| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/267 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ын Б-д холбогдох эрүүгийн 2538002120285 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овгийн П-ын Б, 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум /Хатгал тосгон/-д төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсрслтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ....... дугаар баг, ................. тосгонд оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “хардалтын” улмаас эхнэр Х.Н-г машинаас татаж буулган газар унагаж цээж хэсэг рүү нь 4-5-н удаа өшиглөж, мөн толгой хэсэг рүү 4-5-н удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002120285 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч П.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “хардалтын” улмаас эхнэр Х.Н-г машинаас татаж буулган газар унагаж цээж хэсэг рүү нь 4-5-н удаа өшиглөж, мөн толгой хэсэг рүү 4-5-н удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдож байна. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт:
а.Шүүгдэгч П.Б-ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
б.Эрүүгийн 2538002120285 дугаартай хэргээс:
Хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сраын 08-ны өдөр намайг Жанхай хэсгийн “Бага царам” гэх газарт гэртээ байж байхад манай нутгийн Б, эхнэр Х-ийн хамт ирээд хоол унд идээд байж байгаад Х намайг гар утсаа өгч байгаа ч хүнтэй яриад өгье гэхээр нь би гар утсаа өгсөн тэгсэн Х миний гар утсыг аваад гэрээс гарч гадаа хүнтэй яриад хэсэг болж байгаад гэрт орж ирсэн тэгээд таньдаг найзыгаа дуудчихлаа хамт Хатгалын төв хальт ороод ирье, хурдан яваад буцаад гараад ирнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд байж байтал Х-ийн дуудсан хоёр хүн автомашинтай ирсэн. Тэр машинд Х бид хоёр суугаад Хатгал явсан. Б гэр сахиад үлдсэн, тэгээд Хатгалын төв ороод гудамжинд явж байхад нөгөө автомашины шатахуун нь дуусаад зогссон жолооч нь буугаад шатахуун аваад ирье гээд ганцаараа явган яваад өгсөн хажууд нь хамт явж байсан хүн согтуу байсан болхоор машинд хамт үлдсэн. Тэгж байтал манай нөхөр Б-н төрсөн дүү болох Б-г эхнэрийн хамт ирээд манай хүүг дуудаад ахын дүү ахтайгаа хамт харья гэж хэлээд аваад явсан. Тэгж байтал манай нөхөр П.Б ганцаараа мотоцикпьтой ирээд миний сууж байсан талын машины хаалгыг нь онгойлгоод хэрүүл маргаан хийж намайг машинаас татаж чирж гаргаж ирээд зодсон. Тэр үед миний өмсөж явсан хувцасны карманаас миний гар утас унасан. Тэгсэн манай нөхөр гар утас аваад үзсэн. Тэгээд Э гэж хэн юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн, тэгсэн Х миний гар утсаар ярьсан хүнийхээ дугаарыг Э гэж хадгалсан байсан. Тэгээд манай нөхөр чи эдгээр хүмүүсийг дуудсан байна, гар утсан дээрээ дугаарыг нь хадгалсан байна гээд над руу дайрч нэмж зодсон. Тэгж байгаад намайг мотоциклынхоо ард суулгаад манай ах болох Л-ийн хашааны гадаа хүргэж өгсөн, тэр үед манай ах Л гарч ирээд намайг аваад гэртээ орсон. Тэгээд би тэр орой дахиж зодуулна гэж бодоод цагдаад хандсан.
...Манай нөхөр Б нь эхлээд машинаас татаж чирж буулгасан. Тэгээд газар хэвтэж байхад цээж хэсэг рүү хөлөөрөө 4-5-н удаа өшиглөсөн. Дараа нь гараараа толгой руу бас 4-5-н удаа цохисон. Тэр үед би цээж өвдөөд юм дугарч чадахгүй, мөн ухаан балартаж ирсэн. ...Манай нөхөр Б намайг тэр хамт явж байсан хоёр залуутай хардсанаас болсон гэж би бодож байна. Би тэр хоёр залууг танихгүй, Х таньдаг тэр өдөр дуудаж дэлгүүр явсан. ...Манай нөхөр Б нь урд өмнө намайг дарамталж хүнтэй хардаж цохиж, зоддог байсан. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө 2024 оны 01 дүгээр сарын 12-нд байх гэж санаж байна. Намайг зодож түүний улмаас миний хавирга өвчүүний бүдэрхий гэмтэж байсан, халуун тогооны залгуураар гарын булчин хэсгээр ороолгож булчингийн мах тасарч байсан, ер нь намайг зодох үедээ алчих зорилготой их ширүүн зоддог. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулж, шийдүүлмээр байна. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг Хатгал тосгоны төвд гэртээ байхад утсаар Х гэх хүн Жанхайгаас залгаад архи авчирч өгөөч таксины мөнгийг нь өгье гээд байнга залгаад байсан. Би урд өдөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор найз Б-ыг утсаар дуудаж хамт Жанхай яваад ирье гэж хэлээд найзаараа өөрийн тээврийн хэрэгсэлээ жолоодуулаад өөрөө хажуу талд нь суугаад Хатгал тосгоны доор байрлалтай дэлгүүр ороод нэг шил архи аваад Жанхай руу явсан. Тэгээд Жанхай ороод Б гэх айлын гадаах зам дээр очоод байж байтал Х, Т-ийн эхнэрийн хамт гарч ирсэн. Би нэрийг нь мэдэхгүй, тэгээд тэр хоёр машинд суугаад бид 4 хэсэг машинд сууж миний авчирсан нэг шил архийг хувааж уусан. Манай найз Б машин барьж явж байсан болохоор архинаас уугаагүй. Тэгээд архи дуусаад Хатгалын төв орж дахиж архи авъя гэж тэр хоёр хүүхэн хэлэхээр нь бид дөрөв бас хамт явах гэж байсан. Н нь хүүхэд харах хүн байхгүй гээд бага насны хүүхдээ аваад хамт Хатгалын төв рүү орж ирээд доод хорооны гудамж руу ороод миний автомашины шатахуун дууссан. Тэгээд Б гэрлүүгээ хүүхдүүд рүүгээ яараад яваад өгсөн, би нөгөө Жанхайгаас хамт ирсэн Х, Н хоёртой үлдсэн. Тэгээд би машиндаа шатахуун олж ирэхээр тэд нарыг үлдээгээд ганцаараа явган шатахуун түгээх станцаар яваад шатахуун олдохгүй байхаар нь гэртээ очиж бага зэргийн шатахуун олж аваад буцаад машин дээрээ ирсэн. Тэгээд машиндаа шатахуунаа хийгээд хэсэг байж байхад манай нутгийн Б гэх залуу эхнэрийн хамт мотоцикпьтой ирсэн. Тэгээд байж байтал бид нартаа хамт явж байсан Х.Н-ийн нөхөр Жанхайд байдаг Б гэгч ирээд намайг машинаас буулгаж зодох гээд байхаар нь би машинаа үлдээгээд зугтсан. Миний машинд Х, Н нар үлдсэн. Тэр үед юу болсон талаар мэдэхгүй байна. ...Би Х , Н нарыг сайн танихгүй зүс таньдаг. Би Хатгал тосгоны төвд таксинд явж байсан болохоор тэд нар миний дугаарыг мэддэг байх.
Би урьд өмнө нь Тулгаагийн эхнэрийг далай өөд хүргэж өгч байсан, бид нарын хооронд ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/
Гэрч Х.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг Хатгал тосгоны төвд гэртээ байхад 02 цагийн үед манай хашааны гадаа манай хүргэн Б түүний эхнэр манай төрсөн дүү Х.Н Жанхайд байдаг, Х гурав ирсэн байсан. Тэр үед би гэрийнхээ цонхоор хараад зогсож байтал П.Б, Х.Н нар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад манай хүргэн П.Б , Х нар манай дүү Х.Н-г хашаан дотор орхиод явсан. Тэгээд би гэрээс гарч очиж Х.Н-г гэртээ оруулж ирсэн. Тэр надтай юм ярихгүй шууд унтаад өгсөн. Маргааш нь харахад Х.Н-ийн хүзүү хэсгээр нь шалбарсан харагдсан, тэгэхээр нь яасан юу болсон талаар асуухад юм ярьж хэлж өгөхгүй дуугүй байгаад байсан. Тэгэхээр нь би Тулгаа тэр 2-ыг зодолдсон байна гэж ойлгосон угаасаа тодорхой байсан.
П.Б манай дүү Х.Н нар хоорондоо маргалдаж байсан удаа олон бий, юугаа булаацалдаж, маргалддаг талаар мэдэхгүй хувийн амьдрал нь дажгүй сайн дутагдаж гачигдах зүйл байхгүй. ...Урд өмнө нь хааяа хоорондоо муудалцсан хоорондоо зодолддог асуудал гаргаж байсан удаа бий, яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Хүзүү хэсэг нь шалбарчихсан, өөрөө цээж өвдөж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой эхнэр Х.Н нь Хатгал тосгонд таньдаг хүмүүстэй 4 настай хүүхдээ дагуулаад архидаад яваад байна гэхээр нь Жанхайгаас над руу нэг хүн залгаад хүүхдийг чинь уйлуулаад байна гэхээр нь би Хатгалаас жанхай руу мотоцикльтой явж очсон.
Тэгээд манай хөдөө гэрт очтол гэр гэж бужигнасан юм байсан. Тэнд хайж байгаад олоогүй. Харин тэгтэл манай төрсөн дүү охин танай эхнэр Хатгал руу ороод ирсэн байна гэхээр нь дүү Б-ийн хамт Хатгал тосгоноор 2 цаг орчим хайж байгаад шөнийн 02:30 цагийн үед машин дотор согтуу байдалтай 3 том хүн, 1 хүүхдийн хамт байсан. Харин нэг Х гэх эмэгтэй манай хүүхдийг тэвэрсэн урд талын суудал дээр нь сууж байсан. Манай эхнэр Н нь машины ар талын суудал дээр жолооч Н-ын хамтаар саарал өнгийн дээлээр хучсан сууж байсан.
Би төрсөн дүү Б-ийн эхнэр О-тай хамт очиж, 4 настай хүүхдээ авсан. Хүүхдийг Б аваад эхнэрийн хамт гэр лүүгээ явсан. Тэр үед хүүхэд нилээн даарсан байдалтай байсан. Харин Н гэх залуу манай эхнэртэй тэврэлдсэн байдалтай байхаар нь гэнэт уур хүрээд, хардаад хоёуланг нь татаж машинаас буулгах гэтэл эхнэр буухгүй байхаар нь би шууд бөгжтэй гараараа 2 удаа алгадсан. Машинаас буухаар нь хөл хавь руу нь нэг удаа өшиглөсөн асуудал болсон. Тэрнээс хойш би эхнэртэй гар хүрээгүй. Би эхнэрийг төрсөн ах Л д нь 03:00 цагийн үед хүлээлгэж өгсөн. Энэ үйл явдлаас хойш тусдаа амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 235 дугаартай “... Хүрлээгийн Н гийн биед эрүүнд шарх, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүнд учирсан шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр, бусад, зүүн өгзөгт учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд учирсан зулгаралт, баруун, зүүн зулайд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 32- 33-р тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 38-39-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 38-39-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч П.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “хардалтын” улмаас эхнэр Х.Н-г машинаас татаж буулган газар унагаж цээж хэсэг рүү нь 4-5-н удаа өшиглөж, мөн толгой хэсэг рүү 4-5-н удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.М, Х.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 235 дугаартай дүгнэлт, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт “хардалтын” улмаас эхнэр Х.Н-г машинаас татаж буулган газар унагаж цээж хэсэг рүү нь 4-5-н удаа өшиглөж, мөн толгой хэсэг рүү 4-5-н удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой.
Тодруулбал шүүгдэгч П.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Х.Н-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч П.Б-ын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.
Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарах бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “...гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй...”-г ойлгоно хэмээн хуульчилсан.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие мах бод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Н-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч П.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Х.Н-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдлоо.
Иймээс шүүгдэгч П.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргээс гадна хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000. төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” тэмдэглэв.
Хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн П.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5.Хэрэгт шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ