| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/266 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2538001320197 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Б-ийн Б, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ............... сумын .............. дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ................. сумын ............... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Х-ыг зодож дух, зүүн хацар, дээд уруул, баруун шилбэнд зулгаралт, хоёр бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний ганхалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2538001320197 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Х-ыг зодож дух, зүүн хацар, дээд уруул, баруун шилбэнд зулгаралт, хоёр бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний ганхалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь:
1.Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би эхнэр, хүүхэд, машины эзэн болох Н нарын хамт 03 дугаар сарын 09-ны өдрийн оройн 21 цагийн үед Ренчинлхүмбэ сумаас Цагааннуур сумын ................ дугаар багт амьдардаг төрсөн ах болох Б.Б-д цайлахаар очсон. Гэрт нь ортол манай ах байгаагүй. Харин ахын эхнэр болох Х байсан. Тэгээд хоол унд идээд 2, 3 шил архийг манай бэр эгч, эхнэр Н шил архинаас уусан. Түүний дараагаар би бэр эгч болох Х-тай хэрэлдэж, маргалдаж эхэлсэн. Би тэгээд явлаа гээд гэрээс нь гарах гэтэл миний хувцаснаас зулгаагаад гаргахгүй, явуулахгүй гэж байгаад миний хамар луу цохиод мөн нүүр маажихаар нь хүүхдээ аваад гарах гэтэл бас араас ирээд хувцаснаас зулгаахаар эргэж хараад миний мэдэхээр 2 удаа нүүр хэсэг рүү нь гараараа алгадаад газарт унагаасан. Би ч бас зуух руу унаад дээлээ түлээд өнгөрсөн. Тухайн үед Х болон 2 хүүхэд хамт байсан. Манай эхнэр, хүүхэд Н эгч нар гадаа байсан. Би гэрээс нь гараад явах гэтэл машинд суулгахгүй хэрүүл хийгээд хувцаснаас зулгаагаад байхаар нь машин тойрч байгаад машиндаа суусан. Тэр үед Х эгч нилээн согтуу байсан. Өөрөө бас газар луу унаад надтай зууралдаад байсан. Харин Х эгчийн ээж ирэхээр нь бид нар машинтайгаа хөдлөөд явсан. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 56-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү Б над руу утсаар залгаад эхнэр хүүхэдтэйгээ Ренчинлхүмбэ сумаас Цагаан нуурт танайд очиж цайлах гээд гарч байна шүү гэж ярихаар нь би хоол унд бэлдээд ширээ засаад Б г эхнэр хүүхэдтэйгээ ирэхдээ өөрийн машин байхгүй хүний машинтай ирсэн юм, машин барьж ирсэн хүнийг Г гэж дууддаг эхнэрийг нь Н гэдэг тэр хоёр манайд Б-н гэр бүлтэй нь хамт цайлсан, гэхдээ Г гэдэг хүн машин барьж яваа болохоор архи уухгүй, зөөлөн юм байвал ууя гэхээр нь нэг шил 1.5 литрийн сэрүүн нэртэй пиво гаргаж өгөхөд бүгдээрээ тойруулж ууж, сууж байхад Г гэдэг хүн унтаад өгөхөөр нь Б бид нар архи хувааж ууж суугаад Б танай малыг манай аав, ээж хардаг. Тэгэхэд хөлс, шан өгдөггүй, та манай ээжийг хулгайч гэж ярьсан байна лээ. Мөн таны үерхэж байсан М гэх залуу надтай хоёр удаа ч намайг дээрэлхэж даралталсан юм чинь, миний ах сумаасаа хол байдаг юм чинь М гэх залуу чинь дарамталж байгаа биш үү гэж хэлэд миний бэлгэ болгож өгсөн бэлэгнүүдийг урдаас шидэж дээлээ өмсөж босож ирээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилоод байхаар нь урдаас нь босож ирээд нүүр рүү нь алгадаад авсан чинь манайд сууж байсан Г гэдэг хүн эхнэртэйгээ гараад явсан. Ард Б намайг миний нүүр рүү зөрүүлж цохих үед нь би ухаан алдсан. Нэг сэрэхэд хүн татаад байх шиг болохоор нь харахад Б-н эхнэр Туул намайг сэргээх гээд татаж сэгсэрсэн зогсож байсан. Би сэргээд босоод ирэхэд нүүр цус болсон байхаар нь хойморын авдар дээрээс утсаа аваад би ээж рүүгээ залгаад ирээч та гэхэд Б араас хэнтэйгээ яриад байна чи гээд нуруу, гар, шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхэд Б-н эхнэр нөхрийгөө явья гэхэд нь Б унтаж байсан хүүхдээ шүүрч аваад гарах гэж явахад нь би араас нь татаад энэ цус болгосон газраа цэвэрлээд яв гэхэд Б намайг өшиглөх гэж байгаад хий өшиглөхдөө зуухыг бүтэн иргэтэл нь өшиглөсөн, тэр үед манай ээж орж ирээд бид нарыг тараасан.
...Б манай гэрийн эд зүйлийг устгаж эвдээгүй болохоор эд зүйлийн үнэлгээ тогтоолгох шаардлагагүй, надад ямар нэгэн сэтгэл санааны хохирол учраагүй тул шинжээч томилуулахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15, 37-р хуудас)
3.Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид дөрөв нэг шил архи, нэг том пиво хувааж уугаад юм яриад сууж байснаа Б, Х хоёр хоорондоо үг хаялцаад ам муруйж эхэлсэн. Тэр хоёр өмнө бас үл ойлголцолтой байсан хүмүүс байгаа юм. Тэрийгээ хоорондоо ярьж байснаа Х эгч босч ирээд Б-г нүүр рүү алгадаад авахад Б-н хамарнаас цус гарахаар нь хэрэг биш боллоо гээд Б-н хамрын цусыг тогтоогоод охиноо хувцаслаж бай явья гээд би бие засахаар гарсан.
Би буцаад ороод ирэхэд манай жолооч эхнэртэйгээ машиндаа ороод суусан.
Гэрт Х , Б хоёр хоорондоо зууралдаад Х эгч Б-г маажаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас)
4.Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Манай зээ охин Ц залгаад Б ах Х эгчийг цохиж хаяад явах гэж байна. Та ирээч гэхээр нь би хувцасаа өмсөөд Б-д орох гэж явахад гэрийн гадаа Б, Х ыг хоолойн тус газар багалзуурдсан зогсож байхаар нь очиж болиулаад тэр хоёрын дундуур ороход Б миний мөрөн дээгүүр гар нь хажуу талаар хөл нь гарч ирээд охин Х-ыг зодоод байхаар нь би хамт ирсэн Н, Г, хоёрын машин дээр гүйж очиж хоёр хүн зодолдож байна гээд орилоход Б , Х хоёрыг салгаад Б-г машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас)
5.Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би нөхрөө сэрээгээд машинаа асаа одоо явъя гээд нөхрөө аваад гэрээс гарахад гаднаас Т орж ирэхээр нь Б, Х хоёр хоорондоо маргалдаад байна, одоо явъя гэж Туулд хэлчихээд машиндаа орж суусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас)
6.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай: “...Д.Х-ын биед дух, зүүн хацар, дээд уруул, баруун шилбэнд зулгаралт, хоёр бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 26-р хуудас)
7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас)
8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-66-р хуудас) зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн ...............сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Х-ыг зодож дух, зүүн хацар, дээд уруул, баруун шилбэнд зулгаралт, хоёр бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний ганхалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн №148 дугаартай дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Х-ыг зодож дух, зүүн хацар, дээд уруул, баруун шилбэнд зулгаралт, хоёр бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний ганхалт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Т, Б.Д, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Х ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б-н үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Тодруулбал шүүгдэгч Б.Б-н үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Х ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-н үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдож байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б г энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Х-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Иймээс шүүгдэгч Б.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ургийн овгийн Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ