Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01212

 

 

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01212

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01079/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, утас: *******, *******, ******** регистрийн дугаартай, С овогт Б.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******** дугаар байр, ******* тоотод оршин суух, утас: *******, ******* регистрийн дугаартай, Б овогт Х.Ц,

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух, утас:*******, Х.Э нарт холбогдох,

1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Х.Цын төрсөн эгч болох Х.Э рүү утсаар ярьж Х.Цын байрыг түрээсэлж суухаар харилцан тохиролцож байрны түрээсийг 1 сарын 100,000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаанд түрээслэхээр 1,000,000 төгрөгийг хүүхдийнхээ данснаас Х.Цын данс руу шилжүүлсэн. Би тухайн байранд ороод 2 сарын хугацаа болоогүй байхад Х.Ц намайг миний байрнаас гар гэж хэлсэн. Учир нь Х.Ц намайг хулгай хийсэн гэж гүтгэсэн. Түрээслүүлсэн байр дотор нь байсан хувцаснууд алга болсон учир намайг хардсан. Би байрны түрээсийн төлбөрт өгсөн 1,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2 сарын түрээсийн төлбөрт өгсөн. Мөн Х.Цаас 200,000 төгрөг авсан. Одоо байрны түрээсийн мөнгөнд өгсөн 1,000,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний бие 2018 оноос хойш зүрх судас, даралтын өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группэд орсон хүн. Х.Ц нь намайг байрыг нь түрээсэлж байх хугацаанд гэрт нь байсан хувцас алга болсон гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Улмаар миний сэтгэл санааны байдлаас нөлөөлж зүрх судасны өвчин даамжирч дэлсэж даралт ихэссэний улмаас эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших тээврийн зардал болон эмчилгээний зардал нь 600,000 төгрөг болсон. Өмнөх байрны түрээсийн үлдэгдэл мөнгө болох 600,000 төгрөг дээр эмчилгээ, тээврийн зардлын 600,000 төгрөгийг нэмээд нийт 1,200,000 төгрөгийг хариуцагч Х.Цаас гаргуулж авмаар байна гэв.

Хариуцагч Х.Ц нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 2021 оны 08 дугаар сарын 07 өдөр байраа Б.От түрээслүүлсэн. Би Улаанбаатар хотод амьдардаг. Би дөрвөн хүүхэдтэй. Сүүлийн гурван жил Шарын гол суманд зуны амралтаараа хүрэлцэн ирж байгаа. Нөхөртэйгөө Шарын гол суманд хуучин байр худалдаж авч засвар хийж авсан. 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бид нар хичээл орох болсон тул Улаанбаатар хот руу явсан. Б.О надтай яриад надад байраа түрээслүүлээч гэж хэлэхэд нь би эгчтэйгээ зөвлөлдөж түрээслүүлэхээр болсон. Би эгч болох Х.Эт байраа, эд зүйлсээ хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Манай эгч Б.От байр хүлээлгэж өгөхдөө сайтар хэл гэж хэлсэн манай байранд манай гэр бүлийн хувцас, миний зарж байсан бараанууд шкаф дотор байсан бүх зүйлийг хүлээлгэж өгөхөд удалгүй асуудал үүсгэж эхэлсэн. Манай хажуу хөршүүдийг хөгжим тавилаа гэж цагдаад дуудлага өгч эхэлсэн. Байранд маань байсан хувцас, эд зүйлс байраа хүлээлгэж авахад дутааж үрэгдүүлсэн байсан. Б.О надад байрны түрээс гэж 1,000,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөнөөс 2 сарын түрээсийн төлбөр 200,000 төгрөг, мөн 200,000 төгрөг надаас авсан. Надад Б.От өгөх өглөг байхгүй. Энэ хүн байр түрээслэхээс өмнө эмнэлгээр явдаг байсан. Уудаг эмийнхээ мөнгөө надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, Г.Бын ХААН банк дахь 5047****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4, 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, эмчилгээний болон тээврийн зардалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 7-13 дахь тал/, Г.Бын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 35 дахь тал/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр ХААН банкны 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 5045/22/*** дугаартай 5434****** тоот данс нь Х.Цын данс мөн гэх албан бичиг /хавтаст хэргийн 52 дахь тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Ц, Х.Эт нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 600,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээнээс учирсан хохирол 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Цтай тохиролцож түүний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Төмөр замын ** дүгээр байрны ** тоот 1 өрөө орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 10 сарын хугацаатайгаар, сарын 100,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон, хариуцагч нь өөрийн өмлөлийн орон сууцыг эгч Х.Эээр дамжуулан хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцсэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн эд хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Б.О нь өөрийн хүү Г.Бын харилцах данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны лавлагаа, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээний харилцааг 2 сарын дараа дуусгавар болгосон үндэслэлээр 200,000 төгрөгийг буцаасан талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...Х.Цтай утсаар ярьж тохиролцон 1 өрөө байрыг нь 10 сарын хугацаагаар, сарын 100,000 төгрөгөөр хөлслөхөөр болж 1,000,000 төгрөг шилжүүлсэн, буцааж 200,000 төгрөг авсан, 2 сар амьдарсны төлбөр 200,000 төгрөг нийт 400,000 төгрөгийг хасаад үлдэх 600,000 төгрөгийг гаргуулах, мөн уг орон сууцнаас өөрийн эд зүйлсийг хулгайлсан гэж ойр орчны хүнд тараасаны улмаас эмнэлэгт ухаан алдаж унасан, эмчилгээ хийлгэсний төлбөр, Дархан-Шарын гол сум явсан зардал нийт 600\,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь бид утсаар ярьж тохиролцсон. Өөрийн төрсөн эгч Х.Эээр дамжуулж Б.От гэрт байсан зуны хөнжил, гудас, хүүхдийн хувцас, нөхрийн хувцас зэргийг хүлээлгэн өгч шкафанд хийж скочидсон. Энэ шкафанд хүрч болохгүй гэж сануулсан боловч ухаад зөндөө юм авсан байсан. Үүнд 1 бүтэн уут 00 цаас, нөхрийн гутал, миний ягаан пүүз, 2 охины борооны цув, трико, хувцас, ягаан хөнжил зэрэг 675,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч явсан. Энэ хүн байр түрээслэхээс өмнө эмнэлгээр явдаг байсан. Уудаг эмийнхээ мөнгөө надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд шилжүүлсэн боловч 2 сарын дараа байр хүйтэн гэсэн үндэслэлээр орон сууцны түлхүүрийг буцааж өгсөн, хариуцагч нь үлдэгдэл төлбөрөөс 200,000 төгрөгийг өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусгалгүйгээр гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Б.О нь дээрх хуулинд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байх ба гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хариуцагч буцаан өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь эгч Х.Эээр дамжуулан орон сууцанд байгаа эд хогшлыг хүлээлгэн өгсөн боловч уг эд зүйлсийг нэхэмжлэгч нь алга болгосон, өөрөө авч ашигласан гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, дээрх эд хогшлыг хэрхэн хүлээлцсэн талаар нотлогдохгүй байгаагаас гадна Б.Оийн буруугаас алга болсон гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Цтай байгуулсан гэрээнээс учирсан хохирол 600,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар шинжилгээний баримт, хот хооронд зорчих 76 ширхэг тасалбар, төмөр замын 1 ширхэг тасалбарыг тус тус ирүүлжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оийн шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулсан амбулаториор эмчлүүлэгсдийн картуудаар нэхэмжлэгч нь 2018 оноос зүрх судасны өвчний улмаас групп тогтоолгож, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хяналтад байдаг байдал тогтоогдож байх ба уг өвчний улмаас улирал тутам эмчид үзүүлдэг, эмнэлгээр явдаг талаар өөрөө шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан байдал тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч Б.Оийн эрүүл мэндэд хохирол учирсан, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ авсан гэх асуудалд хариуцагч буруутай болох нь тогтоогдохгүй тул хохирлыг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Х.Эийг хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Х.Э нь Дархан-Уул аймгийн харьяат гэсэн үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа татан оролцуулсан, гэрээний дагуу төлбөр гаргуулах, гэрээнээс учирсан хохирол гаргуулах шаардлагад хамааралгүй гэж хариуцагч Х.Эт холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлийг тодорхойлсон ба хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч Х.Э хамааралгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Цаас 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Эт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 600,000 төгрөгт тооцох улсын тэмдэгтийн хураамж болох 18,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНТУЯА