| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1811019590960 |
| Дугаар | 2021/ДШМ/589 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/589
2021 6 8 2021/ДШМ/589
Б.Цт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
хохирогч Б.Д-Оын өмгөөлөгч К.Манлай,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ч.Энхжин,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Цт холбогдох эрүүгийн 1811 01959 0960 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д Б овогт Бийн Ц, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ....................... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ......................... дүүргийн .... дүгээр хороо, .................. тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:.........................../;
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-360 тоотод байрлах малын гаралтай дайвар, мах махан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулахад иргэн Б.Д-Оын хадгалуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 2111 кг үхрийн мах, 704 кг хонины мах, 5516 кг ямааны мах нийт 8331 кг малын махыг завшиж бусдад нийт 45.033.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д Б овогт Бгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Цоос 36.033.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-От олгож, шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
/махны үнэ гэх утга бүхий/ Б.Д-Оын хадгалуулсан махыг худалдан борлуулсан байна гэж үзэх нь үндэслэлгүй. Учир нь Б.Ц нь олон жилийн турш махны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ нь түүний хариуцаж байсан дэлгүүр, компанийн бичиг баримтаар нотлогддог. Хохирогч Б.Д-Оын хадгалуулсан махыг тохирсон хугацааны турш өөрийн зоориндоо хадгалж байгаад түүнтэй ярилцаж тохиролцсоны дагуу худалдан борлуулж эхэлсэн. Харилцан тохиролцон, мах худалдаж аваач, зараад өгөөч гэсэн тохиролцоо байсан нь хохирогчийн мэдүүлгээс ч харагддаг. Б.Ц нь махыг худалдан борлуулж орж ирсэн төлбөрөөсөө Б.Д-О руу шилжүүлж байсан. Зарим мах нь үнэр орж муудаж эхэлсэн тул зээлээр худалдаж, хүмүүсээс мөнгөө авч чадалгүй байсаар өдийг хүрсэн.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан байдаг. Гэтэл Б.Ц болон Б.Д-О нарын хооронд төлбөр тооцооны талаар тохирсон /26.808.000 төгрөг төлөх үлдэгдэл төлбөртэй/ байхад үндэслэлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжээч нь үндэслэлгүйгээр өндөр дүнтэй дүгнэлт гаргасан. Учир нь, Б.Ц болон Б.Д-О нар тухайн үеийн зах зээлийн ханшаар, бөөний үнээр тохирсон байсан. Б.Ц нь хорих ялыг биечлэн эдэлснээр хохирогчийн хохирол төлбөрийг ч төлөх боломжгүй болж байна. Б.Ц нь махны үлдэгдэл төлбөрөөс тодорхой төлбөрийг төлсөн үлдэгдэл төлбөрөө ч төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч мэдүүлдэг. Иймд Б.Цт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дансны гүйлгээгээр махны мөнгө завшсан гэж тогтоосон. Уг дансаар зөвхөн Б.Д-Оын махны мөнгө орж гараагүй. Би 27 наснаасаа эхлэн мах болон арьс, ширний бизнес эхлүүлсэн. 20 жил гаруй хугацаанд амжилттайгаар бизнес эрхэлж 100 хувийн хөрөнгө оруулттай компани үүсгэн байгуулсан. Татварын байгууллагаас олон удаа шагнал урамшуулал авч байсан. Хариуцлага алдсан зүйл байгаа. Хэргийг үнэн, зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.Д-Оын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангасан. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийг зөв дүгнэсэн, тохирсон хариуцлага оногдуулсан. Хохирогч хохирол төлбөр аваагүй. Шүүгдэгч гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, хохирогч нар нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8.331 килограмм малын махыг сарын 500.000 төгрөгийн төлбөртэйгөөр зооринд хадгалуулахаар тохиролцоод, мах хадгалуулсан байдаг. Харин уг махыг зарж, борлуулах талаар тохиролцоогүй. Шүүгдэгч нь хохирогчийн хадгалуулсан махыг бусдад зарж, борлуулж завшсан болох нь хэрэгт авагдсан гэрч Х, Б, Ж нарын мэдүүлэг, мөн шүүгдэгчийн дансны хуулгаар хангалттай нотлогддог. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хадгалуулсан махыг хүнд зарсан, Өмнөговь, Дорнод, Дорноговь аймаг руу явуулсан гэж мэдүүлдэг. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэж өгсөн махнаас 2018 оны 4 дүгээр сард үхрийн махыг Х, Б гэх хүмүүст зарсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогч нь махыг зарж борлуулах зөвшөөрөл өгөөгүй гэдгээ мэдүүлсэн. Иймд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирлыг төлж барагдуулаагүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-360 тоотод байрлах малын гаралтай дайвар, мах махан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий агуулахад иргэн Б.Д-Оын хадгалуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн 2111 кг үхрийн мах, 704 кг хонины мах, 5516 кг ямааны мах нийт 8331 кг малын махыг завшиж бусдад нийт 45.033.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Д-Оын “...Би Завхан аймгийн Баянтэс суманд хувиараа 6 нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд би сумандаа банкнаас 30 сая төгрөгийн зээл аваад мал амьдаар нь худалдаж авч нядлаад дараа жилийн хавар зарж ашиг олохоор шийдсэн юм. Ингээд 2017 оны намар нутагтаа хонь, ямаа, үхэр худалдаж аваад 2017 оны 11 сардаа нядлаад өвөлдөө нутагтаа хадгалаад 2018 оны 3 сарын үеэр дулаан орох үеэр махаа Улаанбаатар хотод зөөж авчраад зарахад арай эртдээд байсан учир 2018 оны 4 сар хүртэл махаа хадгалах зоорь хайсан. Тэгээд интернетээр 99569124 гэсэн дугаар зооринд мах хадгалуулна гэсэн зар олоод утсаар холбогдож асуусан ба 10 тонн орчим мах багтах уу? гэж асуухад багтана гэж хэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гээд хаяг зааж өгсөн. Би 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр махаа өөрийнхөө 36-53 ЗАН улсын дугаартай “Хьюндай Траго” загварын ачааны машинаар ачиж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХБ-360 тоот гаднаа “Мөнхийн оч” гээд дэлгүүртэй хашаанд очсон ба хашаанд байгаа зоорины эзэнЦ гэж эмэгтэй миний махыг зоориндоо хийхдээ нэг бүрийг нь жинлэн үзэж зоориндоо хийсэн ба тухайн үед ямааны мах 302 гулууз буюу 5516 кг, хонины мах 35 ширхэг гулууз буюу 704 кг, үхрийн мах хаа гуя ууц гэх мэтчилэн 39 ширхэг ястай мах нийт 2112 кг нийт 8332 кг мах байсан. Тэгээд махны жин тооцоогоо тулгаад 2 талаас гарын үсэг зурцгаасан. Би 1 тонн махыг өдрийн 3.000 төгрөгөөр хадгалуулахаар тохирсон ба миний мах 1 сар хадгалуулахад 700.000 төгрөг болж байсан ба би эхлээд урьдчилгаа 200.000 төгрөгийг дансаар, дараа нь махаа хадгалуулдаг өдрөө 300.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн ба үлдэгдэл 200.000 төгрөгийг махаа авахдаа өгнө гэсэн. Ингээд би 8332 кг махыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хадгалуулсан... Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр махаа авах гээд зоорин дээр нь ирсэн чиньЦ гэртээ байгаагүй ба утас руу нь залгасан чинь хөдөө ноолуур авч явна гэж байсан. Тэгээд намайг очтол хүлээж бай гэсэн юм. Тэгээд би буцаж Баянтэс рүү явчихаад 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод ирээд махаа авах гээд зооринд очиж уулзсан чиньЦ гэж эмэгтэй үхрийн махыг чинь 6.000 төгрөгөөр, хонины махыг чинь 4.000 төгрөгөөр, ямааны махыг чинь 3.500 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрсөн ба 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мөнгийг нь өгье гэсэн бөгөөд тэр өдөртөө мөнгөө өг гээд зоорин дээр нь очиход үхрийн махыг нь зарчихсан байсан ба үхрийн чинь махны мөнгийг өнөөдөр өгнө маргааш өгнө л гээд байсан. Тэгээд мөнгөө өгөхийг нь хүлээгээд байсан ба сүүлд 2018 оны 6 сарын сүүлээр очиж үзэхэд ямааны мах хонины махнууд зараагүй байсан ба жаахан муудах маяг орчихсон байсан ба зориулалтын газар хадгалуулж байхад муутгачихсан байхаар нь би мөнгөө авна гээд л гарсан...”, “...би 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр найз Батбаяртай цуг Б.Цын хашаанд ирж уулзсан чинь чиний бүх махыг чинь өндөр үнээр авъя гээд унасан бөгөөд надад миний махыг харуулахгүй байсан юм. Тэгээд бүх махаа зарахаар тохиролцсон бөгөөд би та миний махыг түрүүлж зарж болохгүй шүү, миний мөнгийг өгсөн цагтаа махаа аваарай, байлгаж байгаарай гэж хэлсэн юм...”, “...Ц гэх эмэгтэйтэй холбогдож 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уулзаж зооринд нь 1 сарын хугацаатай хонь, үхэр, ямааны махаа хадгалуулах болоод зоорь луу нь махаа зөөж байхад зооринд нь ууттай хонь, ямааны цувдай, адууны умс байгаа юмаа гээд байсан, өөр ямар ч малын мах байгаагүй ээ... хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үхэр-2111, хонь-704, ямаа-5516 гэж бичигдэн үнэлснийг хүлээн зөвшөөрч байна...Ц миний Хаан банкны 5496040134 дугаартай данс руу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 8 сая төгрөгийг дансаар дамжуулан өгсөн байгаа, өөр мөнгө өгсөн зүйл байхгүй ээ...” /хх 9-10, 80, 2 хх 13/,
гэрч Д.Ба-ын “...2018 оны 3 дугаар сарын 24-нд байхаа манай найз Д-О над руу залгаад хөдөөнөөс мах ачиж орж ирж байна махаа зооринд хийх гэсэн юм туслаач гэхээр нь 10 буудлаас тосож аваад машиныг нь дагаж яваад зурагтад байх нэг айлын хашаанд ирсэн. Тэнд тэр айл хашаандаа 100 тонн махны хөлдөөгчтэй гэсэн бөгөөд тэнд махаа хадгалуулахаар болсон гээд тэнд махаа зөөж хийсэн юм. Тэгэхэд би дансыг нь хөтөлж байсан бөгөөд нөгөө талаас тэрЦ гэдэг эмэгтэйн нөхөр нь данс хөтөлсөн. Тэгээд ямар ч байсан хонь, ямаа, үхэр нийлсэн нийт 8 тонн гаруй мах байсан. Би яг тодорхой жинг нь одоо санахгүй байна. Тэгээд хоёр талаас махны жин нь таарч тэр хоёр хадгалуулахаар тохироод миний санаж байгаагаар нэг сарын хугацаатай 700.000 төгрөгөөр тохирсон шиг санагдаж байна. Тэгээд хэзээ ч билээ Д-О ирээд цуг очиж уулзахад тэрЦ гэх эмэгтэй би махыг чинь худалдаж авъя гэж ярьж байсан бөгөөд тэр тохироод байх шиг байсан би нарийн юмыг нь мэдээгүй. Тэгээд манайх нэг мөнгө хөөцөлдөж байгаа мөнгө бүтэх юм бол бүх махыг чинь авчихсан ч болно гэж хэлж байсан шиг санагдаж байна. Тухайн үед Д-О юу гэж байсан бэ? гэхээр та тэгвэл миний үхрийн махны мөнгө өг би үхрийн махныхаа мөнгийг авснаас хойш махаа заръя гэсэн...”, “...Тухайн өдөр би Д-Оын махыг үзэхээр очоод одоо зоорины түрээсийн хугацаа дуусаж байна. Иймээс хадгалуулсан махаа үзэж хараад заръя гэхэдЦ гэх эмэгтэй зооринд байсан махыг үзүүлэлгүй та хоёртой ярих юм байна гээд бид хоёрыг гэртээ дагуулж ороод нэг шил архи задлаад хоол цай хийж өгөөд сууж байталЦ гэх эмэгтэй таны махыг би худалдаж авъя, Азийн хөгжлийн сангаас зээл хөөцөлдөж байгаа уг зээл маань 5 өдөрт бүтнэ гэж байсан. Би бодохдоо нэг хоёр өдөр хүлээгээд л мөнгөө авах юм байна гэж бодож байсан. Ингээд махааЦ гэх хүүхэнд зарахаар болоод гэрээс нь гараад Д-О махаа хадгалуулсан зоорь руу алхах үед Ц гэх эмэгтэй Д-Оыг татаад зүгээрээ, харах шаардлагагүй, найдвартай сайхан хадгалсан байгаа гэж хэлж байсан. Ингээд бид хоёр явсан тэгээд 5 дахь өдөр болж мөнгөө нэхэхэд зээл бүтсэнгүй, нэг дэх өдрөөс больё гэж хэлсэн. Ингээд энэ мэтээр өдөр хоног хойшлуулсаар байгаад миний санаж байгаагаар 15,16 хоногийн дараа ерөөсөө махаа үзье гээд Д-Оын хамт очих үед үхрийн мах тэр чигтээ байхгүй. Бог малын мах нь бас хэмжээ нь багассан харагдсан. Тэгээд үүнийгээ тэртээ тэргүй та хоёроос махыг чинь авах гэж байгаа юм чинь, гайгүй шахаа орж ирэхээр нь махыг нь зарчихсан гэж хэлсэн. Ингээд үхрийн махны мөнгөө авъя гэхэд зээлээр өгсөн гэж хэлсэн. Тухайн үед Д-О мөнгө өгч байж дараагийн махаа зар гэхэд ярьснаараа бүх махаа авна гэж хэлж байсан. Тэгээд дараа нь мөнгөө өгөхгүй байна гэж ярьж байсан. Хэсэг хугацааны дараа зооринд очих үед бага малын махыг нь шилээд зарчихсан. Үлдсэн хэдэн махыг нь тараагаад дээгүүр нь гишгээд бохирдуулсан байснаас гадна хөлдөөгч нь ажиллаагүй бололтой гэсээд хадгалалтын горим алдагдсан байсан...” /хх 13-14, 148/,
гэрч Б.Бя-ийн “...99121314 дугаарыг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл зөвхөн өөрөө ашиглаж, эзэмшиж байгаа... миний нэр дээр бүртгэлтэй дугаар байгаа... хүнээс их хэмжээгээр мах худалдаж авсан зүйл байхгүй. Би Ц гэх хүнийг танихгүй...” /хх 172/,
гэрч Ж.Эр-гийн “...би эхнэрийн хамт 1999 оны сүүл үе 2000 оноос хойш “Наран туул-1” худалдааны төв, “Баялаг-Ундраа” худалдааны төвд махны жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа бөгөөд эхнэр бид хоёр хүнээс их хэмжээгээр буюу 2112 кг буюу бараг 2 тонн шахуу үхрийн махыг худалдаж авсан зүйл байхгүй ээ, бид хоёр ихдээ өглөө 1 үхрийн мах, одоо бол бараг 1 өдөр өнжөөд мах авна...Ц гэдэг хүнийг ч танихгүй юм байна...” /хх 174/,
гэрч А.Цэ-ийн “...”Юнител” ХХК-иас 88179712 дугаарыг өөрийнхөө нэр дээр авч ашиглаж байсан, яг хэзээ авсан талаар бол санахгүй байна... би энэ дугаарыг 2013 оноос хойш огт бариагүй бөгөөд нэгж хийх болгонд хугацаа нь сунгагдсаар байгаад 2020 он гартал болчихсон байсан... миний нэр дээр бүртгэлтэй байсан болохоор миний зөвшөөрлөөр л сим сэргээгдэх байх гэж ойлгож байна, миний дугаарыг өөр хүн ашиглаж байгаагүй... Б.Ц гэх хүн манай нөхөр Эрдэнээ болон надад үхрийн мах зарсан гэж байгаа бол энэ хүнтэй нүүрэлдмээр байна...” /хх 176/,
гэрч Д.Ги-ийн “...Би Ги-ийн Го-ийн төрсөн аав нь байгаа юм... 95509588 дугаарыг 2018 оноос 2019 оны хооронд ямар хүн ашиглаж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай хүү утастайгаа хаяснаас хойш огт ашиглаагүй. 2019 оны сүүлээр шинэ он гарахын өмнөхөн утсаа гээгдүүлсэн юм... би урьд өмнө нь хэн нэгэн хүнд хонь, ямааны мах худалдаж байсан тохиолдол байхгүй. Батаа болон Б.Ц гэх хүмүүсийг танихгүй...” /хх 179-181/,
гэрч Д.Бын “...Хаан банкны 5022987517 дугаартай данс миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг 2011 оноос хойш ашиглаж байгаа. Би 2017-2019 оны хооронд “Хүчит шонхор” зах дээр махны наймаа хийж байсан. Тэр үед он сарыг нь санахгүй байна тэгэхдээ ямар ч л байсан хавар байсан. Тухайн үед махны лангуун дээгүүр 1 махлагдуу биетэй, 50 орчим насны эмэгтэй үхэр, хонь, ямааны мах авах уу гээд явж байхад нь би тэр эмэгтэйтэй уулзаад 2 үхрийн махыг авахаар болоод тэр эмэгтэйг дагаад явахад “Хүчит шонхор” захын баруун тал руу 3-4 км зайтай яваад нэг хашаа руу орсон, уг хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талдаа мах хадгалах зоорьтой, байшин нь хашааныхаа урд байрлалтай хашаа руу орсон, тэгээд зоорийг онгойлгож үхрийн мах авахад зоорин дотор маш их хэмжээний хонь, үхэр, ямааны мах овоолоостой харагдаж байсан, мөн гэдэс цувдай янзалж цэвэрлээд хайрцаг, саванд хийсэн байсан... тухайн үед 2 үхрийн мах хэдэн кг болсон, 1 кг нь хэдэн төгрөгөөр бодож авснаа санахгүй байна, ямар ч л байсан 2 үхрийн мах авахад 2.300.000 төгрөг болсон тул мөнгийг нь данс руу нь шилжүүлж өгч байсан, дахиад тэр эмэгтэйтэй уулзаагүй. Миний хувьдЦ гэх эмэгтэйг огт танихгүй ээ...” /2 хх 16/,
гэрч Д.Хын “...Хаан банкны 5029756060 дугаартай данс нь миний эзэмшлийн данс бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа. Би БаасангийнЦ гэх хүнийг танихгүй бөгөөд “Хүчит шонхор” зах дээр 2016 оноос хойш махны наймаа хийж байгаа... 2018 оны 3 билүү 4 дүгээр сарын үед “Хүчит шонхор” зах дээр 2 эрэгтэй хүн зооринд мах байгаа авах уу гээд явж байхад би өөрөө очиж үзье гээд тэрэгчин залуугийн хамт Баянхошуу руу явдаг зам дагуу байх хашаанд очиход хашаандаа 1 зоорьтой үүдэндээ байхаа байшинтай байсан. Тэгээд зоорь луу нь ороход бараг тааз хүртлээ овоолчихсон махтай байсан. Дотор нь хонь, үхэр, ямааны мах байсан мөн гэдэс, цувдай бас харагдаж байсан тэгээд шилж байгаад гайгүй гэсэн 2 тонн үхрийн махнаас авч байсан... Тухайн үед бүдүүн шар авгай байсан...” /2 хх 17-18/,
гэрч С.Жгийн “...Ганчимэг гэх хүнийг танина. Түүхий эд худалдан авдаг ченж юм... 2018 оны 6 дугаар сард би махны ченж хийж байх үе Улаанбаатар хотод очоод ямааны мах худалдаж авахаар болсон. Гэхдээ мах худалдаж авсан хүнээ би танихгүй ээ. Надад Норов гэх хүн зуучилж өгсөн. Тухайн үед Норов гэх хүнтэй хамт нэг эмэгтэй байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Ямартай ч Норовтой харьцаж байгаад ямааны мах худалдаж авсан. Мөнгийг нь Ганчимэг гэх хүнээс зээлж аваад зээлсэн мөнгөө Ганчимэгийн дансаар Норовын надад өгсөн данс руу Ганчимэгээр шилжүүлсэн...” /2 хх 22-23/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мах хүлээлцсэн гараар бичсэн бүртгэл /хх 4-6/,
“Хаан” банкны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 29/8166 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 39-61/,
“Хаан” банкны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 29/6628 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 96, 100-122/,
дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 246/,
“Хаан” банкны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 50/10318 дугаартай албан бичиг /2 хх 15/,
“Дамно” ХХК-ийн ЧД2-20-628, ЧД2-20-336 дугаартай дүгнэлтүүд /2 хх 27-31/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ч.Энхжин “...Б.Цын дансаар орж, гарсан гүйлгээнүүдийг /махны үнэ гэх утга бүхий/ Б.Д-Оын хадгалуулсан махыг худалдан борлуулсан гэж үзэх нь үндэслэлгүй. ...Б.Ц, Б.Д-О нар нь төлбөр тооцооны талаар тохирсон байхад ...шинжээч нь үндэслэлгүйгээр өндөр дүнтэй дүгнэлт гаргасан. ...шүүгдэгч Б.Цт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрч Д.Бын “...Хаан банкны 5022987517 дугаартай данс миний эзэмшлийн данс байгаа юм. ...Тухайн үед махны лангуун дээгүүр 1 махлагдуу биетэй, 50 орчим насны эмэгтэй үхэр, хонь, ямааны мах авах уу гээд явж байхад нь би тэр эмэгтэйтэй уулзаад 2 үхрийн махыг авахаар болоод тэр эмэгтэйг дагаад явахад “Хүчит шонхор” захын баруун тал руу 3-4 км зайтай яваад нэг хашаа руу орсон, уг хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талдаа мах хадгалах зоорьтой, байшин нь хашааныхаа урд байрлалтай хашаа руу орсон, тэгээд зоорийг онгойлгож үхрийн мах авахад зоорин дотор маш их хэмжээний хонь, үхэр, ямааны мах овоолоостой харагдаж байсан, мөн гэдэс цувдай янзалж цэвэрлээд хайрцаг, саванд хийсэн байсан. ...ямар ч л байсан 2 үхрийн мах авахад 2.300.000 төгрөг болсон тул мөнгийг нь данс руу нь шилжүүлж өгч байсан...” /2 хх 16/, гэрч Д.Хын “...Хаан банкны 5029756060 дугаартай данс нь миний эзэмшлийн данс бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа. ...“Хүчит шонхор” зах дээр 2 эрэгтэй хүн зооринд мах байгаа авах уу гээд явж байхад би өөрөө очиж үзье гээд тэрэгчин залуугийн хамт Баянхошуу руу явдаг зам дагуу байх хашаанд очиход хашаандаа 1 зоорьтой үүдэндээ байхаа байшинтай байсан. Тэгээд зоорь луу нь ороход бараг тааз хүртлээ овоолчихсон махтай байсан. Дотор нь хонь, үхэр, ямааны мах байсан мөн гэдэс, цувдай бас харагдаж байсан тэгээд шилж байгаад гайгүй гэсэн 2 тонн үхрийн махнаас авч байсан... Тухайн үед бүдүүн шар авгай байсан...” /2 хх 17-18/ гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжингийн “...Б.Цын дансаар орж, гарсан гүйлгээнүүдийг /махны үнэ гэх утга бүхий/ Б.Д-Оын хадгалуулсан махыг худалдан борлуулсан гэж үзэх нь үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.”, 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж тус тус заасан ба шинжээч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан “...Б.Ц, Б.Д-О нар нь төлбөр тооцооны талаар тохирсон байхад ...шинжээч нь үндэслэлгүйгээр өндөр дүнтэй дүгнэлт гаргасан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цыг хохирогч Б.Д-От нийт 45.033.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Ч.Энхжингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ