| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 183/2022/01073/и |
| Дугаар | 133/ШШ2022/00448 |
| Огноо | 2022-09-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 133/ШШ2022/00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “И Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М Г ХХК-нд холбогдох түрээсийн төлбөр 78,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 78,530,000 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч “И Э Ж” ХХК нь хариуцагч “М г” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-г байгуулсан.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохиролцсон бараа материалыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийн нөхцөлийг тусгаж өгсөн. Бараа материалын түрээсийн 30 хоногийн төлбөр нь 14,775,000 төгрөг.
Нэхэмжлэгчээс хариуцагчид доорх бараа материалыг хүлээлгэн өгсөн:
1. Пум 6012-1150 ширхэг, хоногийн үнэлгээ 250 төгрөг, 30 хоногийн үнэлгээ 8,625,000 төгрөг,
2. Пум 5012-300 ширхэг, хоногийн үнэлгээ 250 төгрөг, 30 хоногийн үнэлгээ 2,250,000 төгрөг,
3. Пум 4012-200 ширхэг, хоногийн үнэлгээ 250 төгрөг, 30 хоногийн үнэлгээ 1,500,000 төгрөг,
4. Пум 3012-200 ширхэг, хоногийн үнэлгээ 250 төгрөг, 30 хоногийн үнэлгээ 1,500,000 төгрөг,
5. Пум 2012-120 ширхэг, хоногийн үнэлгээ 250 төгрөг, 30 хоногийн үнэлгээ 900,000 төгрөг, нийт 14,775,000 төгрөг.
Дээрх гэрээгээр Түрээсийн бараа материалд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мөрдөх үнийн тарифыг гэрээний хавсралт 2-р тохиролцсон.
Түүнчлэн хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр пум 6012-64 ширхэг, пум 5012-33 ширхэг, пум 4012-35 ширхэг, пум 3012-55 ширхэг, пум 2012-20 ширхэгийг нэмж өгсөн.
Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанаас илүү түрээсийн бараа материалыг ашиглан хэрэглэсэн бөгөөд талууд тооцоо нийлж, төлбөр барагдуулах хугацааг тохиролцсон.
Хариуцагч “М г” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай албан тоотоор нэхэмжлэгч “И Э Ж” ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор 78,530,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөрөө 2021 оны 3 дугаар сараас эхлэн хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.
“М г” ХХК нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй бөгөөд манай компанийг хохироож байна.
Иймд хариуцагч “М г” ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний үүрэгт 78,530,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И Э Ж” ХХК-д олгож өгнө үү.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/”И Э Ж”ХХК/
- Барилга угсралтын материал түрээслэх гэрээ
- Зарлагын баримт “И Э Ж” ХХК/
- Орлогын баримт “И Э Ж”” ХХК/
- Орлогын баримт/“М Г” ХХК/
- “М Г”ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар албан бичиг
4. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/”М Г”ХХК/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/”М Г”ХХК/
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2/222 дугаар албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “И Э Ж” ХХК-ийн түрээсийн төлбөр 78,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч “М Г”ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “М Г”ХХК-ийг нэхэмжлэгч “И Э Ж” ХХК-ийн түрээсийн төлбөр 78,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х-т шүүх хуралдааны товыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин нь хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч “И Э Ж” ХХК болон хариуцагч “М Г”ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-г бичгээр байгуулжээ.
Уг гэрээний 1.1 дэх хэсэгт “Гэрээний зорилго нь түрээслүүлэгч нь барилга угсралтын зориулалттай бараа материалыг барилгын гүйцэтгэлд түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, гэрээгээр тохирсон хугацаа дуусахад түрээслэгч нь түрээсэлсэн бараа, материалыг бүрэн бүтэн байдлыг тодорхойлон түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх, гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхтэй холбогдох талуудын харилцааг зохицуулахад оршино” гэжээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Учир нь түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт хамаардаг тул уг шинжээрээ хоорондоо адил.
Харин түрээсийн гэрээний хувьд шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэжээ.
Зохигч хуулийн этгээд нь “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-г бичгээр үйлдэж, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр албажуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.
4. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “И Э Ж”ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дараах төлбөрийн дүн бүхий барилгын материал/пум буюу хэв хашмал/-ыг хариуцагч “М Г”ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлжээ. Үүнд:
| № | Баримтын утга | Материалын нэр | Тоо, ширхэг | Хугацаа /хоногоор/ | Төлбөрийн хэмжээ /төгрөгөөр/ | Төлбөрийн дүн /төгрөгөөр/ |
| 1 | Зарлагын баримт | Пум-6012 | 1150 | 30 | 250 | 8,265,000 |
| 2 | Зарлагын баримт | Пум-5012 | 300 | 30 | 250 | 2,250,000 |
| 3 | Зарлагын баримт | Пум-4012 | 200 | 30 | 250 | 1,500,000 |
| 4 | Зарлагын баримт | Пум-3012 | 200 | 30 | 250 | 1,500,000 |
| 5 | Зарлагын баримт | Пум-2012 | 120 | 30 | 250 | 900,000 |
| Нийт | 1,970 | Нийт | 14,755,000 | |||
Хариуцагч “М Г”ХХК нь пум/хэв хашмал/-ыг дээр дурдсан хэмжээ, төлбөрийн нөхцөлөөр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил, ашиглалтдаа хүлээн авчээ.
Энэ талаарх нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-ийн зарлагын баримтад хариуцагч “М Г”ХХК-ийн талбайн инженер Д.Пүрэвдорж нь гарын үсэг зурсан байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Иймд хариуцагч “М Г”ХХК нь пум/хэв хашмал/-ын 30 хоногийн хугацаанд түрээсийн төлбөр 14,755,000 төгрөгийг нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д төлөх үүрэгтэй. Уг түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч “И Э Ж”ХХК нь хариуцагч “М Г”ХХК-иас шаардах эрхтэй.
5. Хариуцагч “М Г”ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан хүлээн авсан 1970 ширхэг пум/хэв хашмал/-ыг түрээсийн гэрээний хугацаа дуусах үед буюу 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д буцаан шилжүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаандаа эзэмшиж, ашиглаж байсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаан үгүйсгээгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч “И Э Ж”ХХК болон хариуцагч “М Г”ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж тус тус заажээ.
Түрээсийн гэрээний хугацааг сунгах талаарх заалт нь түрээсийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт тусгагдаагүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээг сунгах тухай мөн хуулийн 26 дугаар бүлгийн дээрх заалт нь түрээсийн гэрээнд нэг адил хамаарна.
6. Тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан түрээсийн гэрээгээр хариуцагч “М Г”ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-иас дараах барилгын материал/пум буюу хэв хашмал/-ыг эзэмшил, ашиглалтдаа хүлээн авчээ. Үүнд:
| № | Баримтын утга | Материалын нэр | Тоо, ширхэг | Хугацаа /хоногоор/ | Төлбөрийн хэмжээ /төгрөгөөр/ | Төлбөрийн дүн /төгрөгөөр/ |
| 1 | Зарлагын баримт | Пум-6012 | 64 | --- | 250 | --- |
| 2 | Зарлагын баримт | Пум-5012 | 33 | --- | 250 | --- |
| 3 | Зарлагын баримт | Пум-4012 | 35 | --- | 250 | --- |
| 4 | Зарлагын баримт | Пум-3012 | 55 | --- | 250 | --- |
| 5 | Зарлагын баримт | Пум-2012 | 20 | --- | 250 | --- |
| Нийт | 207 | Нийт | --- | |||
Уг үйл баримтын нотолж буй нэхэмжлэгч “И-Эл-Жи” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой зарлагын баримтад пум/хэв хашмал/-ын нэр бүрийн үнэ, түрээсийн хугацаа, нийлбэр үнийн дүн тусгагдаагүй.
Гэвч зохигчийн хоорондын түрээсийн гэрээ нь тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан тул нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн нийт 207 тоо, ширхэг бүхий пум/хэв хашмал/-ын нэг бүрийн үнийг түрээсийн гэрээнд заасны дагуу нэг хоногийн хугацаанд 250 төгрөгөөр тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч “М Г”ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр авсан 207 ширхэг пум/хэв хашмал/-ын түрээсийн төлбөрийг эзэмшиж, ашигласан хоног тутамдаа 250 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д төлөх үүрэгтэй.
Энэхүү үүрэг нь түрээсний гэрээний хугацаа дуусгавар болсон байхад эзэмшиж, ашигласаар байгаа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нийлүүлэгдсэн 1,970 ширхэг пум/хэв хашмал/-ын тухайд нэг адил хамаарна.
7. Хариуцагч “М Г”ХХК нь эзэмшиж, ашигласан пум/хэв хашмал/-ыг хэзээ, хэдэн ширхэгийг буцаан өгсөн талаарх нотлох баримтыг иргэний хэрэгт гаргаагүй учир нэхэмжэгч “И Э Ж”ХХК-иас гаргасан нотлох баримтад тулгуурлан уг үйл баримтад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
| № | Баримт | Огноо | Пум /6012/ | Пум /5012/ | Пум /4012/ | Пум /3012/ | Пум /2012/ | Дүн |
| 1 | Орлогын баримт | 2020.04.02 | 220 | --- | --- | --- | --- | 220 |
| 2 | Орлогын баримт | 2020.05.21 | 26 | 16 | 7 | 48 | 13 | 110 |
| 3 | Орлогын баримт | 2020.10.28 | 188 | 50 | 22 | 6 | --- | 266 |
| 4 | Орлогын баримт | 2020.10.30 | 243 | 41 | 13 | 14 | 14 | 325 |
| 5 | Орлогын баримт | 2020.11.02 | 171 | 94 | 32 | 27 | --- | 324 |
| 6 | Орлогын баримт | 2020.11.05 | 238 | 66 | 50 | 50 | 23 | 427 |
| 7 | Орлогын баримт | 2020.12.16 | --- | --- | 41 | 40 | 10 | 91 |
| Дүн | 1,086 | 267 | 165 | 185 | 60 | 1,763 | ||
Үүнээс үзэхэд хариуцагч нь пум/хэв хашмал/-ыг нэг дор бус тодорхой хугацаанд хэсэгчлэн нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байх бөгөөд уг тооцоог нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
8. Нэхэмжлэгчээс 2 ширхэг зарлагын баримтаар хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчаас 8 ширхэг орлогын баримтаар тус тус шилжүүлсэн пум/хэв хашмал/-ын тооцоо, зөрүүг нэгтгэн хүснэгтээр харуулбал:
| № | Нэр | Нэхэмжлэгчээс | Дүн | Хариуцагчаас | Зөрүү | |
| 2020.03.23 | 2020.11.07 | |||||
| 1 | Пум-6012 | 1150 | 64 | 1,214 | 1,086 | 128 |
| 2 | Пум-5012 | 300 | 33 | 333 | 267 | 66 |
| 3 | Пум-4012 | 200 | 35 | 235 | 165 | 70 |
| 4 | Пум-3012 | 200 | 55 | 255 | 185 | 70 |
| 5 | Пум-2012 | 120 | 20 | 140 | 60 | 80 |
| Дүн | 1,970 | 207 | 2,177 | 1,763 | 414 | |
Зөрүү нийт 414 ширхэг пум/хэв хашмал/-ыг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн хугацааг батлах санхүүгийн анхан шатны баримтыг зохигчоос иргэний хэрэгт гарган өгөөгүй.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь 128 ширхэг Пум-6012, 66 ширхэг Пум-5012, 70 ширхэг Пум-3012, нийт 264 ширхэг пум/хэв хашмал/-ыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 70 ширхэг Пум-4012, 80 ширхэг Пум-2012, нийт 150 ширхэг пум/хэв хашмал/-ыг 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хариуцагчаас хүлээн авсныг баталсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.
9. Зохигч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээгээ дүгнэж, харилцан тооцоо нийлж, хариуцагч “М Г”ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар албан бичгийг нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д хүргүүлжээ.
Уг албан бичигт “Манай компани нь танай байгууллагад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор 78,530,000 төгрөгийн өр төлбөртэй гарсан болно. Энэ төлбөрөө 2021 оны 03 дугаар сараас эхлэн хэсэгчлэн хувааж, барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх баталгааг нэхэмжлэгчид гаргаж байсан, уг баталгаанд тусгагдсан үнийн дүн 78,530,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр төлөх шаардах эрхийг үгүйсгэх, дуусгавар болгох, хэрэгжүүлэх боломжгүйд хүргэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “М Г”ХХК-иас түрээсийн төлбөрт 78,530,000/далан найман сая таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д олгохоор шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 78,530,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 550,600 төгрөгийг хариуцагч “М Г”ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д олгох эрх зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч “М Г”ХХК-иас түрээсийн төлбөрт 78,530,000/далан найман сая таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,600/таван зуун тавин мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Г”ХХК-иас 550,600/таван зуун тавин мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Э Ж”ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ