| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/263 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч М.Б ,
Шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-ийн С-т холбогдох эрүүгийн 2538000000289 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овгийн У-ийн С , 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............. туслах ажилтай, ам бүл 4, ээж дүү нарын хамт Ө аймгийн А сумын ...... дугаар баг ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ...................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.С нь 2025 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дугаар багийн нутаг дэвсгэрт байх ........... баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.Б-ний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000289 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Яллагдагч У.С нь 2025 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн .............. сумын ................. дугаар багийн нутаг дэвсгэрт байх ................. баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.Б-ний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ үйл баримт нь:
1.Шүүгдэгч У.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2025 оны 06 сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз М болон бусад найз, танилуудын хамт 00:00 цаг өнгөрсөн байх үед шоудаж байгаад Мөрөн сумын Доргио баарнаас гараад баруун талд нь зам дээр машинтай явж байтал тухайн Б гэдэг залуу “хөөе” гэхээр нь зогсоод “яасан бэ” гэсэн чинь нэг их зүйл дуугараагүй. Тэгээд би халамцуу явсан болохоор түүний нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид нар хоёр тийшээ салаад явсан. Үүнээс болж түүний шүд унасан байсан. Тухайн үед ийм л зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Би энэ үйлдэлдээ дүгнэлт хийж, харамсаж байна. Би түүний эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн. Цаашид шүд хийлгэх мөнгийг нь тухайн үед нь төлнө. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 30-31-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Хохирогч М.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед А, С гэх 2 найзтайгаа Аянчин баарны караокед орж 1 цаг дуулж шилтэй пиво хүний 2,2-ийг уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад “Аянчин”-гаас гараад манай С гэх найз маань гэр рүүгээ явсан. А бид 2, “Доргио” бааранд очиж А бид хоёр 2,2 лааз пиво уусан. Тэгээд 06 дугаар сарын 17-ний шөнө 01 цаг 20 минутын орчимд А бид хоёр “Доргио” баарнаас гараад явж байтал цагаан өнгийн машинтай 6,7 хүмүүс машинаасаа бууж ирээд үгийн зөрөөгүй намайг 1 удаа цохиход нь би унаад хэсэг ухаан балартаад босож ирэхэд тэр машинтай хүмүүс явчихсан. Манай найз бас зугтаад явчихсан. Би ганцаараа ухаан алдаад сэрсэн. Тэгээд тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй гэртээ хариад хартал амнаас цус гоожсон, үүдэн 1 шүд хугарсан доод шүд хөдөлгөөн орсон байсан.
Тэгээд өглөө нь Б ахтай цуг аймгийн камерийг төв дээр очиж Доргиогийн хажуу талын “89” буудлын “Доргио” баарнаас гараад явж байхад “89” буудал, “Доргио” баар хоёрын дунд явж байхад тэр машинтай залуучуудын 1 нь намайг нэг удаа цохиод машиндаа суугаад явцгаасан байсан. ...Миний нэг шүд эмтэрч, нэг шүд маань тасарч унасан байсан. Би энэ явдалд гомдолтой байгаа.
Хиймэл шүдний үнэ 500,000 төгрөг авсан. Өөр авсан зүйл байхгүй. Мөрөн суманд имплант шүд хийлгэх боломжгүй байгаа тул цаашид имплант шүд хийлгэх эмчилгээний зардлыг гаргуулж авах болно...” гэх мэдүүлэг, (хх-ийн 5-6-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.М-ийн өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 17-ны орой 22, 23 цагийн алдад найзуудаараа ..........УЕМ улсын дугаартай цагаан өнгийн Соната-7 маркийн машинтай найзуудтайгаа цуг Мөрөн сумын “Од” караокены хажуу талын хоолны газарт орж караокед нь 1 цаг найзуудаараа суусан. Тэгээд тэндээсээ 00 цагийн үед гараад гадаа нь хэсэг сууж байгаад Мөрөн сумын “Доргио” баар орсон. Тухайн бааранд нээх удаагүй хальт орж хэсэг зогсож байгаад гарсан. Тэгээд гарч найзуудаараа машиндаа суугаад “Доргио” баарнаас дөнгөж хөдлөөд явж байхад 2 залуу алхаж явж байснаа бид нарыг хараад хашхирахаар нь манай найз С машинаасаа түрүүлж буугаад араас нь бид нар буусан. Манай найз С нөгөө хоёр залуу дээр очоод “ яасан юу болов” гээд нэг удаа цохисон. Тэгэхэд нөгөө залуу хойшоогоо унасан. Тэгэхээр нь манай найз нөгөө цохисон залуугаа татаж суулгаад “зүгээр үү яаж байна" гэж асуухад нөгөө залуу юу хэлснийг нь мэдээгүй. Тэгээд бид хэд гайгүй байх гэж бодоод машиндаа суугаад нөгөө залууг харсан чинь нөгөө залуу нүүрээ дарж сууж байгаад босоод явсан. Тэгээд би машиндаа суугаад харсан чинь нөгөө залуу босоод алхаад явахаар нь бид хэд явцгаасан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 13-14-р хуудас)
4.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням- Осорын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай: “...М.Б-ний биед нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/
5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,
6.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч У.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39-р тал/ зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч У.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхгүй болохыг дурдаж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч У.С нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Б , гэрч Л.М , Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням- Осорын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С-ын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч У.С нь 2025 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Доргио баарны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч М.Б-ний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогджээ.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б-ний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч У.С-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч У.С-ын хохирогч М.Б-ний биед халдаж байгаа үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.С нь хохирогч М.Б-ний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сэлтэрсэн хугарал, нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч У.С-ын үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.
Шүүгдэгч У.С-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч У.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч У.С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсонг тэмдэглэж байна.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч У.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б нь: “...Миний эмчилгээний зардалд С нь 2025.06.27-нд 500.000 төгрөг өгсөн. Одоогоор хийгдсэн эмчилгээ болон энэ асуудлын улмаас гарсан бусад зардалд энэ мөнгө нь таарсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид шүд хийлгэхэд гарах зардлаа тухайн үед нь С-аас нэхэмжилнэ. С миний цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь гаргаж өгөхөө илэрхийлсэн, тийм болохоор одоогоор гомдол санал байхгүй. Би имплант шүд хийлгэх шаардлагатай байгаа юм...” гэх мэдүүлгийн /хх-ийн 8-р хуудас/ өгсөн байх тул шүүгдэгч У.С-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.Б д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч У.С-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч У.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.С-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч У.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хавтаст хэргийн 37-39-р хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч нь ам бүл 4, ээж, дүү нарын хамт Ө аймгийн А сумын ... дүгээр баг, .............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч У.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч У.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн У-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийн С-ыг 600 (зургаан) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч У.С-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Сайнбаярд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ