Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01915

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 сары31 өдөр

181/ШШ2022/01915

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:А.М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.М/РД: /-т холбогдох,

 

4,000,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* миний бие 2019 оны 6 сард СХД-т обьектийн газар худалдан Ч.Баясгалан, М.Базарсүрэн, В.Мягмаржав гэх 3 этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэн залилуулсан. Тухай асуудлын дагуу УБ, СХД-н прокурор иргэний хэрэг гэж шийдвэрлэсэн. Иймд В.Мягмаржавт 2019 оны 07 сарын 2-10-ны хооронд нөхрийн 5058027189 данснаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 4 сая төгрөг В.Мягмаржав хаан банк 5085188566 дансанд шилжүүлсэн

Уг мөнгийг одоог хүртэл буцааж өгөхгүй зайлсхийж байгаа учир хариуцагч В.Мягмаржаваас 4000,000/дөрвөн сая / төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хаан банк ХХК дахь 5058027189 дугаар Депозит дансны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч В.Мягмаржавт холбогдуулан 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч В.Мягмаржавт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Ч.Баясгалантай гэрлэгчид гэж тайлбарлаж байх ба Ч.Баясгалангийн Хаан банк ХХК-д эзэмшиж байгаа төгрөгийн харилцах данснаас хариуцагчид нийт 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банк ХХК дахь 5058027189 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 283 дугаар зүйлийн 283.1Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол ... шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлснээс хойш буцаан шаардсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг буцаан төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банк ХХК дахь 5058027189 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг буцаан төлсөн талаарх баримтаа гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг буцаан төлөөгүй байх тул хариуцагчаас 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Мягмаржаваас нийт 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Мягмаржаваас нийт 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ