Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2022/00479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Н

Хариуцагч: Б.Б

“Алданги 30,363,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй

“Орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг гаргуулах”, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны 108 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206068817 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар/2 хувиар/ төлсөн баримт/эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д/цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Б/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1974 дүгээр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний алданги 20,929,500 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Б-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам/17080/ Наадамчдын Зам гудамж, 1205 байр, 108 тоот хаягт байрлах Ү-2206068817 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө, 54.98 морон сууцыг нийт 112,709,000 төгрөгөөр худалдсан болно.

Худалдан авагч Б.Б  нь “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1, 3.2-т заасны дагуу гэрээний урьдчилгаа 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан үед төлж, орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 62,709,000 төгрөгийг “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32,709,000 төгрөгийг” тус тус төлөхөөр, мөн гэрээний 3.5-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус тохиролцсон.

Улмаар гэрээний 3.2-т заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, орон сууцыг хүлээлгэн өгсөн ба төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон болно.

Гэтэл хариуцагч Б.Б  нь үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасан журмын дагуу төлөөгүй буюу дараах хугацаа, хэмжээгээр төлсөн тул гэрээний 3.5 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйл /анз/-д нийцүүлэн нийт 20,929,500 /хорин сая есөн зуун хорин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Б ын гэрээний төлөлт, түүнд бодогдсон алдангийн аргачлалыг /4,575,000+32,709,000/2/ хавсаргав гэжээ.

Гэрээний хуваарь

Төлөлт

Хугацаа хэтэрсэн хоног

Бодогдсон алданги

Хуваарьт үлдэгдэл

Төлбөр төлөх хугацаа

Төлбөр төлөх хэмжээ

Төлсөн хугацаа

Хэмжээ

2020.09.14

50,000,000

2020.09.14

50,000,000

     

2020.10.25

10,000,000

2020.10.30

10,000,000

5

250,000

 

2020.11.25

20,000,000

2020.12.04

10,000,000

10

1,000,000

10,000,000

   

2020.12.31

8,500,000

37

1,850,000

2,500,000

   

2021.03.22

3,000,000

118

1,475,000

0

         

4,575,000

 

2020.12.25

32,709,000

2021.03.23

2,000,000

88

/151,045/ 13,291,960

30,209,000

   

2021.04.05

2,000,000

8

1,208,360

28,209,000

   

2021.06.10

10,500,000

65

/141,045/ 9,167,925

17,709,000

   

2021.08.30

5,000,000

81

/88,545/ 7,172,145

12,709,000

   

2021.1.30

12,700,000

92

/63,545/ 5,846,140

0

Нийт

113,700,000

 

41,261,530

20,929,500

3. Хариуцагч татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 1974 бүртгэлийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах Наадамчдын Зам гудамж, 1205 байрнаас 2 өрөө 54,98 м2 орон сууцыг 112,709,000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 50,000,000 төгрөг, хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг хийж, тооцоог дуусгасан болно.

Б.Б ын хувьд ковид-19 цар тахлын улмаас ажил сул зогсолт хийж, төлбөр хийх боломжгүй нөхцөл байдалд орж байсан.

Нэхэмжлэгч П.Н нь байрны төлбөр бүрэн хийж дууссан байхад хууль зүйн үндэслэлгүйгээр алдангийн аргачлал тооцоолж, гэрээний алданги 20,929,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага: Алданги 31,354,500 төгрөг гаргуулах тухай

6. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн Б.Б т холбогдох П.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг 10,425,000 төгрөгөөр ихэсгэж буюу нийт 31,354,500 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Б  нь гэрээний үлдэгдэл 62,709,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хуваан төлж, дуусгахаар тохиролцсон боловч төлбөрийг хугацаанд нь тохиролцсон хэмжээгээр төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу нийт 41,261,530 төгрөгийн алданги бодогдсон тухай нэхэмжлэлд дурдсан болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан 41,261,530 төгрөгийн алдангийг хуульд нийцүүлэн багасгаж, 62,709,000 төгрөгийн 50 хувь болох 31,354,500 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

7. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

8. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа П.Н-н нэхэмжлэлтэй Б.Б т холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Э.Х миний бие дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:

8.1. Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын улмаас хариуцагч Б.Б  нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон гэдэг нь нийтэд илэрхий баримтаар тогтоогдсон. Энэ нь “Мөнхийн буухиа” ХХК-ийн 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/251 тоот болон бусад нийтэд илэрхий баримтаар тогтоогдоно.

8.2. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, 539 дүгээр зүйлийн 539.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна.

Дээрх заалтаас харахад П.Н-н нэхэмжлэлтэй алданги тооцуулах тухай маргаанд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох заалтыг хэрэглэх ёстой.

“Худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай” НҮБ-ын конвенцид Монгол Улс 1997 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцийн 79 дүгээр зүйлд заасны дагуу “Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй” гэсэн байна.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(цаашид “Танхим” гэх)-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Force majeure/гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship/хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам”-ын 1.2.1-д заасны дагуу force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгодог.

Энэхүү журмын 4-т “Бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялтыг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд тооцох”-оор заасан байна.

Гэнэтийн буюу павагдашгүй хүчин зүйл тохиолдсон нөхцөлд аль нэг тал нь хүлээсэн үүргээ. биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн гэж үзэхгүй ба давагдашгүй хүчин зүйлд өртсөн тал нь энэхүү гэрээний болзол, нөхцөлийг хэрэгжүүлэх бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, боломжит хувилбарт арга хэмжээнүүдийг авсан боловч нэг тал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дэлхий нийтэд тархсан цар тахал коронавирус (Ковид-19) дотоодод тархаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авсан 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол зэрэг мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсныг давхар нотолно.

Иймд нэхэмжлэгч П.Н-н алданги гэх 31,354,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

7.1. “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны 108 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206068817 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар/2 хувиар/ төлсөн баримт/эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай”,

7.2. “Орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг гаргуулах тухай”

8. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа П.Н-н нэхэмжлэлтэй Б.Б т холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам, Наадамчдын Зам гудамж 1205-р байрны 108 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206068817 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө, 54,98 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний үүргээ биелүүлэх явцад хариуцагч Б.Б ын ажилладаг Гашуун сухайт-Ганц модны боомтын чиглэл нүүрс тээвэрлэж байсан “Мөнхий буухиа” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын хорио цээр тавигдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны улмаас гэрээнд заасан графикийн дагуу гэрээний төлбөрийг хийж чадаагүй болно. Түүний энэ ажил мөнгө олох, гэрээний үүргээ биелүүлэх ганц боломж байсан.

Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй байсан ч өөрийн боломжийг дайчлан 2021 оны 03 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 10,500,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 12,700,000 төгрөгийг тус тус төлсөн.

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтээр нийтээрээ цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, хөл хорьсон байсан, улс орон даяараа бүгд л санхүүгийн хүндрэлд орж, мөнгөний дутагдалтай, ихэнх ажлын байранд хязгаарлалт тогтоож, хаагдсан, зөвхөн зайлшгүй шаардлагатай төрийн хүчний болон онцгой байдлыг сахин хангах үүрэгтэй байгууллага л үйл ажиллагаагаа зогсоогоогүй.  

Төрийн бусад байгууллага бүгд гэр гэрээсээ цахимаар үйл ажиллагаагаа явуулж байсан нийтэд илэрхий тэр хүнд цаг үеийг мэдсээр байж, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж алданги нэхэмжилж байгаа нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм, хэмжээг зөрсөн шударга бус, хүнлэг бус үйлдэл гэж үзэхээс гадна дээрх үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгөхгүй гэсэн санаа, зорилготой гэж үзэж байна.

Түүнчлэн Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө шилжүүлэхдээ андуурч 991,000 төгрөгийг илүү төлсөн байна.

9. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах

10. Нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 сая, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20 сая, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32,709,000 төгрөг төлөх буюу энэхүү хугацаа, хэмжээгээр төлж, барагдуулан төлбөр тооцоогоо дуусгаснаар түүний орон сууцыг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүсэхээр заасан байдаг.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа “... графикийн дагуу гэрээний төлбөрийг хийж чадаагүй...” буюу гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлж барагдуулж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүнчлэн хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар худалдан авагч төлбөрөө гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр төлөгдөөгүй нь нотлогддог.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх төлөхөөр заасан бөгөөд хариуцагч нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.6-д заасан иргэний эрх зүйн хамгаалалт болох хууль болон гэрээнд заасан алданги төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Иргэний хуулийн 231.1, 231.1.1-д зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд Иргэний хуулийн 232.1-д зааснаар “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

Эдгээр заалтаас үзвэл алданги өөрөө үүргийг хугацаанд нь гүйцэтгүүлэх арга бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон тохиолдолд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр болно.

Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2, 3.3-т зааснаар нэхэмжлэгч гэрээний хүрээнд үүссэн төлбөрийг бүрэн төлснөөр хариуцагчаас өмчлөх эрхээ шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэгчид холбогдуулан алданги нэхэмжилсэн ба тухайн алдангийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн болно.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний дагуу үүссэн төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч “...Ковид 19 цар тахлын хорио цээр тавигдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны улмаас гэрээнд заасан графикийн дагуу гэрээний төлбөрийг хийж чадаагүй, түүний энэ ажил мөнгө олох, гэрээний үүргээ биелүүлэх боломж байсан...” гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгч нь буюу худалдан авагч нь гэрээний төлбөрийг цалингаараа төлнө гэж тохиролцоогүй, тэрээр байрны төлбөрийг банкнаас зээл авах, эд хөрөнгөө худалдаад төлөх нь түүний асуудал.

Гэрээ байгуулах үед ковид цар тахал байсан бөгөөд нөхцөл байдлыг тооцоолж, гэрээ байгуулах эсэхээ шийдэх байсан, түүнийг байрны үнийг төлж чадна гэж хэлсэн учраас итгэж гэрээ байгуулсан, түүнчлэн нэхэмжлэгчид хамааралтай ковидтой холбоотой нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар талууд орон сууцыг нийт 112,709,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд худалдан авагч буюу нэхэмжлэгчээс хариуцагч буюу худалдагчийн дансанд нийт 113,700,000 төгрөг төлөгдсөн. Эдгээр 2 дүнгийн зөрүү болох 991,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэн нэхэмжилсэн байна.

Хариуцагч П.Н нь Б.Б аас нийт 31,354,500 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа 991,000 төгрөгийг хасч, нийт 30,363,500 төгрөгийг нэхэмжилж байна.

11. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга эх хувь/П.Нямбаяр/

- Зурвас/мессеж/-ын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 126 дугаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөх оруулах тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 164 дүгээр “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 171 дүгээр “Халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийн дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 195 дугаар “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр “Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дүгээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хуулбар

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар

12. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- “Мөнхийн буухай” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/251 дүгээр албан бичиг эх хувь

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Б т холбогдуулан “орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр алданги  30,363,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б  нь “коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын улмаас ажил сул зогссон учир орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан, гэвч боломжоороо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон сууцны үнийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.

Улмаар хариуцагч Б.Б  нь нэхэмжлэгч П.Н-т холбогдуулан “орон сууцны үнэд илүү төлсөн” гэх үндэслэлээр 991,000 төгрөг гаргуулах тухай, “орон сууцны үнийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардлагатай нэр бүхий 5 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Н нь “орон сууцны төлбөр, тооцоо бүрэн дуусаагүй” гэх үндэслэлээр баримт бичиг бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Харин орон сууцны үнэд илүү төлсөн гэх сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 991,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүн 31,354,400 төгрөгөөс хасч, алданги 30,363,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2. Алданги 30,363,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэлд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нотариатч С.Ц-н гэрчилсэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой, бичгийн хэлбэртэй, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г нотлох баримтаар хавсаргажээ.

Уг гэрээгээр худалдагч П.Н нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206068817 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, 1205 дугаар байрны 108 тоот байршилтай, 54.98 мкв талбайтай, 2 өрөөтэй, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч Б.Б ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Б  нь уг орон сууцны үнэ 112,709,000 төгрөгийг хэсэгчлэн худалдагч П.Н-т төлөх үүрэг хүлээснээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Зохигч нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж,  гарын үсэг зурж албажуулан, нотариатчаар гэрчлүүлсэн байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.

Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй.

2.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” байхаар тус тус заажээ.

Зохигч нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5 дахь хэсэгт “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгасан нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.

Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн тодорхой хувиар тооцсон алданги төлөх заалтыг бичгээр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний заалт болгон тусгасан нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн хэлбэрийн шаардлагыг хангажээ.

2.3. “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2 дахь заалтад дурдснаар хариуцагч Б.Б  нь орон сууцны үнэ 112,709,000 төгрөгийг “2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32,790,000 төгрөг” гэсэн хувиараар нэхэмжлэгч П.Н-т хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ.

Гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Б.Б  нь орон сууцны үнийн урьдчилгаа 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Н-т бэлэн бусаар төлсөн, нэхэмжлэгч П.Н нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам/17080/, Наадамчдын зам гудамж, 1205 дугаар байрны 108 тоот байршилтай, 54.98 мкв талбайтай, 2 өрөөтэй, орон сууцыг хариуцагч Б.Б ын эзэмшилд шилжүүлсэн өгсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Орон сууцны үнийн үлдэгдэл 62,709,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөөгүй болохоо хариуцагч Б.Б  нь хүлээн зөвшөөрсөн боловч хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “цар тахлын улмаас сул зогссон” гэж тайлбарлажээ.

Хугацаа хэтрүүлсэн хэдий ч хариуцагч Б.Б  нь орон сууцны үнийн үлдэгдэл 62,709,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Н-т бэлэн бусаар төлж барагдуулсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Б аас алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна. Уг шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

2.4. Нэхэмжлэлд хавсаргасан нэхэмжлэгч П.Н-н Хаан банк дахь 5622362118 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгад тулгуурлан хариуцагч Б.Б ын орон сууцны үнэд төлсөн мөнгөн дүнгийн хэмжээ, төлөлт хийсэн хугацаа, алданги тооцох хоногийн тоо, түүнд ногдох алдангийн хэмжээ зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хүснэгтээр харуулбал:

Үнэ төлөх хуваарь

Төлөлт

Хэтэр

сэн хоног

Хоногийн алданги

Алдангийндүн

Үлдэгдэл

Хугацаа

Үнийн дүн

Хугацаа

Үнийн дүн

1

2020.09.14

50,000,000

2020.09.14

50,000,000

0

0

0

0

Дүн

0

2

2020.10.25

10,000,000

2020.10.30

10,000,000

4

50,000

200,000

0

Дүн

200,000

3

2020.11.25

20,000,000

2020.12.04

10,000,000

8

100,000

800,000

10,000,000

21

50,000

1,050,000

10,000,000

Дүн

1,850,000

4

2020.12.25

32,709,000

2020.12.31

8,500,000

5

163,545

817,725

24,209,000

2021.03.22

3,000,000

81

121,045

9,804,645

21,209,000

2021.03.23

2,000,000

1

106,045

106,045

19,209,000

2021.04.05

2,000,000

13

96,045

1,248,585

17,209,000

2021.06.10

10,500,000

66

86,045

5,678,970

6,709,000

2021.08.30

5,000,000

81

33,545

2,717,145

1,709,000

2021.11.30

12,700,000

92

8,545

786,140

-10,991,000

Дүн

113,700,000

Дүн

21,159,255

5

Дүн

112,709,000

Зөрүү

-991,000

23,209,255

22,218,255

Алдангийн хэмжээ нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохыг анхаарч, гүйцэтгээгүй үнийн дүнг төлөлт хийсэн өдөр бүрээр тасалбар болгон, алданги тооцогдох хоногийг давхардуулан тоолохгүйгээр дээрх тооцооллыг гаргасан болно.

Нэхэмжлэлд дурдсан алдангийн тооцоололд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 8,500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөгдөх 32,709,000 төгрөгт тооцолгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөгдөх 20,000,000 төгрөгт тооцсон алдаатай, үүний улмаас алданги тооцох хоног болон алдангийн дүн зөрүүтэй гарсан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэжээ.

Дээрх хүснэгтээс үзэхэд хариуцагч Б.Б  нь орон сууцны үнийн үлдэгдэл 62,709,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч П.Н-т төлөөгүй тул гүйцэтгээгүй үнийн дүн  62,709,000 төгрөг болно. Уг үнийн дүнгийн 50 хувь нь 31,354,500 төгрөг болох тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон алданги 23,209,255 төгрөг нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б аас алданги 23,209,255 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,145,245 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2.5. Маргааны үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигчийн цуглуулж, гарган өгсөн болон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан шүүх маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт хийдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Б.Б  нь коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас ажил сул зогссон учир орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан” гэх татгалзлын үндэслэлээ хуулийн дээрх заалтын дагуу баримтаар нотолсонгүй.

Хэдийгээр хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотлохоор “Мөнхийн Буухиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/251 дүгээр албан бичгийг иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч уг албан бичиг нь хариуцагч Б.Б ыг коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас сул зогссон, орлогогүй болсон, эсхүл орлого буурсан гэх байдлыг шууд гэрчлэн нотлох баримт болохгүй.

Учир нь дээрх албан бичигт “Б.Б  нь “Мөнхийн буухиа”ХХК-д хүнд даацын 6240ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг болно. Манай компани Өмнөговь аймгийн Таван толгой бүлэг ордоос Гашуун сухайт-Ганц модны боомт”-ын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2020.10.01-2021.10.01-ний хооронд дэлхий даяар тархсан ковид-19 вирусийн халдварт өвчний улмаас тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, улс орон нийтдээ хорио цээрийн онцгой дэглэмтэй байсан”-ийг тодорхойлжээ.

Энэхүү тодорхойлолтын эх сурвалж нь хариуцагч Б.Б ын 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсний цэс, мөн хугацааны хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, мөн хугацаанд орлого хүлээн авсан банк дахь дансны хуулга, сул зогсолтод шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтаар батлагдах учиртай.

Хувь хүний орлогын хэмжээ, түүний өсөлт, бууралтыг гэрчлэх дээрх бичмэл нотлох баримтыг хариуцагчаас иргэний хэрэгт гарган өгч, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нотолсонгүй.

Мөн түүнчлэн “Мөнхийн Буухиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/251 дүгээр албан бичигт хариуцагч Б.Б ын орлогын хэмжээ, түүний өсөлт, бууралтын талаар дурдаагүй, хавсралт нотлох баримтгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хариуцагч Б.Б ын урьд олж байсан орлогын хэмжээнд өөрчлөлт/буурсан, эсхүл орлогогүй болсон/ гарч, үүний улмаас гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж чадаагүй байхыг үгүйсгэхгүй ч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай.

Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон тохиолдолд уг нөхцөл байдал нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга/алданги/-ыг үгүйсгэх үндэслэл болох эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийнэ.

2.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хариуцагч Б.Б  нь орон сууцны үнийг төлөх гэрээнд заасан хугацаа буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас Монгол Улс гамшгаас хамгаалан бэлэн байдлын зэрэгтэй байсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж маргасан тул уг татгалзлын үндэслэлд шүүхээс тодорхой эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.     

Монгол Улсын их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлжээ.

Уг хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 141 дүгээр зүйл буюу “Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ” гэсэн хэсгийг нэмж, мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заажээ.

Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заажээ.

Хуулийн дээрх заалт нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд иргэн хоорондын байгуулсан анзын гэрээнд  хамаарахгүй.

2.7. Монгол Улсын их хурлаас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрхэлдэг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn зэрэгт коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг нийтэлжээ.

Уг эх сурвалж тус бүрт шүүн үзэхэд зохигчийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байжээ.

Уг нөхцөл байдлын улмаас орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүрэг зөрчигдсөн гэж үзэх эсэх, мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг сунгах эсэх, алдангиас чөлөөлөх, эсхүл хэмжээг нь бууруулах талаар зохигч нь харилцан тохиролцсон байдал  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх эрсдлийг хувиарласан заалт зохигчийн байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгч П.Н-н Хаан банк дахь 5622362118 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч Б.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийт 9 удаагийн гүйлгээгээр 63,700,000 төгрөгийг орон сууцны үнэд төлжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч Б.Б ыг коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын улмаас орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.   

Дээрх татгалзлын үндэслэл нь “Орон сууцны үнийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар боломжоороо бүрэн төлсөн” гэх хариуцагчийн тайлбартай зөрчилдөж байгааг дурдах нь зүйтэй.

2.8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж хууль тогтоогчоос гэрээний агуулгын өөрийн үзэмжээр зохицуулах эрх хэмжээг шүүгчид олгожээ.

Алданги багасгах талаар үүрэг гүйцэтгэгч хүсэлт гаргасан байхыг хуулийн дээрх заалтад заагаагүй хэдий ч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хүсэлт гарсан байх нь зохистой.

Гэвч хариуцагч нь алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүсэж маргасан болохоос анзын хэмжээ илт их байгаа талаар маргаагүй, алдангийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаагүй тул шүүх зохигчийн гэрээгээр тохиролцсон анзын хэмжээг бууруулах эрх зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу гэрээний талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр гэрээ байгуулдаг бөгөөд гэрээнд заагдсан анзын хэмжээг шүүх эрх зүйн үндэслэлгүйгээр багасгах, чөлөөлөх нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулна.

2.9. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоодын хуулийн зүйл, заалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол Монгол Улсын олон улсын гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх шууд хэрэглэнэ.

Монгол Улсын их хурлаас 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай хуулийн  1 дүгээр зүйлд “1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Вена хотноо байгуулсан "Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын Конвенц"-ийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсугай” гэжээ.

"Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын Конвенц"-ийн 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй” гэжээ.

Монгол Улсын олон улсын гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” байхаар зааснаас өөрөөр алдангийн харилцааг зохицуулсан гэж үзэхээргүй байна.

Учир нь үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн/эсхүл хэтрүүлээгүй/ гэж үзэх,  үүнээс үүсэх үр дагавар, хохирол арилгуулахтай холбоотой харилцааг Иргэний хуулийн 222 дугаар зүйлээр зохицуулжээ.

Иймд зохигчийн хоорондох алданги гаргуулах тухай иргэний хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэхэд "Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын Конвенц"-ийн дээрх заалтыг хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй.

 

3. Орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”,

492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд үүрэг дуусгавар болсон байхад бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б  нь орон сууцны үнийн үлдэгдэлд 62,709,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Н-т төлөхөөс 63,700,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” үндэслэлээр уг үүрэг дуусгавар болжээ.

Нэхэмжлэгч П.Н нь  “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан орон сууцны үнийн дүнгээс илүү хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй тул хариуцагч Б.Б ын орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах эрх зүйн үндэслэлтэй.

3.2. Уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч П.Н нь орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөгийг алданги 31,354,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон талаар тайлбарласан хэдий ч үүгээр хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрх хязгаарлагдахгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны үнэд илүү төлсөн 991,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Нямбаяраас гаргуулж, хариуцагч Б.Б т олгож шийдвэрлэв.

4. “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны 108 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206068817 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар/2 хувиар/ төлсөн баримт/эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

4.1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэжээ.

Зохигчийн байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3 дахь хэсэгт “Төлбөрийг бүрэн төлж, дууссаны дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэжээ.

Уг заалтын “төлбөр” гэдэгт анзыг оруулахгүйгээр зөвхөн орон сууцны үнийг нэрлэн засан болох нь мөнхүү гэрээний 3.2 дахь хэсэгт ”Төлбөр төлөх, нөхцөл, хугацаа: Урьдчилгаа 50,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдагчийн Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлж, урьдчилсан төлбөрийг төлнө. Үлдэгдэл төлбөрөө дараах графикаар төлнө. Үүнд: 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32,790,000 төгрөгийг тус тус төлж, төлбөрөө дуусгаснаар худалдан авагч уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүснэ” гэж зааснаар хоёрдмол утгагүй, эргэлзээгүй ойлгогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Б.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад нэхэмжлэгч П.Н нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй тул “алданги төлөөгүй учраас орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх боломжгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй.

4.2. Гэвч хариуцагч Б.Б  нь нэхэмжлэгч П.Н-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардлагатай нэр бүхий 5 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй”, “нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй” зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт хэсэгт “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн”, 65.1.11 дэх хэсэгт “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах дээрх үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгох нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос үндэслэл, эрх зүйн үр дагавар, хэрэглэх хуулийн зохицуулалт ялгаатай байдаг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь иргэний хэргийг агуулгаар хянан шийдвэрлэх боломжгүйг илтгэдэг бол иргэний хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйг баталдаг.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх нь мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол/цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг харьяалан шийдвэрлэдэг.

 Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхийн харьяалан хянан шийдвэрлэх мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.

Хариуцагч Б.Б ын нэхэмжлэгч П.Н-т холбогдох “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны 108 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206068817 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар/2 хувиар/ төлсөн баримт/эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Тодруулбал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.3 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ”, 9.4 дэх хэсэгт “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална” гэжээ.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн нэр бүхий 5 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгуулах агуулгатай сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад дурдсан иргэний эрх зүйн хамгаалалтын аргад хамаарахгүй.

Нэгэнт иргэний эрх зүйн хамгаалалтын аргад үл хамаарах, зөрчигдсөн эрхийг сэргээх  зорилгод хүрэхгүй сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага”-ыг нэхэмжлэлд тусгана. Энэхүү нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлаг нь сөрөг нэхэмжлэлд нэг адил хамаарна.  

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь шүүхэд хандах болсон бодит нөхцөл байдал, түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг хариуцагчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлан хариуцагч шүүхээс юуг хүсэж байгааг тодорхойлсон байдал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага юм.

Хариуцагч Б.Б  нь сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүжмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа нэхэмжлэгч П.Н-н үйл ажиллагаа/эс үйлдэхүй/-нд гомдож, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхээ сэргээлгэх хүссэн атлаа өмчлөгчийн асуудлаар шаардлага гаргаагүй байна.

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад нэр бүхий 5 төрлийн баримт бичгийг бүрдүүлж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулснаар хариуцагчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, тодорхой бус, энэ талаарх үндэслэлээ сөрөг нэхэмжлэлдээ тусгаагүй байна.

4.5. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан арга, журамд нийцүүлэн тодруулсны үндсэн дээр дахин гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэжээ.

Нэхэмжлэгч П.Н-т холбогдох сөрөг нэхэмжлэлээс “үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах”  агуулга бүхий шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тул хуулийн дээрх заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Б.Б т олгов.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч П.Н-н нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн (262598+181750)=444,348 төгрөг, хариуцагч Б.Б ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,344 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 273,996 төгрөгийг хариуцагч Б.Б аас гаргуулан нэхэмжлэгч П.Нямбаярт, шүүхээс хангагдсан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох 28,334 төгрөгийг нэхэмжлэгч П.Н-с гаргуулан хариуцагч Б.Б т тус тус олгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б аас алданги 23,209,255/хорин гурван сая хоёр зуун есөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,145,245/долоон сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б ын нэхэмжлэгч Б.Б т холбогдох “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 1205 дугаар байрны 108 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2206068817 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 54.98 метр квадрат талбайтай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр гаргахад шаардлагатай П.Н-н иргэний үнэмлэхийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/эх хувь/, Ү-2206068817 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/эх хувь/, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст орлогын албан татвар/2 хувиар/ төлсөн баримт/эх хувь/, батлагдсан загварын дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх тухай мэдүүлэг бөглөж Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч П.Н-с орон сууцны үнэд илүү төлсөн 991,000/есөн зуун ерөн нэгэн мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Б.Б т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Б.Б т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,348/дөрвөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөчин найм/ төгрөг, сөрөг нэхэмжлэлд гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,334/хорин найман мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 273,996/хоёр зуун далан гурван мянга есөн зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-т, нэхэмжлэгч П.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 28,334/хорин найман мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б т тус тус олгосугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ