Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000184 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Чойбалсан хот дахь Цэргийн тусгай шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хан овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, *******тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүд, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 04 дүгээр сарын 19-ний орой ажлын байр болох харуулын очиход унтаж байсан. Би архи уусан гэдгийг мэдээгүй. надад хэлэхдээ “ ах бид хоёр жаахан уусан юм” гэсэн. ... харуулаар ажиллаж байхдаа харуулын гал гаргаж байсныг шуурхай хурал дээр дарга нар сануулж хэлсэн. Гэтэл ******* надад хандан “Та яах гэж гал гарсан талаар дарга нарт хэлсэн юм бэ, дэмий байсан шүү дээ, хужаа зан гаргаад байх юм” гэхээр нь би “Ах нь тэгж хэлээгүй. ах өглөөний раборт дээр бичиж өгсөн байх” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдахад хувцсаа тайлаад “гадаа гарч үзье” гэж хэлээд миний нүүр, цээжийг татаж чангаагаад маажаад байхаар нь миний уур хүрээд түүнийг цохисон нь үнэн. ...Би тухайн үедээ биед гэмтэл учруулсан гэдгээ мэдээгүй. Би буруутай үйлдэл гаргасан гэдгээ ойлгож байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн. Би ахад хандан “Та битгий ар өврөөр юм яриад яваад байгаарай, гадаа гарч учраа олъё” гэж хэлээд гараараа нүүр хэсгийг нь түлхсэн. Миний бие дэх гэмтлийг ах учруулсан. Би эмчилгээ, хагалгаа болон бусад зардалд нийт 5,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Би дахин ******* хот руу явж эмчилгээ хагалгаа хийлгэх шаардлагатай бөгөөд өөрийн зардлаар явах боломжгүй байна. Иймд ******* ахаас эрүүл мэндийн хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Дорнод аймгийн сүлжээний газарт галчаар ажилладаг. Тэр өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ээлжтэй байсан. Ээлжинд надтай хамт харуул ах хамт гарч байсан. ...Би дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй 0.5 литр архи аваад буцаж ирээд гал тогооны өрөөнд ахыг дуудаад хамт сууж байсан чинь ах эхнэртэйгээ 22 цагийн үед гаднаас орж ирээд нүүрс авах гээд явж байна гэсэн. ахад ууж байсан архинаасаа хийж өгөөд хамт ууж байснаа би “Та битгий ар өврөөр дарга цэрэгт худлаа хов зөөгөөд бай” гэсэн чинь надтай маргалдаж байснаа “Чи муу өөрөө дарга цэргийн бууны нохой болдог биз дээ пизда минь” гэхээр нь би ахын нүүр рүү гараараа түлхсэн чинь миний нүүр рүү цохиж унагаагаад намайг нэлээд хэдэн удаа цохисон. Би арай гаж салаад эхнэр рүүгээ утасдаад эхнэрээ дуудсан. Манай эхнэр ирээд намайг эмнэлэг рүү аваад ирсэн. ...Миний зүүн нүдний зовхи сэтэрсэн мөн нүдний ухархайн яс цөмөрсөн. Цээж хөндүүр байна. ...Би яаралтай ******* хот явахдаа эхлээд 3 тугалтай үнээ 1,500,000 төгрөгөөр зараад 4,500,000 төгрөгтэй ******* хотод очоод эмчилгээнд хүрэхгүй гэхээр нь би дахин нэмж 2 тугалах үнээгээ зарсан. Нийтдээ 7,500,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Үүнээс хагалгаанд орохдоо 3,100,000 төгрөг хагалгааны төлбөр, шинжилгээ өгөхөд 360,000 төгрөг, эм тариа 350,000 төгрөг, унаа болон бусад зардалд 1,240,000 төгрөгийн зардал гаргасан. Би энэ зардлаа нэхэмжилнэ. ...Миний сэтгэцэд хор уршиг учирсан зүйл байхгүй тул би ******* хотод очиж дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэжээ. /хх-ийн 31-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү нөхөр ******* нь бусдад зодуулаад эмнэлэгт ирсэн талаар нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед утсаар надад хэлсэн. тэй эмнэлэгт очиж уулзахад тэрээр БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж байсан бөгөөд нүүр ам нь хавдсан, хамраас нь цус гоожсон байдалтай байсан. ******* нь сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах радио галчаар ажилладаг бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нөгөө ээлжийн галч *******эй маргалдаж  улмаар нь зодсон гэж надад хэлсэн. Тухайн үед , нар хоёулаа согтуу байсан гэсэн бөгөөд ямар шалтгаанаар маргасан, нь ийн өөдөөс нь мөн зодолдсон эсэхийг нь бол мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 42-43/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн радио, сүлжээний газар ХАБЭ-н инженерээр ажилладаг. 2025 оны 04 дүгээр сарын 19-нд хагас сайн өдөр амралтын өдөр байсан. Манай ажил дээр харуул , галч , , ээлжийн инженер нар үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цагийн үед би гэртээ байж байхад над руу эхнэр утсаар залгаад “манай нөхрийг зодсон байна, би машинтайгаа эмнэлэг явж байна” гэхээр нь би ахтай яръя гээд ярьсан чинь “Бид нар ажил дээрээ архи уусан. Гаднаас ах ирээд бид нар хоорондоо зодолдсон, миний нүд рүү цохисон, намайг арай дэндүү зодчихлоо, би эмнэлэг явж байна” гэсэн. Би маргааш өглөө эмнэлэг дээр ирээд уулзахад зүүн нүд нь хөхөрсөн нүдний доод зовхи нь урагдсан байсан. Би болсон явдлыг асуусан чинь “өөрөө ажил дээрээ архи авчирч уусан. Орой ах нүүрс авах гэж ирээд намайг зодсон” гэж хэлсэн. Би ажил дээрээ ирээд бичлэг харахад болсон асуудал бүгд бичигдсэн байсан...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 21 цагийн үед ах ахтай хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь би охиноо хамт явуулсан. Удаагүй байж байтал ах машинтайгаа ирээд надтай уулзаад ах нь нүүрсгүй болчихлоо жоохон нүүрс авъя гээд нүүрс рүү очсон. ...Тэгээд би зааланд орж ирээд заалтуудаа хараад байж байсан. Нэг их удалгүй хүмүүс маргалдаад байхаар нь би яваад очсон чинь ах ахтай хэрэлдээд “чамайг ална шүү, гараад ир” гээд хоёулаа цээж нүцгэн гадаа гараад ах ахыг зодоод байхаар нь би “та хоёр болио, хүүхэд айгаад байна” гэсэн чинь үгэнд орохгүй цохиод байсан. Би ахтай хамт салгах гэхээр дийлэхгүй, ахыг ч гэсэн цохиод байсан. ах ахыг зодож байгаад машиндаа суугаад явсан. Би ахыг гэр рүүгээ явчихлаа гэж бодсон чинь эхнэрээ дагуулаад удалгүй буцаж ирсэн. Би гараад ирсэн чинь ах гартаа хутга барьчихсан “ пизда хаана байна ална” гэхээр нь би “ ах энд байхгүй явчихсан” гэсэн чинь “чи муу гөлөг худлаа яриад байгаарай” гээд гал тогоо руу гүйгээд орох гэхээр нь өөр газар руу заасан чинь шууд гал тогоо руу гүйгээд би хаалгыг дартал миний хоолой руу хутга тулгаад холд чамайг ч гэсэн ална шүү гэхээр нь би холдоод цаашаа явахаар нь би араас нь тэвэрч аваад хутгыг нь булааж аваад нуусан. ах ахыг авч гараад гадаа үүдэнд нэлээд удаан дахин зодож байгаад нүүр амнаас нь цус гарахаар больсон...” гэжээ. /хх-ийн 50-52/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн радио, сүлжээний газар ХАБЭ-н байнгын сахиулаар ажилладаг. 2025 оны 04 дүгээр сарын 19-нд хагас сайн өдөр байсан. ...Би ажил дээрээ ирээд шууд харуулын аа бэлэн хоолоо идэх гээд гал тогоо руу орсон чинь , хоёр маргалдаад сууж байсан. , хоёр маргаж байснаа гараад зодолдъё гээд тэр хоёр гадаа гараад бид хоёрыг нэлээд удаан цохисон. Би тай хамт тэр хоёрыг салгах гэхээр дийлэхгүй, ******* хэд хэдэн удаа цохиулаад дахин ойртоогүй. ... нэлээд согтуу байсан. нэг их согтуу байгаагүй...” гэжээ. /хх-ийн 55-57/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР/0725/247 тоот дүгнэлтэд:

1.   биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүд, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2-с доошгүй удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн байдлаас шалтгаална” гэжээ. /хх-ийн 60-*******/

 

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд *******тэй маргалдаж түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн үйлдэл дээрээ маргаад байх шалтгаан байхгүй...” гэжээ. /хх-ийн 74-75/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19/

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22, 24/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25, 27/

Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардлын тооцоо /хх-ийн 36, 41/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-64/

*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 77-82/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/

хүсэлт, түүнд хавсаргасан хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 90-97/ болон шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн Цагдаагийн газрын тогтоолын хуулбар авах тухай албан бичиг /1 хуудас/, Батлан хамгаалах яамны төв архивын тогтоолын хуулбар хүргүүлэх тухай албан бичиг /1 хуудас/, шүүгдэгч *******т ял оногдуулсан Цэргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /3 хуудас/, шүүгдэгч *******эс Эрүүл мэндийн даатгалын санд 241,358 төгрөгийг төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан хяналтын камерын бичлэг, 13 см урттай 1 ширхэг хутгыг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хан овогт ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар багт байрлах хохирогч *******тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүд, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...бид хоёр маргалдахад хувцсаа тайлаад “гадаа гарч үзье” гэж хэлээд миний нүүр, цээжийг татаж чангаагаад маажаад байхаар нь миний уур хүрээд түүнийг цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлсэн хохирогч “... ахад ууж байсан архинаасаа хийж өгөөд хамт ууж байснаа би “Та битгий ар өврөөр дарга цэрэгт худлаа хов зөөгөөд бай” гэсэн чинь надтай маргалдаж байснаа “Чи муу өөрөө дарга цэргийн бууны нохой болдог биз дээ пизда минь” гэхээр нь би ахын нүүр рүү гараараа түлхсэн чинь миний нүүр рүү цохиж унагаагаад намайг нэлээд хэдэн удаа цохисон. Би арай гаж салаад эхнэр рүүгээ утасдаад эхнэрээ дуудсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ц.ын “...хүмүүс маргалдаад байхаар нь би яваад очсон чинь ах ахтай хэрэлдээд “чамайг ална шүү, гараад ир” гээд хоёулаа цээж нүцгэн гадаа гараад ах ахыг зодоод байхаар нь би “та хоёр болио, хүүхэд айгаад байна” гэсэн чинь үгэнд орохгүй цохиод байсан. Би ахтай хамт салгах гэхээр дийлэхгүй, ахыг ч гэсэн цохиод байсан. ах ахыг зодож байгаад машиндаа суугаад явсан...” гэх, гэрч гийн “...харуулын аа бэлэн хоолоо идэх гээд гал тогоо руу орсон чинь , хоёр маргалдаад сууж байсан. , хоёр маргаж байснаа гараад зодолдъё гээд тэр хоёр гадаа гараад бид хоёрыг нэлээд удаан цохисон. Би тай хамт тэр хоёрыг салгах гэхээр дийлэхгүй, ******* хэд хэдэн удаа цохиулаад дахин ойртоогүй...” гэх, гэрч ы “...Шөнө 00 цагийн үед би гэртээ байж байхад над руу эхнэр утсаар залгаад “манай нөхрийг зодсон байна, би машинтайгаа эмнэлэг явж байна” гэхээр нь би ахтай яръя гээд ярьсан чинь “Бид нар ажил дээрээ архи уусан. Гаднаас ах ирээд бид нар хоорондоо зодолдсон, миний нүд рүү цохисон, намайг арай дэндүү зодчихлоо, би эмнэлэг явж байна” гэсэн. ...Би болсон явдлыг асуусан чинь “өөрөө ажил дээрээ архи авчирч уусан. Орой ах нүүрс авах гэж ирээд намайг зодсон” гэж хэлсэн. Би ажил дээрээ ирээд бичлэг харахад болсон асуудал бүгд бичигдсэн байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР/0725/247 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтыг хураан авсан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР/0725/247 тоот “... биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүд, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2-с доошгүй удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн оршин суудаг ******* сумын 5 дугаар баг нь Дорнод аймгийн сумын нутагт байрладаг учраас зорчих эрхийг хязгаарлахад хүндрэлтэй, шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хохирол төлбөр төлөөгүй учраас торгох ял оногдуулах боломжгүйг дурдах нь зүйтэй болно. 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгосон байх бөгөөд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.

Үүнд: Хохирогч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч *******т зодуулсны улмаас биедээ зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүд, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл авч Дорнод аймгийн БОЭТ-өөс тусламж үйлчилгээ авч улмаар ******* хотод очиж ухархайн дотор ханыг имплантаар нөхөх, нулимсны замыг силикон гуурсаар сэргээх мэс засалд орж холбогдох эмчилгээг хийлгэсэн болох нь БОЭТ-ийн эмнэлгийн ор хоногийн үнэд 100,000 төгрөг тушаасан баримт, ******* Сонгдо эмнэлгийн 286,900 төгрөгийн үзлэгийн захиалгын хуудас, ТЭУ эмнэлгийн мэс заслын төлбөрт 3,100,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт, 30,760 төгрөгөөр эмчилгээний эм тариа авсан баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******өөс эрүүл мэндэд учирсан хохиролд 3,517,660 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох үндэстэй байна.

Иймд хохирогч 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 3,517,660 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нотлох баримтгүй 1,482,340 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид хийлгэх эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч ******* эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардалд 241,358 төгрөг зарцуулсныг шүүгдэгч ******* төлсөн болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 13 см, бариул 13 см урттай нэг ширхэг хутгыг устгаж, сидид буулгасан камерын бичлэгийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,517,660 /гурван сая таван зуун арван долоон мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, Суврагачин овогт ийн д олгохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нэхэмжлэлээс эмчилгээний зардал 1,482,340 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 241,358 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА