Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Баасанжав,

Улсын яллагч Б.Даваахүү,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Г-т холбогдох эрүүгийн 2538002250281 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш  овгийн Б-ийн Г, 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, ээж ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ................. сумын ......... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр баг ............ тоотод байх иргэн Ч.Г-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь 2 ширхэг араанд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002250281  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......  дүгээр баг ....... тоотод байх иргэн Ч.Г-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь 2 ширхэг араанд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 05 сарын 23-ны өдөр би өөрийн танил Д-д очсон, Д-д гэрт очиход түүний нөхөр Г халамцуу байсан, Г надад 2.5 литрийн пиво авч өгөөд тэр пивийг Г, манай найз Б бид гурав хувааж уугаад сууж байтал Г бид хоёр маргалдаж, би Г-ийн нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон, тэр үед Г-ийн амнаас бага зэрэг цус шүүрч байсан, тэгээд би Г-ийнхээс явсан. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/   

2.Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед гэртээ байж байсан чинь гаднаас цагаан малгайтай цамцтай, хар малгайтай согтуу хүн ороод ирсэн. Бас энэ хүнээс гадна дахиад нэг хүн ороод ирсэн. Энэ хоёр хүнийг ороод ирэхээр нь за юу хүн билээ гэсэн чинь пизда минь юун хүн байдаг юм айлд ирж болдоггүй юм уу гэхээр нь бололгүй яахав, ийшээ суугаач гэсэн чинь архи авч өг пизда минь гээд надаас архи нэхээд салахаа байсан. Ингээд бүүр болохгүй байхаар нь охиноо дагуулаад Хийморь дэлгүүрээс нэг том савтай пиво аваад гэртээ хариад нөгөө хоёр залууд өгсөн. Тэгсэн чинь тэр цагаан малгайтай цамцтай залуу пиво ууж сууж байгаад гараад ир гээд гэрээс гараад явахаар нь ардаас нь гарах гээд тонгойгоод гарч байхад миний ам хэсэг рүү тэр цагаан малгайтай цамцтай залуу өшиглөсөн. Тэгээд шууд миний амнаас цус гараад ирэхээр нь тэр залууг шууд бариад авсан чинь гараа атгаж байгаад миний толгой 2-3 удаа цохисон. Ингэж байхад манай охин цагдаа дуудлаа шүү гээд хэлсэн чинь тэр цагаан малгайтай цамцтай залуу нөгөө залуутайгаа зугтаад яваад өгсөн. Тэр хоёр хүнийг би ардаас нь дагаж явж байгаад Цалгиун дэлгүүрийн урд барьж аваад тэр цагаан малгайтай залуутай одоо ярилцья гээд саадан дотор сууж байсан чинь чи ямар их хүнтэй ярьдаг писда вэ гэж хэлээд дахиад миний толгой руу 2-3 удаа цохисон. Ингэж байхад цагдаа хүрээд ирсэн.

…Би 2025 оны 05 дугаар сарын 26-нд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд бие өвдөөд буюу толгой эргэж, даралт ихсээд эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхдээ энэ хэргийн улмаас үзүүлээгүй ээ.

Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Г  буюу Ү гэдэг залуутай одоо ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8, 11-р тал/,

3.Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05-р сарын 22-ны 21 цагийн үед гэртээ ирсэн. Манайд Ү, нэг найзын хамт ирсэн байсан. Тэгээд манай нөхөр Г-тэй танилцаад ганц пиво аваад өгчөөч гээд манай нөхөр охины хамт дэлгүүрээс пиво авчираад бид хэд тэр пивыг нь хувааж уугаад тэгээд Ү  найзын хамт манай нөхөр Г тэр 3 гарсан. Тэгээд гадаа маргалдаад байх шиг болохоор нь гараад харсан. Ү нөхөр Г 2 хальт барилцаад авсан. Тэгээд би “болиоч айлд хэрүүл шуугиан хийлээ яваач" гэсэн яваад өгсөн. Тэгхэд манай нөхрийн уруулаас жоохон цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р тал/,

4.Насанд хүрээгүй гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “….2025 оны 05 дугаар сарын 22-ны өдер 23 цагийн үед гаднаас 2 танихгүй хүн орж ирсэн. Тэгээд орж ирээд аавыг нэг пиво аваад өгчих гээд аав бид 2 Хийморь дэлгүүр рүү явж пиво авч ирсэн. Тэрийгээ аавтай хувааж уусан. Тэгээд тэр 2 ах аавыг гараад ир гээд гарсан. Ээж араас нь гарсан. Тэгээд барилцаж авсан юм шиг байсан. Тэгээд нөгөө 2 хүн яваад аав орж ирсэн. Амнаас цус нилээн гарсан байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р тал/,

5.Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад М.Батмөнхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай: “... Ч.Г-ийн биед 2 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Ч.Г-ийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдов. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23-р тал/

6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,

7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 5-р тал/,

8.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-46-р тал/ зэргийг шинжлэн судалснаар  нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......  дүгээр баг ....... тоотод байх иргэн Ч.Г-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь 2 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн шинжээчийн дугаартай дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч  Б.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Г, гэрч  Х.Д, насанд хүрээгүй гэрч Г.Н, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад М.Батмөнхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад  шүүгдэгч Б.Г  нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......  дүгээр баг ....... тоотод байх иргэн Ч.Г-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Г-тэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь 2 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл учруулан,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Г-ийн хохирогч Ч.Г-ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г  нь хохирогч Ч.Г-ийн нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь 2 ширхэг араанд сулрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад М.Батмөнхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.

Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Г  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг тэмдэглэв.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч  Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “…надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 8, 11 дүгээр тал/ байх тул шүүгдэгч Б.Г-ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ч.Г-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

        Шүүгдэгч Б.Г-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

        Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Мөн хавтаст хэргийн 43-46-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь ам бүл 6, ээж, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн ............... сумын ..... дүгээр багт мал маллан амьдардаг хувийн байдал тогтоогдсон.

Иймээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байдал/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,0000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож,  шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр  “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй”-г тэмдэглэж байна.   

        Хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Ш  овгийн Б-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б-ийн Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААХҮҮ