Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/265

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга

   Улсын яллагч Ц.Цэен-Ойдов

   Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г-ийн О-д холбогдох эрүүгийн 2538000320297  дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овгийн Г-ийн О , 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ................ ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сумын .....-р баг ................. тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж шийдвэрлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О-г зодож зүүн нүдний салтад цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О-г зодож зүүн нүдний салтад цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, хохирогч П.О-ийн мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-р тал/, Аюулын зэргийн үнэлгээний маягт, (хх-ийн 14-15-р тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч П.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед "...надад ямар нэгэн гомдол санал байхгүй сэтгэл зүйд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/ өгсөн учир шүүгдэгч Г.О нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч П.О-д  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тус хэлтсийн дарга Ж.Түвшинтөгсийг тогтоосон, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсийн гаргасан нэхэмжлэл /хх-ийн 42-46, 48-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Г.О нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 284,912 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 284,912 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн 2538000320297  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овгийн Г-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн О-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.О-ээс 284,912 /хоёр зуун наян дөрвөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6.Эрүүгийн 2538000320297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ