| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025 оны 02 сарын 25 өдөр Дугаар 2025/ШЦТ/25 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2532000000010 тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* өдөр төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, , хүүхдийн хамт дугаар баг, тоотод оршин суух, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлсэн.
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь “2024 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаг “Гялс авто угаалга”-ын газарт улсын дугаартай, 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 10.14 дэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган хохирогч Р.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөө “Гялс” угаалгаас Зил-131 машин авч явах гэж байгаад галч гэдэг хүний хөлийг гэмтээсэн. Тухайн үед эмнэлэг явах уу гээд гутлыг нь тайлаад хөлийг нь яаж байна гээд үзсэн. Тэгсэн ах зүгээр байна. Ахын дүү ажилдаа яв гээд намайг яваад ирэхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаа нар ирсэн байсан”...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2532000000010 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогч Р. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гаднаас ******* гэх залуу ирж 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл авахаар асаасан. Тэгэхээр нь би “Чи зогсож байгаарай, би хаалга онгойлгож хөшиг нээчхээд ирье” гэж хэлээд хаалгаа онгойлгож нэг талын хөшгөө нээчхээд нөгөө тал руу алхаж байтал тухайн 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэл ухраад миний хөлөн дээгүүр гарсан. Тэгээд тухайн *******ид хэлж өөрийн өрөөнд ороод хөлөө гаргаж хартал гайгүй байх шиг байхаар нь тухайн залууг явуулсан. Тэгээд 9 цагийн орчим миний хөл хавдаад байсан тул би хүүхдийн хамт Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хөл өсгий хэсгээрээ хугарч бяцарсан гэсэн тул Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлэгт үзүүлж хэвтэх болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Д.******* нь уг осол болохоос 2-3 хоногийн өмнө надаас “Машинаа өгч байгаа ч би хөдөө явж хог хаячхаад буцааж егье” гэж хэлж байсан. Би тухайн үед зөвшөөрсөн. Би Д.*******ыг “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж бодож байсан. Машин тэрэг барьж явж байгааг би өмнө харж байсан юм. Тэгээд би эрхийн үнэмлэхтэй л гэж бодож явдаг. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-10 дугаар хуудас/
Хохирогч Р.ыг анх үзсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №7383 дугаартай хуудас/хх-ийн 5 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай ослын бүдүүвч зураг/хх-ийн 11 дүгээр хуудас/
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1687 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Р.ы биед зүүн өсгий ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 23-25 дугаар хуудас/
АСБЦД ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт/хх-ийн 30- 31 дүгээр хуудас/зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.******* нь “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гялс авто угаалгын газарт улсын дугаартай Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх явцдаа хохирогч Р.ы зүүн хөлийн өсгий хэсгийг дайрч зүүн өсгийний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: ...хохирогч Р.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/,гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1687 дугаартай дүгнэлт/хх-ийн 23-25 дугаар дүгнэлт/,АСБЦД ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт/хх-ийн 30- 31 дүгээр дүгнэлт/, шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба түүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь шүүгдэгчийн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, орчны нөхцөл байдал, тээврийн хэрэгслийг хөдөлгөөн хийх газрын нөхцөлийг зөв тооцоолоогүй, ******* өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож, тээврийн хэрэгслийн ойр орчинд байгаа явган зорчигчийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд хөдөлгөхөөс өмнө орчны нөхцөл байдал өөрийн ур чадвар түүнд хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ.
Шүүгдэгч Д.******* нь “С” ангиллын буюу 3500 км-аас дээш хүндийн жин бүхий тээврийн хэрэгслийн ******* бэлтгэх сургалтын хөтөлбөрт буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар ******* бэлтгэх сургалтын байгууллага /авто сургууль, курс/-д хамрагдаж тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Зил-131 загварын том оврын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэрэг болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гялс авто угаалгын газарт улсын дугаартай Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх явцдаа хохирогч Р.ы зүүн хөлийн өсгий хэсгийг дайрч зүүн өсгийний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 10.14 дэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэмт үйлдлийн улмаас хохирогч Р.ы биед биед зүүн өсгий ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ баруун тавхайн цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” ...гэж зааснаар хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд 2400000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн, хохирогч Р. нь сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Д.*******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гялс авто угаалгын газарт улсын дугаартай Зил-131 загварын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх явцдаа хохирогч Р.ы зүүн хөлийн өсгий хэсгийг дайрч зүүн өсгийний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан учруулсан авто тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдаад
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан авто тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч 2400000/хоёр сая дөрвөн зуун мянга/төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ