнө. Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний амьдралд маш хүндээр нөлөөлж байгаа ба дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын хүнд үед ажилгүй болж, ар гэрээ авч явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүхээс оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ. Б.М нь нөхөр, 4 /1-11 насны/ хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт асрагч хийдэг ба 510.450 төгрөгийн цалинтай. Нөхөр Э.Э нь “Хос хас” ХХК-д 1.200.000 төгрөгийн цалинтай, буудагч ажилтай. Шийтгэх тогтоолоор хохирогч С.Пд 415.120 төгрөгийн хохирол төлөхөөр заасан ба хохирлыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ маш сайн ухамсарласан хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, бага насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.

Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй болохоор болсон үйл явдлын талаар мэдэхгүй байна. Шүүгдэгч өөрөө тэгж тайлбарласан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан даруй хохирол төлбөрийг төлүүлсэн. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хоцорч очсон учраас хохирол төлбөрийг төлж чадаагүй гэж хэлсэн.” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбарт харамсаж байна. Хэргийн материалаас процесс ажиллагаа нэг бүрчлэн харагдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан. Хохирогчийг явган хүний зохицуулдаггүй гарцаар 1 дүгээр эгнээг өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү орж байхад нь ирж мөргөсөн байдаг. Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогч маш бага хэмжээний хохирол шаардсан буюу 920.370 төгрөг шаардсан. Энэ бусад ижил төрлийн хохиролтой харьцуулахад маш бага хэмжээний хохирол юм. Энэ хэрэг 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр үйлдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаад прокурорын хяналтад хэрэг ирэх үед хохирол төлөгдөөгүй байсан. Яллах дүгнэлт гардуулж өгөхдөө хохирол, төлбөрийг барагдуулах талаар сануулсан. Анхан шатны шүүх хуралдаан болоход хохирлыг төлөөгүй байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид өмгөөлөгч авах эрхийг нь тайлбарлаж өгсөн. Бага хэмжээний хохирлыг төлөөгүй байгаа талаар шүүх хуралдааны үеэр прокурор танилцуулсан. Анхан шатны шүүхээс завсарлага авах эрхийг нь тайлбарлаж өгөөд шүүгдэгч завсарлага авсан. Хохирол төлөх боломжтой эсэх, өмнө ямар учраас хохирлыг төлөөгүй талаар шүүх хуралдааны үеэр прокурор асууж тодруулсан. Завсарлага аваад шүүх хуралдаан үргэлжилсэн боловч хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Прокурор торгох ялын санал гаргасан. Мөн хохирол төлбөрийг төлөх талаар эргэлзэж байсан учраас ямар эх үүсвэрээр төлөх гэж байгааг тодруулж асуухад “фэйсбүүк групп нээсэн надад туслалцаа үзүүлнэ гэсэн хүмүүс нэгдсэн байгаа” гэж хариулсан. Анхан шатны шүүхээс баримттай хохирлыг шүүж үзээд хохирлыг 415.120 төгрөг болгож багасгасан. Хохирогч 920.370 төгрөгийн хохирлыг бүрэн аваагүй, шүүгдэгч 415.120 төгрөг төлсөн атлаа хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж гомдол гаргаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирол төлбөр төлсөн байдал, гэмт үйлдэлдээ харамсаж байгаа байдлыг харгалзан үзээд 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Саппоро” худалдааны төвийн уулзварын баруун талын замд “Nissan Teana” загварын 54-76 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Пыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Пын “...Би 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ...Саппорогийн автобусны буудлын баруун талын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарах гээд зам руу орохдоо ертөнцийн зүгээр баруун тийш хартал машинууд нэлээн хол байхаар нь 1 дүгээр эгнээ өнгөрөөд 2 дугаар эгнээнд орж байтал баруун талаас гэнэт тар няр хийгээд машин сүнгэнээд өнгөрөх шиг болсон. Би нэг хартал зам дээр хэвтэж байсан. ...машин нь зүүн тийш нэлээн яваад зогссон байсан. Жолооч эмэгтэй намайг босооч, гэмтэл явъя гээд байсан боловч би босож чадахгүй байсан. ...Би гэмтлийн эмнэлэг рүү тэргэнцрээр ороод рентген зураг авахуулахад эмч “хөлийн яс хугараагүй байна, томографын шинжилгээнд ороорой, хөдөлгөөнгүй хэвтээрэй” гээд эм бичиж өгсөн. ...Томографын зураг авахуулахад нурууны ахар сүүлнээс дээш 5 дахь үеийн L сэртэн хугарсан гэсэн дүгнэлт гарсан. Би осол гарснаас хойш жолооч Мг зөндөө дуудсан боловч утас нь холбогдохгүй, дуудаад авахгүй байсан. ...Би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилнэ....” /хх 15/,

иргэний хариуцагч Э.Эын “...“Nissan Teana” загварын 54-76 УНА улсын дугаартай автомашиныг ...эхнэр байнга унаж байгаа... тоормос нь зүгээр ажиллаж байсан. Автомашинд эвдэрсэн зүйл байхгүй. ...” /хх 26/,

шүүгдэгч Б.Мгийн “...“Nissan Teana” загварын 54-76 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон “Хар хорин” захын хойд замаар баруун зүүн тийш чиглэлд Саппорогийн автобусны буудлын баруун талын зохицуулдаггүй явган хүний гарц руу дөхөж ирж байх үед миний урд явж байсан “Toyota prius” загварын автомашин явган хүний гарц өнгөрөөд явсан, би араас нь явж байтал замын урд талаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд арай залуухан нэг хүн нь гүйгээд гарсан. Харин эмээ замын хоёрдугаар эгнээнд гарч ирээд хойш, урагш зангаад машинд мөргүүлсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан тул гулгаж очоод автомашины баруун гар талын урд кирло хэсгээр шүргэж газарт унагаасан. ...эмээ зам дээр дөрвөн хөллөчихсөн, босож чадахгүй байсан. ...Мөргүүлсэн хүний урд явж байсан хүн урдуур гүйсэн ба эмээ амжиж гарч чадаагүй. Би тулж ирээд зүүн гар тийш дараад тоормос гишгэсэн. ...” /хх 88-89/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 619 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /хх 42-43/ гэх дүгнэлт,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн шинжээчийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, гэрэл зураг /хх 48-53/,

мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай “...“Nissan Teana” загварын 54-76 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн, ...Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь 16.1-т заасан заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна. /Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ/...” гэсэн магадлагаа /хх 56-57/,

2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх 5-11/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 12 цаг 30 минутад осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас /хх 18/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээр нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нар нь “...шүүгдэгч Б.Мд оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурор Б.Дэлгэрмаагийн хэргийн ажиллагаа хэрхэн явагдсан талаарх дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, “Ковид-19” цар тахлын тархалтын нөхцөл байдал, ажлын онцлог, хувийн болон ар гэр /1-11 насны 4 хүүхэдтэй/-ийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн өмгөөлөгч Ц.Даваажаргал нь хэргийн материалтай танилцаж, хэргийн талаар бүрэн ойлголттой байж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байхыг цаашид анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/286 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. ...”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ