| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/00280/И |
| Дугаар | 102/ШШ2022/03061 |
| Огноо | 2022-09-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/03061
| 2022 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2022/03061 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо тоот “К ББСБ” ХХК /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоот хаягт оршин суух Ш овогт Т С /РД: , утасны дугаар: /
Зээлийн гэрээг цуцалж, 99,128,986 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
Хариуцагч Т.Сэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК нь хариуцагч Т.Сэд холбогдуулан гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Т.С нь “К ББСБ” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 88,000,000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, цуцлах хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны гэрээний үүргийг шаардаж байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Ковид-19 цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссоны улмаас үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж чадаагүй.
2.2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар, мөн цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул хүүг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Зээлийн үндсэн төлбөр 88,000,000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-6-12 дугаар тал/
4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 88,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн гэрээг цуцлаж зээлийн үндсэн төлбөр 88,000,000 төгрөг, хүү 11,128,986 төгрөг нийт 99,128,986 төгрөгийг шаардаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Зээлийн үндсэн төлбөр 88,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Ковид-19 цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссоны улмаас үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж чадаагүй, Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар, мөн цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй үндэслэлээр зээлийн хүү 11,128,986 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2020/25 дугаартай гэрээгээр хариуцагч Т.С нь хөрөнгө оруулалтын зориулалтаар 88,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар 2 дугаар хороолол /16051/ Замчдын гудамж 214А байр 40 тоотод байршилтай 43,39м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Талууд зээлийн гэрээний үүргээ хариуцагчийг биелүүлээгүй үйл баримтад маргаагүй, харин хариуцагч нь “цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссоны улмаас үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж чадаагүй, Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасан үндэслэл, мөн цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул хүүг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 3 сар тутамд зээл, зээлийн хүүд тогтмол 12,021,608.54 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч огт гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. Иймд зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу, тогтоосон хэмжээгээр зээлийг төлөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн. Зээлдэгч нь 24 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэх байтал үүнээс 1 жил 4 сар буюу 16 сарын хугацаанд үүргээ биелүүлээгүй байдал нь цаашид ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй гэж үзэв.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “цар тахал тархсан нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож ажил зогссон” гэж тайлбарласан байх ба дээрх нөхцөл байдал бий болсон хэдий боловч энэ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Харин энэ үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлах, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулахыг шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ хариуцагчийг хэрэгжүүлж байсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчийг шаардахаас өмнө гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Гэрээ цуцлагдсанаар гэрээ дуусгавар болж талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг цаашид биелүүлэх шаардлагагүй болох бөгөөд харин гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үлдсэн үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүртэл төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр, түүний хүүг шаардах эрхтэй байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт “Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно” гэж заажээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг эрхлэхдээ зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй ба энэ үйлчилгээг барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэж ойлгоно. Энэ үйлчилгээг эрхлэхэд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгохгүй боловч үйл ажиллагаа нь хууль, журам, стандартад нийцсэн байна. Харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаанд хамаарахгүй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэг хамаарахгүй.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан. Иймд зээлийн гэрээгээр хариуцагч нь зээлийг ашигласан хугацаанд хүү төлөх үүрэг хүлээсэн ба уг үүргийг гэрээнд заасан зориулалтын дагуу зээлийг ашигласан эсэхээс үл хамааран төлөх үүрэгтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийг ашигласан хугацаанд хариуцагч хүү төлөхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тооцож 11,128,986 төгрөг шаардсан ба тухайн хугацаа хүртэл зээлийн хүүг Монгол банкны баталсан аргачлалын дагуу тооцоход /0.67% х 12 сар : 365 хоног х 88,000,000 төгрөг х 588 ашигласан хоног : 100%/ 11,397,856.43 төгрөг болж байна. Иймд зээлийн хүүг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр 11,128,986 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид барьцааны гэрээний 1.6-д барьцаа хөрөнгөөс зээл, хүү болон хуульд заасан бусад үүргийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 88,000,000 төгрөг, зээлийн хүү 11,128,986 төгрөг нийт 99,128,986 төгрөг гаргуулж, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овогт Т Сээс 99,128,986 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Т.Сийн өмчлөлийн *тоотод байршилтай 43,39м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 723,795 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 723,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА