Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2022/03050

 

 

2022 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2022/00000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 148,500 /нэг зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.... /цахимаар/,

Хариуцагч: Н....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ... улсын дугаартай ... автомашинтай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын ...дүгээр байрны зогсоол дээр ... улсын дугаартай Toyota Prius маркын автомашинтай ослын тохиолдол бүртгүүлсэн. Тухайн үед харъяа дүүргийн цагдаа болон даатгалын ажилтныг дуудаж зохих журмын дагуу үнэлгээ хийлгэж даатгалд бүх бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Үнэлгээний газраас тогтоосон дүн нь 1,485,000 төгрөг болсон. Миний автомашин Ард даатгал дээр жолоочийн хариуцлагын даатгалтай бөгөөд даатгалын газраас ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөрийг шилжүүлэхийг мэдэгдсэн. Үүнд Н.... хүлээж чадахгүй гэж уурлан хамт явсан түүний эхнэр дарамт үзүүлсэн. Би тус болох үүднээс Вьетнам засварын газруудаар хариуцагч болон түүний эхнэртэй хамт явж ханш судалсан. Мөн өөр бэлэн хаалга байгаа засварын газартай ярьж, тэнд 2 хаалгаа шинээр солиулах болсон. Хариуцагч намайг урьдчилан мөнгө өгөөч, машинаа яаралтай засуулах хэрэгтэй байна, даатгалын мөнгө орж ирэхээр өгье гэж гуйсны үндсэн дээр би хаалганы мөнгө 800,000 /нэг хаалгыг 400,000/ төгрөгийг засварын газрын хүнд шилжүүлсэн. Хариуцагч даатгалын мөнгө орж ирсний дараа надад 400,000 төгрөг буцааж өгөх нөхцөлтэй урьдчилан мөнгө авсан. Даатгалын мөнгө нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид орсон боловч 1,485,000 төгрөг орох ёстойгоос 1,336,500 төгрөг орсон. Даатгалын мөнгө дутуу орсон шалтгаан нь тухайн эзэмшигчийн машин ... нь Голомт банкны нэр дээр бүртгэлтэй тул аж ахуйн нэгжийн хуулийн дагуу орлогын албан татвар суутгагдсан гэсэн тайлбарыг даатгалын газраас өгсөн. Үүний дараа би өөрийн урьдчилж өгсөн мөнгө болох 400,000 төгрөгийг шилжүүлэхийг хүсэхэд өгөхгүй гэж заргалдсан ба намайг шүүхэд хандана гэсний үндсэн дээр 7 дугаар сарын 06-ны өдөр надад 251,500 төгрөг шилжүүлсэн байсан. Миний хувьд анх өгсөн 400,000 төгрөгийг бүтэн буцааж авахыг хүсэж байна. Тиймээс төлөөгүй үлдсэн 148,500 төгрөгийг хариуцагч Н....аас нэхэмжилж байна. Хариуцагчийн эхнэр маш их хэл амтай, хэрвээ надад учир байдлаа хэлсэн бол би 148,500 төгрөгийг заавал авна гэж нэхээд байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч Н.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд ... улсын дугаартай Toyota Prius-30 маркын автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үед иргэн Д.... ... улсын дугаартай ... маркын автомашинаар зогсоолоос гарч ирэн мөргөж, хохирол учруулсан. Миний машины гэрчилгээ Голомт банкны нэр дээр байсан ба анх Голомт банктай гэрээ байгуулсан хүн нь Б.... тул даатгалын нөхөн төлбөрийг Б....ын данс руу шилжүүлэх тухай тодорхойлолтыг банкнаас авсан. Иргэн Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маш их худал зүйлс бичиж намайг болон манай эхнэрийг гүтгэсэн байгаа тул үүнд тайлбар өгч байна. Автомашины хохирлын үнэлгээ 1,485,000 төгрөг болж, даатгалын нөхөн олговрын хугацаа 10 хоногт олгоно гэсэн ба үүнд миний бие хүлээж чадахгүй гэж хэлж уурлаагүй, мөн манай эхнэр энэ үеэр Д....тэй ямар ч яриа өрнүүлээгүй, дарамт үзүүлээгүй байхад ийм зүйл болсон мэтээр худлаа бичсэн байна. Би Баянгол дүүргийн замын цагдаагийн газар очих замаараа засварын газраар орж засварын үнэ асуугаад очъё гэдгээ Д....т хэлэхэд тухайн үед түүн дээр ирсэн залуу түүнийг хамт яваад өөрийнхөө машины засварын үнийг бас асуу гэсэн болохоор хамт явсан болохоос тус болох үүднээс яваагүй. Би Д....т мөнгө байхгүй, урьдчилж мөнгө өгөөч гэж огтхон ч гуйгаагүй. Мөн би түүнээс ямар ч мөнгө аваагүй, зөвхөн засварын газарт очиж 1 ширхэг хаалгаа солиулсан байхад мөнгө гуйж авсан мэтээр худал зүйлс бичсэн байна. Д.... манай таньдаг засварын газарт тус бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг хаалга байгаа гэж санал болгосон ба би тухайн хаалгыг авч солиулаад мөнгийг нь даатгалын нөхөн олговор орохоор өгье гэж тохирсон. Д....ийн даатгалын нөхөн төлбөр 2022 оны 7 дугаар сарын 06-нд 1,336,500 төгрөг орсон ба мөнгө орсон даруйд нь би телеграм чатаар түүнд нийт хохирлын үнэлгээний дүнгээс 148,500 төгрөг дутуу орсон байгааг хэлэхэд тэр 400,000 төгрөгөө шилжүүлчих гэж надад хэлсэн. Харин би хэвийн байсан эд хөрөнгөдөө учирсан хохирлоо бүрэн барагдуулж авахын тулд дутуу орсон 148,500 төгрөгийг түүнд төлөх ёстой 400,000 төгрөгөөс хасаж зөрүү 251,500 төгрөгийг шилжүүлсэн. Би 400,000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж огт заргалдаагүй, анхаасаа зөрүү төлбөрийг шилжүүлнэ гэдгээ хэлсэн байхад намайг уг мөнгийг бүтнээр нь өгөхгүй гэж гүрийгээд, шүүхэд хандана шүү гэсний үндсэн дээр 251,500 төгрөг шилжүүлсэн мэтээр харагдуулж мөн адил худал зүйлс бичсэн байна. Банкны нэр дээр байгаа машин мөргөж, хохирол учруулж, өөрийн даатгалаас шимтгэл хасуулсан нь Д....ийн өөрийн хариуцлагын асуудал болохоос миний асуудал биш тул тэрээр миний хөрөнгөд учруулсан хохирлыг үнэлгээний дүнгийн дагуу бүрэн барагдуулж өгөх ёстой гэж би бодож байна. Би машины засварт дараах зардлуудыг гаргасан. Д....ийн таньдаг засварын газраас авсан 1ш хаалга 400,000 төгрөг, ... засварын газраас авсан 1ш хаалга 300,000 төгрөг, суурилуулалт 40,000 төгрөг, Сансарын тойргийн хойно байрлах Вьетнам засварт 2 хаалга, хойд крилотой засуулж будуулахад 750,000 төгрөг, нийт 1,490,000 төгрөгийн засварын дүн гарсан. Осол гарснаас хойш Д.... ганц ч удаа надаас уучлалт гуайгаагүй байж цаг хугацаа болон эдийн засгийн хохирол учруулж, дээрээс нь намайг болон манай эхнэрийг гүтгэж, шүүхэд хандаж, худал зүйлс бичиж, утсаар ярих болгондоо дарамталж, телеграм чатаар ёс зүйгүй харилцаа гаргаснаас болж эд хөрөнгөөрөө хохирохоос гадна сэтгэл санааны маш их дарамттай, гомдолтой байна. Энэ нэхэмжлээд байгаа 148,500 төгрөг бол хохирлын үнэлгээний дүнд тооцогдох учир би буцааж төлөхгүй, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан: ...М улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Д....ийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Д....ийн Хаан банк ХХК дахь ... тоот депозит харилцах дансны хуулга /хх-7-8/, Х...-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №... тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-9-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан: ... улсын дугаартай Toyota Prius маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22/, Голомт банк ХХК-иас Ард даатгал ХК-д хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар тодорхойлолт /хх-23/, Н....ын Хаан банк ХХК дахь ... тоот депозит дансны хуулга /хх-25-27/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх Д....ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.... нь шаардлагын үндэслэлээ хариуцагчийн өмнөөс засварын газарт 400,000 төгрөг төлж, уг мөнгийг хариуцагч нь даатгалын нөхөн олговор олгогдсоноор нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон боловч 148,500 төгрөгийг дутуу төлсөн учир тохиролцсоны дагуу үлдэгдэл төлбөрийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Н.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас хариуцагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан ба түүний даатгалын нөхөн олговор олгогдохоос өмнө засварын газарт нэг хаалганы мөнгө 400,000 төгрөг урьдчилан төлсөн нь үнэн. Харин даатгалын нөхөн олговор хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,485,000 төгрөг бус, 1,336,500 төгрөг буюу 148,500 төгрөг дутуу олгогдсон тул энэ хэмжээгээр Д....т төлөх ёстой 400,000 төгрөгөөс хохиролд тооцон суутгаж, үлдэх 251,500 төгрөг төлсөн, одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Зохигчид зам тээврийн ослын улмаас хариуцагчийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан талаар болон даатгалын нөхөн олговор олгогдохоос өмнө нэхэмжлэгч 400,000 төгрөгийг засварын газарт өгч, хариуцагч даатгалын нөхөн олговор авсны дараа нэхэмжлэгчид уг 400,000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин даатгалын нөхөн олговор хэний буруугаас 148,500 төгрөгөөр дутуу олгогдсон, уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн 400,000 төгрөгөөс хохиролд тооцон суутгах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

5.Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Х...-ын хохирлын үнэлгээ, Голомт банк ХХК-ийн тодорхойлолт, даатгуулагчийн мэдүүлгийн маягт болон зохигчдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилээний хуулбарууд зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол доторх замд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.... ... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгсэлтэй зорчиж байхдаа хариуцагч Н....ын ... улсын дугаартай Toyota Prius маркын тээврийн хэрэгслийг мөргөж, ослын тохиолдол бүртгүүлэн, цагдаагийн болон даатгалын байгууллагад мэдэгдэж, хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэсэн байна.

5.2.Хохирлын үнэлгээгээр хариуцагчийн эзэмшлийн ... улсын дугаартай Toyota Prius маркын тээврийн хэрэгсэлд нийт 1,485,000 төгрөгийн хохирол учирсан байна.

5.3.Хариуцагчийн эзэмшлийн дээрх тээврийн хэрэгсэл нь иргэн Б....ын Голомт банк ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ... тоот барьцааны гэрээний зүйл бөгөөд зам тээврийн ослын улмаас Д....ийн эзэмшлийн автомашин даатгагдсан Ард даатгал ХК-иас Б....од даатгалын нөхөн олговорт 1,336,500 төгрөг олгож, Б....оос Н....т 1,336,500 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлжээ.

5.4.Нэхэмжлэгч Д.... нь Хаан банк ХХК дахь өөрийн депозит данснаас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ... тоот данс руу prius 2haalga zulaa.s гэх гүйлгээний утгатайгаар 800,000 төгрөг шилжүүлж, мөн данснаас маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д....т haalga butsaalt гэх гүйлгээний утга бүхий 400,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

5.5.Улмаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Н....аас нэхэмжлэгч Д....ийн дансанд Mashin zasvariin zoruu гэх гүйлгээний утга бүхий 251,500 төгрөгийг шилжүүлсэн байна.

5.6.Хариуцагч талаас нэхэмжлэгчтэй харилцсан гэх цахим захидал бүхий 2 хуудас баримт гаргасан боловч тухайн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгч Д.... замын хөдөлгөөнд оролцож байхдаа хариуцагч Н....ын тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан ба тэрээр хариуцагчийн өмнөөс засварын газарт Н....ын тээврийн хэрэгслийн хаалгыг солиулахад зориулан 400,000 төгрөгийг төлж, улмаар хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тэдний тайлбараар тогтоогдсон тул зохигчдын хооронд аман хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

8.Талуудын байгуулсан хэлцлийн гол нөхцөл нь хариуцагчид даатгалын нөхөн олговор орж ирснээр 400,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлөх үүргийг хариуцагч Н.... хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.... нь дутуу төлөгдсөн 148,500 төгрөгийг хариуцагч Н....аас шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.Талууд зам тээврийн ослын улмаас гарах зардалтай холбоотойгоор дээрх хэлцлийг хийсэн боловч гэрээний дагуу хариуцагч 400,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн ба уг хэлцлээр даатгалын нөхөн олговорт 1,485,000 төгрөг орсноор 400,000 төгрөгийг буцааж төлөх талаар нөхцөл зааж тохироогүй байх тул 148,500 төгрөгийг хохиролд суутган авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5,105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,105 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н....аас 148,500 /нэг зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5,105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,105 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА