Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/264

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн А-д холбогдох эрүүгийн 2438002670252 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О  овгийн Н-ийн А , 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... дугаар баг ......... дугаар гудамж .......... тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ................ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.А нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Х-тай “...эгчийгээ аваад явмаар байна...” гэж маргалдсаны улмаас С.Х-ын эрүүл мэндэд ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438002670252  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Н.А нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Х-тай “...эгчийгээ аваад явмаар байна...” гэж маргалдсаны улмаас С.Х-ын эрүүл мэндэд ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь:

              1.Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үед би С, Ө, Ө-гийн 2,3 танихгүй найзуудтайгаа талбайн зүүн талын сааданд юм ярьцгаагаад сууж байтал “Эрдэнэс” баарны урд талд нэг ах А гэдэг зүс таних эгчийг хоргоогоод явуулахгүй байгаад байхаар нь бараг 10-15 минут болсны дараа тэр эгч явахгүй гээд байгаа юм биш үү гээд нэг найздаа хэлтэл андаа мань чадахгүй гэсэн. Тэгэхээр би өөрөө очоод тэр танихгүй ахад би эгчийгээ аваад явлаа, явахгүй гээд байгаа юм биш үү гэж хэлтэл нөгөө ах яахаараа чиний эгч болчихдог юм гэж хэлээд хоёр гараараа миний цээж рүү түлхсэн. Тэгээд найзууд дээрээ очоод тэр эгчийг угаасаа явуулахгүй байна, хэдүүлээ очоод тэр эгчийг явуулъя гээд бөөнөөрөө очсон. Нөгөө ах найзуудтайгаа 4, 5 хүн байсан. Нөгөө эгчийг зулгаагаад явуулахгүй байхаар нь хоёр тийш нь салгатал нөгөө эгч явсан. Тэгсэн чинь нөгөө залуучууд нь бид нар луу уурлаад бараг зодох гээд намайг тэр хохирогч гэх залуу нь заамдаад авсан байсан бөгөөд бид хоёр бие биенээ хоёр хоёр удаа цохиж аваад хоёр тийшээ салсан. Тэгээд л байж байтал миний хажуугаас чулуу орж ирээд нөгөө ахын нүүр лүү цохисон. Тэгтэл цагдаагийн машин ирэнгүүт нь би зугтаагаад удалгүй цагдаад баригдсан. Би тэр чулууг хэн шидсэн талаар огт мэдэхгүй байгаа. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 65-66-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

2.Хохирогч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний орой 00:00 цагийн үед Мөрөн суманд гэртээ байж байтал манай найз Б над руу залгаад “Эрдэнэс” бааранд байна хүрээд ирээч хөгшөөн гэхээр нь би явж очиход манай сумын таньдаг залуучууд болох Б, А, Б, Б, Х нар байсан. Би тэд нартай нийлж сууж нэг шил 0.75 литр архи хувааж уусан. Тэгээд баар хаагаад гараад гадаа үүдэнд нь тамхи татаад зогсож байтал нэг шивээстэй залуу бид нар дээр гүйж ирээд эгчийгээ аваад явмаар байна гэхээр нь бид нарт хамаагүй, энэ хүмүүс бид нартай хамт яваа хүмүүс биш гээд хажуухан талд байсан залуучуудыг хамаагүй гэдгийг нь хэлсэн. Тэгсэн чинь тэр шивээстэй залуу буцаад саад руу гүйж орчихоод буцаж гарч ирэхдээ хэдэн залуучуудтай хамт гарч ирсэн. Тэгээд хүрч ирээд шууд намайг зүүн нүдний доод талд нэг цохиод авсан. Тэгтэл бид хоёрын дундуур нэг залуу боль гээд салгах гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө шивээстэй залууг чи зүгээр байж байхад яаж байгаа юм гээд нөгөө залууг нүүр хэсэгт нь нэг цохьсон. Тэгээд салцгаагаад бид нар цаашаа явж байтал араас нөгөө залуучууд алаад өгье энэ тэр гэсэн юм яриад хүрээд ирсэн. Тэгээд тэнд бөөн бужигнаан болоод барилцаж аваад би дундуур нь салгах гээд гүйж байсан. Тэр үед яг Цагдаагийн алаг машин ч ирж таарч байсан юм. Тэгсэн чинь нөгөө шивээстэй залуу л байх шиг байсан бид нартай хамт явсан Хуягаатай барилцаад авсан байхаар нь би салгах гээд дундуур оронгуут тасхийгээд миний зүүн хөмсөг хэсэгт цохьчихсон. Хөмсөг задарсан байдлаас харахад чулуу юмуу хатуу юмаар л цохьсон байсан. Гараар цохиход бол тэгж язрахгүй байхаа. Тэгээд тэр залуу шууд хавчиг /нарийн гудамж/-аар гүйгээд зулгаасан. Тэр залуугийн араас хоёр цагдаа гүйгээд хавчигаар орсон. Тэгээд зугтааж гүйсэн хоёр залууг бариад надтай хамт цагдаагийн газарт хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 103-104-р хуудас)

3.Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би нэгдсэн эргүүлтэй байсан тул Мөрөн сумын 8 дугаар багт цагдаагийн ахлагч А.Б-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 01 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багийн “Эрдэнэс” баарны ойр орчимд хүмүүс маргалдаад байгаа бололтой чимээ гарахаар нь “Эрдэнэс” баарны баруун урд буланд байсан хүмүүс дээр очиж шалгахад хэдэн согтуу залуучууд маргалдаж байсан. Тэгтэл нэг дээлтэй залууг нэг залуу чулуугаар цохиод зугтаад хавчиг гудмаар ороод гүйсэн. Тэр залуугийн араас дагаад нэг залуу араас нь гүйсэн.

Тэр үед нь А.Б бид хоёр хойноос нь гүйгээд би эхэнд гүйж байсан залуугийн барьж аваад Б-т хүлээлгэж өгөөд цаад талд явсан залууг хавчиг гартал хөөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн урд талд барьж авсан. Тэгээд тэнд байсан толгой руугаа цохиулсан гэх дээлтэй залууг нөгөө хоёр баригдсан залуучуудын хамт Цагдаагийн газарт хүргэж ирсэн. Тэр хоёр залуугийн түрүүлж гүйсэн нь тэр дээлтэй хүнийг цохиж харагдсан. Тэр залуу хүзүү, хоолой, гарандаа шивээстэй залуу байсан. Ингээд жижүүрийн мөрдөгчид тухайн хүмүүсийг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

4. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 15-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Мөрөн сумын 8-р багт байрлах “Эрдэнэс” баарны ойр орчимд цагдаа зохицуулагч О-ийн  хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал хүмүүс маргалдаад байгаа болтой чимээ гарахаар нь “Эрдэнэс” баарны баруун урд буланд байсан хүмүүс дээр очиж шалгахад хэдэн согтуу залуучууд маргалдаж байсан. Тэгтэл нэг дээлтэй залуу нэг залууг чулуугаар цохиод зугтаад хавчиг гудмаар ороод гүйсэн. Тэр залуугиин араас бас нэг залуу дагаад гүйсэн. Тэр үед О  бид хоёр хойноос нь гүйж хөөсөн.

О эхний залууг барьж авч надад өгөөд цаад талд нь явсан залууг хавчиг гартал хөөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн урд талд барьж авсан. Тэгээд тэнд байсан толгой руугаа цохиулсан гэх дээлтэй залууг нөгөө хоёр баригдсан залуучуудын хамт цагдаагийн газарт хүргэж ирсэн. Тэр хоёр залуугийн түрүүлж гүйсэн нь л тэр дээлтэй хүнийг цохиж харагдсан. Тэр залуу хүзүү хоолой, гарандаа шивээстэй залуу байсан. Цагдаагийн газарт хүргэж ирээд харахад дээлтэй залуугийн зүүн хөмсөг хэсэгт язарсан шарх үүссэн, цус нь гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

5.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай: “...С.Х-ын биед ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  С.Х-ын биед үүссэн хугарал, шарх нь тус тусдаа, бусад гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/,

6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6,7-р тал/,

7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 12-р тал/,

8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Н.А-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/80 дугаартай тогтоолын хуулбар болон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 80-95-р тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Х-тай “...эгчийгээ аваад явмаар байна...” гэж маргалдсаны улмаас С.Х-ын эрүүл мэндэд ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн №333 дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна...гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.А нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Хүрэлбаатар, гэрч  Г.О,  гэрч А.БаасанБ , Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.А нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Х-тай “...эгчийгээ аваад явмаар байна...” гэж маргалдсаны улмаас С.Х-ын эрүүл мэндэд ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогджээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.А-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.А-ийн хохирогч С.Х-ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь хохирогч  С.Х-ын эрүүл мэндэд ухархайн хана, хамар ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зулгаралт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Н.А-ийн үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.

Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогч С.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг нэхэмжилж байх боловч баримтыг ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.А-өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Түвшинтөгсийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 136,716 төгрөгийг шүүгдэгч Н.А-өөс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.А нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 136,716 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Н.А-өөс 136,716 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч Н.Ариунтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

        Шүүгдэгч Н.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах саналтай” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдав.  

Мөн хавтаст хэргийн 80-82-р тал, 86-95-р талд авагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сум ...... дугаар баг ............ тоотод оршин суудаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн/ зэргээс гадна шүүгдэгч Н.А нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүйг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч  Н.А-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.А-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

        Хэрэгт шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч О  овгийн Н-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн А ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.А-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 3 / гурав/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.А-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.А-өөс хохирогч С.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Н.А-өөс  136,716 төгрөгийг /нэг зуун гучин зургаан мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын дансанд олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ