Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/04048

 

 

 

 

 

2022 10 06

101/ШШ2022/04048

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 402-38 тоот хаягт оршин суух Боржигон овогт Баярсайханы ******* /КЮ80090909/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 28в байрны 33 тоот хаягт байрлах Хангүг контсракшн ХХК /5218411/-д холбогдох,

Өмчлөлийн газар дээр баригдсан 1 давхар байшинг нурааж, шилжүүлэх цэвэрлэх зэргээр газар албадан чөлөөлүүлэх, чөлөөлөх ажиллагааг 14 хоногийн хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэв-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.******* би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Өлгийн гудамжны 1 тоот хаягт байрлах 679 мкв газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд миний газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа Хангүг констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн компанитай 2008 оны 8 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба тус гэрээний хугацаа 2009 онд дууссан.

Хариуцагч нь газар дээр барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулан, газар түрээслэх гэрээг өөр этгээдтэй байгуулсан байсан хэдий л гэрээний хугацаанд надаас ямар нэг зөвшөөрөл аваагүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш миний өмчлөлийн газар дээр миний оролцоогүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

Тухайн газрыг гэрээ ёсоор эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон ч хариуцагч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж надтай ямар нэгэн байдлаар холбогдохгүй, олдохгүй, харилцаа тогтоохгүй зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Цаашид газраа өөрийн мэдэлдээ авч, түрээслэх худалдах газар дээрээ байшин барих, өөрөө оршин суух зэргээр хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, эрх зөрчигдөж байгаа тул газраа суллаж авах шаардлагатай байна.

Анх хамтран ажиллах гэрээгээр дээр нь үл хөдлөх хөрөнгө барьж, тавилгын үйлдвэрлэл явуулж, ашиг хуваах талаар тохиролцсон боловч нэг ч төгрөг өгөөгүй. 2009 оноос газраа эргүүлж авах талаар байнга яригдаж байсан.

Бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны дараа газар худалдаж авах талаар ярилцаж тохиролцсон боловч мөнгөө өгөхгүй, сүүлдээ холбогдохгүй болсон.

Ингээд 2016 оноос Б.*******г хууль бусаар дээрх газрыг авсан гэж гомдол гаргаж, шүүхээр Б.*******гийн өмч мөн болохыг тогтоосон.

Иймд Б.*******гийн өмчлөлийн Өлгийн гудамжны 01 тоот газарт баригдсан 1 давхар үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өөрийн зардлаар нурааж, шилжүүлэх, цэвэрлэх зэргээр албадан чөлөөлж, энэ ажиллагааг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би энэ компанид 2012 онд гүйцэтгэх захирлаар ажилд томилогдсон. Хүмүүс нь БНСУ-д амьдардаг. 2012 оноос 2016 он хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаад үйл ажиллагаа явуулахаа больсон.

Манай захирал энэ гэрээ хэлцлийг байгуулж, нэхэмжлэгчтэй харилцаж байсан болохоос биш би харилцаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Учир нь гуравдагч этгээд болох Ан Сон Ил нь Хангүг констракшн ХХК-ийн маргаан бүхий газар дээр барьсан 278 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 50 хувийн өмчлөгч болсон.

Хангүг Констаркшн ХХК нь Ан Сон Илийн өмчлөлийн болон өөрийн хэсгийг хамтад нь ашиглаж, Ан Сон Илд түрээсийн төлбөр өгөх байсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, зайлхийж ирсэн.

Барилгыг хариуцагч компани 100 хувь ашиглаж байсан. Ан Сон Ил түрээсийн төлбөрийг авахаар тохирсон байдаг боловч, нэг ч төгрөг төлдөггүй байсан. Төлбөр авах асуудлаар уулзах гэхээр зугтаагаад уулздаггүй байсан. Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж байгаа. Энэ барилга хэн нэгэнд ашиггүйгээр нураагдаж байснаас өөрт оногдох 50 хувийнхаа тэр хэсгийг хэрвээ Б.******* авъя гэж хүсвэл үлдээхэд татгалзах зүйлгүй. Монгол улсад хуулиас гадуур өмчлөгчийн эрхийг зөрчих эрх байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж байгаа учраас хуулийн дагуу таслан зогсоох ёстой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00128921 дугаар гэрчилгээ, №000695270 дугаартай гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 7 сарын 05-ны өдрийн 10639 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 7 сарын 26-ны өдрийн 11431 дугаар шүүгчийн захирамж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025590 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2008 оны 8 сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 01234 дугаартай тогтоол, 2020 оны 3 сарын 05-ны өдрийн 00130 дугаар тогтоол, 2017 оны 9 сарын 26-ны өдрийн 01062 дугаар тогтоол, 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 01386 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 917 дугаар магадлал, 2017 оны 3 сарын 24-ний өдрийн 01043 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 7 сарын 06-ны өдрийн 39 дүгээр тогтоол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 12 сарын 25-ны өдрийн 1825а дугаар тогтоол,

Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлгийн баримт, Ан Сон Илийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2009 оны 12 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Мёнпүм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн №000073105 дугаар гэрчилгээ, 2009 оны 4 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Б.*******гийн гаргасан өргөдөл, Мёнпүм ХХК-ийн гаргасан хүсэлт,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2013 оны 4 сарын 03-ны өдрийн Амлалтын бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авсан байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Хангүг констракшн ХХК-нд холбогдуулан өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэг талаас өмчлөгч байх нөгөө талаас хууль бус эзэмшил байх гэсэн хоёр үндсэн нөхцөл тавигдаж байна.

Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны Өлгийн гудамжны 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18647311497615 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 679 мкв газрын өмчлөгчөөр Б.******* бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5, 6-62, 97-98 дугаар тал/

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.******* нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны Өлгийн гудамжны 1 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18647311497615 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 679 мкв газрын өмчлөгч байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байна уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч Б.******* нь Мёнпүм ХХК-тай 2008 оны 8 сарын 15-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /хх-ийн109-111 дүгээр тал/

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 4 сарын 22-ны өдрийн лавлагаагаар Мёнпүм ХХК нь Хангүг констракшн ХХК болж нэрээ өөрчилсөн байх тул нэхэмжлэгчээс Хангүг констракшн ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байна. /хх-ийн 37-39 дүгээр тал/

Хамтран ажиллах гэрээгээр талууд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 678,99 мкв талбайтай газар дээр барилга барих хэлбэрээр хамтран ажиллах хүсэл зоригийг илэрхийлсэн байх бөгөөд дээрх гэрээнээс үзэхэд М.******* нь Иргэний хуулийн150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өөрийн өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрхийг бусдад олгосон гэж үзэхээр байна.

Дээрх гэрээний дагуу маргаан бүхий газар дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025590 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 278 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө баригдсан байх бөгөөд 2009 оны 4 сарын 16-ны өдөр Б.*******, Мёнпүм ХХК нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна /хх-ийн 179 дүгээр тал/

2009 оны 12 сарын 21-ний өдөр БНСУ-ын иргэн Ан Сон Ил, иргэн Б.******* нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээр гэрээгээр Б.******* нь өөрийн өмчлөлийн 50 хувийг БНСУ-ын иргэн Ан Сон Илийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 175 дугаар тал/

Дурдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Хангүг констракшн ХХК нь барилга байгууламж барих эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан байх бөгөөд хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.6-д барилга байгууламж барих эрхийг бусдад худалдах, барьцаалах болон бусад хэлбэрээр захиран зарцуулахад газар өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай бол өмчлөгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөөс бусад тохиолдолд зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Б.******* нь өөрийн өмчлөлийн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан бөгөөд үүнийгээ бусдад хүсэл зоригийн үндсэн дээр захиран зарцуулах замаар шилжүүлсэн байна.

Мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өмчлөлийн газрыг худалдах талаар хариуцагчтай амаар тохиролцсон боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг гаргасан.

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Хангүг констракшн ХХК нь нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлийн газар дээр хууль бусаар барилга, байгууламж барьсан, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар албадан чөлөөлүүлэх, албадан чөлөөлөх ажиллагааг 14 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой нөхөн төлбөр шаардахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Хангүг констракшн ХХК-нд холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх, албадан чөлөөлөх ажиллагааг 14 хоногийн дотор хийж гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА