Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/574

 

 

 

 

 

  2021            06            03                                         2021/ДШМ/574    

 

Н.Э-, Ж.Б-,

Г.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Э-, Ж.Б-, Г.С- нарт холбогдох эрүүгийн 2011013790022 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э-,

2. Б-,

3. С-,

 

Шүүгдэгч Н.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 7в байрны 0 тоотод 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч Ж.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota spacio” загварын **** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

шүүгдэгч Г.С- нь Н.Э-г 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд, Ж.Б-ийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дээрх баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Э-, Ж.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.С-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г жолоодох эрхийн үнэмлэх хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Б-ийг жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч С-ыг жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.Э-, Ж.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч нарт ялаас чөлөөлөх, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний аль нэгийг сонгож хэрэглэлгүйгээр "ялаас чөлөөлж, тэнсэж үүрэг хүлээлгэх" -ийг хамтатган хэрэглэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Н.Э-, Ж.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Н.Э-, Ж.Б-, Г.С- нарыг ялаас чөлөөлж, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх, эсхүл тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тус тусдаа хууль зүйн үр дагавар үүсгэдэг, өөр өөр агуулга бүхий зохицуулалт тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эдгээр зохицуулалтаас аль нэгийг сонгон хэрэглэх байтал хамтад нь хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн, прокуророос шүүгдэгч Г.С-ыг “...Н.Э-г 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 774517 дугаартай “жолоочийн түр зөвшөөрөл” бүхий баримт бичгийг хуурамчаар үйлдэхэд, Ж.Б-ийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн...” хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тооцож  хуурамчаар үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг зөрчсөн байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан бөгөөд анхан шатны шүүх Г.С-ы гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг шийдвэрлээгүй орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Н.Э-, Ж.Б-, Г.С- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Э-, Ж.Б-, Г.С- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Н.Э-, Ж.Б-, Г.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН