| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03170/И |
| Дугаар | 181/ШШ2022/01831 |
| Огноо | 2022-08-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2022/01831
| 2022 оны 08 сары17 өдөр | 181/ШШ2022/01831 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК/РД: /-д холбогдох,
6,171,530 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие өөрийн хэдэн найзуудын хамт барилгын өрлөгийн ажил хувиараа хийж гүйцэтгэдэг ба 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч*******ХХК нь Үнэгүй.мн зарын сайт дээр барилгын өрлөгийн ажил хийлгэнэ гэсэн зар тавьсан байсан бөгөөд нэхэмжлэгч миний бие тус зарын дагуу 91949119 дугаарын утсаар холбогдсон.
Тус дугаар нь хариуцагч компанийн инженер Батсуурийн Улаанхүү гэх хүний утас байсан бөгөөд ажил гүйцэтгэх төслийн талбай буюу Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ADB түрээсийн орон сууц төслийн талбайд ирээд уулзчих гэсний дагуу очиж уулзсан. Нэхэмжлэгч миний бие тухайн төслийн талбайд 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр очиж инженер Б.Улаанхүүтэй уулзсан бөгөөд компанийн захирал н.Алтанхүүтэй ярьж тохиролцож гэрээгээ байгуулах ёстой гэсний дагуу захирал н.Алтанхүүтэй 99078140 дугаарын утсаар холбогдсон. Хариуцагч компанийн захирал н.Алтанхүү нь хотоос зайдуу зуслангийн барилгын ажилтай явж байгаа учир Улаанбаатар хотод ирээд гэрээгээ байгуулья, танайх ажпаа эхлүүлээд хийж бай гэсэн хариу өгсний дагуу нэхэмжлэгч миний бие 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дээрх төслийн талбайд ажлаа эхлүүлсэн.
Ажил хийх явцдаа гэрээг бичгээр байгуулах болон явцын гүйц$тгэлийн мөнгөө өгөхийг хариуцагч компанийн захирал н.Алтанхүүгээс удаа дараа шаардаж байсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 23 -ны өдөр хариуцагч компанийн оффис дээр очиж н.Алтанхүүтэй уулзсан. Гэрээнд засвар, нэмэлт оруулах зүйлүүд байгаа учраас тус засварыг хийсний дараа төслийн талбайд маргааш авч очин гэрээгээ бичгээр байгуулж, гарын үсэг зуруулья гэсэн хариу өгсөн боловч гэрээг бичгээр байгуулаагүй.
Хариуцагч компанитай ярьж тохиролцсоны дагуу дээрх төслийн талбайд хөнгөн блок тоосгон өрлөг хийхээр болсон бөгөөд барилгын 3 дугаар давхрын гадна дүүргэлтийн блокон өрлөг/36x60x25/, дотор айл хоорондын блокон өрлөг/25х60х36/-ийг м.кубыг нь 40,000 төгрөгөөр хийхээр, өрөө хоорондын тоосгон өрлөгийг /12x25x10/ м.кв-ыг нь 12,000 төгрөгөөр тус тус хийхээр тохиролцож, ажлын хөлсийг нь гадна дүүргэлтийн блок, айл хоорондын блокон хана, өрөө хоорондын тоосгон ханаар нь тус тус төлөхөөр тохиролцсон.
Нэхэмжлэгч миний бие тус ажлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Ингээд тоосгон өрлөгийн ажлын хөлс 3,263,130/1 м.кв-ын үнэлгээ нь 13,000 төгрөг/ төгрөг, блокон өрлөгийн ажлын хөлс нь 2,908,400/1 м.кубын үнэлгээ нь 40,000/ төгрөг, нийт 6,171,530 төгрөг болсон бөгөөд хариуцагч компаниас ажлын хөлсийг шаардахад удахгүй өгнө, түр хүлээж бай, мөнгө орж ирэхгүй удаад байгаа учраас өгөх боломжгүй болоод байна, хэд хоногоос өгнө гэх зэргээр хойшлуулж өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч*******компаниас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 6,171,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан фото зургуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч*******ХХК-д холбогдуулан тоосгон өрлөгийн ажлын хөлс 3,263,130/гурван сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг, блокон өрлөгийн ажлын хөлс 2,908,400/хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг, нийт 6,171,530/зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Аттис констракшн ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ADB түрээсийн орон сууц төслийн барилгын 2, 3 дугаар давхрын тоосгон өрлөг, блокон өрлөгийн ажлыг хийх тухай Ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гүйцэтгэсэн ажлын талаарх фото зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь барилгын тоосгон өрлөг, блокон өрлөгийн ажлыг хийх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл байгуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гүйцэтгэсэн ажлын фото зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ADB түрээсийн орон сууц төслийн барилгын 3 дугаар давхарт гүйцэтгэсэн тоосгон өрлөг, блокон өрлөгийн ажлыг хөлсийг Монкон групп ХХК төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гүйцэтгэсэн ажлын фото зургаар тогтоогдож байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ADB түрээсийн орон сууц төслийн барилгын 2 дугаар давхарт тоосгон өрлөг, блокон өрлөгийн ажлыг гүйцэтгэсэн боловч хариуцагч нь хөлсийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гүйцэтгэсэн ажлын фото зургаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлс нийт 6,171,530/зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг төлж барагдуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т ... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж заасан.
Нэхэмжлэгчийн ажлыг гүйцэтгэж дуусгаад ажлын хөлсийг шаардсан гэх тайлбараар Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар зохигчид ажлыг гүйцэтгэсний дараа ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохироцлсон гэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид тоосгон өрлөгийн ажлын хөлсөд 3,263,130/251.01м.кв х13,000=3,263,130/ /гурван сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг, блокон өрлөгийн ажлын хөлс 2,908,400/72.71м.куб х40,000=2,908,400/ /хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг, нийт 6,171,530/3,263,130+2,908,400=6,171,530/ /зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас нийт 6,171,530/зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас нийт 6,171,530/зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 113,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ