| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2022/01016/И |
| Дугаар | 135/ШШ2022/01410 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2022/01410
| 2022 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 135/ШШ2022/01410 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01016/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******** дугаар хороолол, ******** байр, ******** тоотод оршин суух, утас: ********, ********, УС********, Б овогт *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* гудамж, хөдөө тоотод оршин суух, утас: ********, ******** регистрийн дугаартай, Б овогт Н.Жт холбогдох,
9,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ******* /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
******* нь миний охинтой ханилсан манай хүргэн бөгөөд мал маллах, таксинд явах, барилгын ажил зэргээр таарсан ажлаа хийдэг байсан хүн юм. Ингээд хүргэн Н.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надад хандан би мах зарах гэсэн юм, та надад эргэлтийн хөрөнгөнд зориулж 10,000,000 төгрөг зээлдүүлээч, би эргэлдүүлж байгаад танд буцаагаад төлчихнө өө гэхээр нь би зөвшөөрч өөрийн ******* банк дахь 2405****** тоот данснаасаа 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг авч үүнээсээ 250,000 төгрөгийг өөрөө авч үлдсэн 9,750,000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн. Үүнийг Н.Ж нь бэлнээр авч өөрийн Хаан банк дахь 5109****** тоот дансандаа 9,750,000 төгрөгийг миний хажууд өөрөө орлогодож хийсэн.
Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд түүнээс мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэдэг байсан боловч сүүлдээ өгөхгүй, явдаг газраараа яваад аваарай гэх болсон гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 4 дүгээр сарын 20-нд зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, зээлдүүлэгчийн дансны хуулга, Н.Жт 10,000,000 төгрөгөөс 9,750,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваад орлогодсон нотлох баримтыг өгсөн. Энэ бичилтийг Н.Ж өөрөө бичсэн байдаг. Хэрвээ бэлэг байсан бол Н.Жаас бичиг хийлгэж авах ёсгүй байсан. Тухайн үед бизнес хийх гээд зээлж авсан. Гэрчийн мэдүүлгээр зээл олгосон талаар мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна. Н.Ж тайлбартаа бэлэг байсан зээл байгаагүй гэсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэв.
Хариуцагч Н.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ө.Атай хурим хийж нэг гэрт орсон. Хадам ээж ******* нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхнэр бид хоёрыг гэртээ дуудаад та хоёрын хурим найрын бэлэг болгож 20,000,000 төгрөг өгнө. Энэ мөнгийг та хоёр амьдралдаа нэмэр болгоорой. Ээжийнх нь өгсөн хуримын бэлэг шүү гэж хэлсэн. Ээж ******* нь би газар дээр 2 охин, 1 хүүтэй. Энэ 3 хүүхдээсээ юугаа харамлах вэ, том охиндоо 1 өрөө байр хуримын бэлэгт нь өгсөн, одоо бага охиндоо 20,000,000 төгрөг өгч байна гээд эхнэр Ө.А бид хоёрт амлалт өгсөн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ээж ******* нь 9,750,000 төгрөгийг надад бэлнээр өгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг ээж нь боломжтой болохоороо өгнө гэж хэлсэн. Миний бие *******аас мөнгө зээлэх буюу асууж авсан удаа байхгүй билээ... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******аас мөнгө авсан гэдэг дээр маргахгүй. Харин уг мөнгө нь зээл байсан эсэхэд маргаж байгаа. Хурим дээр бэлэг гэж байрны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг өгнө гэж амласан. 10,000,000 төгрөг орж ирсэн. Анхнаасаа ийм зээл байгаагүй, анхнаасаа хуваарьт хөрөнгө байсан. О.А гэдэг хүн зээл авсан талаар нотолж байгаа бол *******ы охин учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Энэ маргаж байгаа мөнгө нь гэр бүлийн гишүүдийн хоорондын шийдэх асуудал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар *******ы ******* банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 2 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 3 дахь тал/, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 5 дахь тал/, банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч О.Аээс хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.Жт холбогдуулан 9,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа ...хүргэн Н.Ж мал авч зарах бизнес хийх гэсэн юм эргэлтийн хөрөнгөд зориулж 10,000,000 төгрөг хэрэгтэй байна, та мөнгө зээлээч, би эргэлдүүлж байгаад төлчихнө гэсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн данснаас 10,000,000 төгрөг авч 9,750,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүнээс хойш 2 жил өнгөрсөн боловч мөнгийг минь өгөхгүй байгаа тул гаргуулахаар шүүхэд хандсан гэж тайлбар гаргасан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Би Ө.Атай 2018 онд гэр бүл болж хуримаа хийсэн. Тэр үед хадам ээж ******* ээж нь хуримын бэлэг болгож охиндоо 20,000,000 төгрөг өгнө, энэ мөнгөөр та нар амьдралдаа нэмэр болгоорой гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр надад 9,750,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 10,000,000 төгрөгийг нь боломжтой болохоороо өгнө гэсэн. Би мөнгө зээлж байгаагүй, зээлээгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн ******* банкны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хузар Сы данснаас 10,000,000 төгрөгийг зарлага гаргаж авсан дансны хуулга, мөн өдөр Н.Ж өөрийн Хаан банкны дансанд 9,750,000 төгрөгийн орлого хийсэн баримт, баримтын ард 2020.04.20 Хүргэн хүү Ж 9,750,000 төгрөг авсан үнэн гэсэн бичилт, хариуцагчийн 9,750,000 төгрөгийг бэлнээр авсан гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. /хавтаст хэргийн 2, 20 дахь тал/
Өөрөөр хэлбэл зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд зээлийн төлбөр шилжүүлснээр, уг мөнгийг хүлээн авсан талаар хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь хуримын бэлэг болгож байрны урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгнө гэж хэлсний дагуу 9,750,000 төгрөгийг өгсөн гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох, нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан бол зээлийн төлбөрийг хэрхэн төлөх талаар газар, хүү, хугацаа тохирсон байх ёстой гэж маргаж байгаа боловч үүрэг гүйцэтгэх газрыг Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, 207.2-т ...үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн тооцохоор, 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй болохыг болохыг хуульчилсаны дагуу талууд үүрэг гүйцэтгэх газар, хугацааг тохироогүй боловч хариуцагч нь зээлийн төлбөрийг зээлдэгчийн байгаа газар, түүний шаардсанаар төлөх үүрэгтэй байна.
Мөн зээлийн гэрээний эрх зүйн харилцааны талаар хуульд нарийвчлан зохицуулж зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа, хүүг заавал тохирсон байхыг шаардахгүй ба хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх, зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч хугацаанаас нь өмнө зээлийг буцаан өгч болох талаар Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 283.2-т тус тус зохицуулсан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гэрчээр А.А, О.А нарыг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба А.А оршин суух хаягтай байдаггүй гэсэн хариу ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрч гэрчээр асуулгах хүсэлтээсээ шүүх хуралдаан дээр татгалзсан ба гэрч О.А нь ...Н.Жт мөнгө зээлдүүлэх үед байгаагүй Туркт байсан, ээж *******тай утсаар ярихад тэгж хэлсэн гэх зэргээр үйл баримтыг шууд нотлож мэдүүлээгүй, нэхэмжлэгчээс сонссон зүйлээ мэдүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хавтаст хэргийн 37-46, 55-56 дахь тал/
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Н.Жаас 9,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Жаас 9,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 170,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА