Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/01987

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары07 өдөр

181/ШШ2022/01987

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч ХХК/РД: /-д холбогдох,

 

Гэрээний стандарт бус нөхцөл болох 21 дүгээр заалт нь хүчингүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу нүүрсний тээврийн хүндрэлийг арилгах жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд Тээвэрчдийн хотхон байгуулах төслийн санхүүжилтэд зориулан Чингис хаан банкнаас 2019.03.25-нд ББГ-2019/ЗГ/26 тоот болон нэмэлт гэрээг байгуулж, 1,650,000,000/Нэг тэрбум зургаан зургаан зуун тавин сая/ төгрөг зээлсэн. Одоогоор, манайх нийт уг зээлээс 1,085,193,279/Нэг тэрбум наян таван сая нэг зуун ерэн гурван мянга хоёр зуун далан ес/ төгрөгийн төлөлт хийгээд байгаа юм.

Уг төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын 2019.04.17-ны №01 тоот Албан даалгавар-аар шийдвэрлэж, 2019 оноос ажил эхэлсэн боловч 2020 оноос одоог хүртэл санхүүжилт тасалдсан нь манай Чингис хаан банк-ны төлбөрт хамгийн хүндээр туссан. Нөгөө талаар, 2020 оноос Чингис хаан банкны санхүү, эдийн засгийн байдал хүндэрч, үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн нь манай үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч, төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт, гэрээний бусад хэрэгжилтийн талаар талууд харилцан ойлголцож тухай бүр зөвшилцөж, харилцан хүлээцтэй хандаж, талуудын эрх ашгийг харгалзаж үзсэн шийдвэрүүд гаргаж ирсэн.

Гэтэл 2021 оны 02-р сарын 5-ны өдөр гэрээлэгч тал болох ******* ХХК-д мэдэгдэхгүй зээлдэгч талын эрх үүргийг гуравдагч тал болох Хас хаан ХХК-нд шилжүүлсэн. Харин бидэнд 5 хоногийн дараа буюу 2021 оны 2-р сарын 9-ний ЧХБ-аас ГЗ1259 тоот албан тоот ирүүлж манай гэрээний дагуу үүссэн үүрэг гүйцэтгэгчийн бүхий л шаардах эрхийг Хас хаан ББСБ-д шилжсэн болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн нь гэрээний 21-р заалтаар зохицуулагдах боловч бидний зүгээс энэхүү гэрээний заалтыг стандарт бус гэж үзэж байна.

Иймээс, Иргэний хуулийн 202-р зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж гэрээнд стандарт бус 21-р заалтыг оруулж ирсэн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан. Чингис хаан банк ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй юм байна лээ. Арилжааны банк Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулдаг. Авсан зээлээ бусад этгээдэд шилжүүлэх эрх байхгүй. Гэрээнд шилжүүлнэ гэж заасан байгаа нь хуулийн стандарт бус заалт юм. Банкны тухай хуулийн 6.2-т зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд андеррайтерын үйлчилгээ үзүүлж болно гэж заасан. Иргэний хуулийн 451.1-т зааснаар гэрээний асуудал зохицуулагдаж байгаа. Гэрээнд маш тодорхой байгаа. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг.  Чингис хаан банк ХХК болон ******* ХХК нарын хүсэл зоригоор гэрээ байгуулагдсан. Гуравдагч этгээд оролцуулна гэсэн заалт огт байхгүй. Хуульд мөн нийцэхгүй. Гэрээний 3.3-т зааснаар гэрээний хугацаа 2020 оны 09 сарын 25-ны өдөр дууссан байгаа. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энэ гэрээг шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан байхад эрх, үүргийг бүхэлд нь ******* ХХК-ийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн. 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-иас гэрээг чинь шилжүүлээд өгсөн шүү гэсэн албан бичиг ирсэн байна лээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа. Зээлдэгч талын эрх ашгийг ноцтой хохироож байгаа. Зээлийн гэрээний 4.11 дэх заалтад зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ зээлдүүлэгчийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй гэж заасан. 21-р зүйлд гэрээний тэгш байдал алдагдсан. Мөн зээлдүүлэгч өөрөө шилжүүлнэ гэж бичсэн. Гэрээний зүйл заалт хууль бус, стандарт бус байгаа. Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл болчихоод байгаа. Гэрээний чөлөөт байдал, зарчим алдагдаад байгаа учраас энэ зүйл заалт стандарт бус нөхцөл юм. Гэрээг хүчингүй болгосноор дараагийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж байна. Гэрээний 1 нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар бусад гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус болохгүй. Стандарт бус нөхцөл зээлдэгч талын эрх ашгийг хохироож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна. гэв.

 

Хариуцагч Чингис хаан банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо миний бие нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

******* ХХК нь Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж байгаа хуулийн этгээд бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэмэлт материал гаргаж өгөх болно.

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ байна. Зээлдэгч ******* ХХК-д гэрээний заалтыг бүгдийг үзүүлээд тайлбарлаж өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулснаас хойш 21-р зүйл заалт хүчин төгөлдөр бус юмаа гэдгийг шалгах бүхэл бүтэн 3 жилийн хугацаа байжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт Хас хаан ББСБ-д шилжүүлсний дараа бид өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн гэдгийг мэдлээ гэж тодорхой заасан байгаа. Стандарт нөхцөл нь гэрээний ерөнхий зүйлийг тайлбарласан гэрээний 1 зүйл болж байгаа. Зөвхөн ******* ХХК-тай байгуулсан гэрээний заалтыг стандарт нөхцөл гэж үзэхгүй. Ямар үндэслэлээр стандарт нөхцөл гэж үзээд байгаа юм. Зээлийн графикаас харахад 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох ёстой байжээ. Гэтэл манай зээлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Хугацаандаа зээлээ төлөөд дуусгасан бол ийм харилцаа үүсэхгүй. Бид өөрсдийн харилцагчийн төлбөрийг барагдуулахын тулд бүх боломж нөөцийг ашиглаж бусад этгээд рүү шилжүүлсэн байна. ******* ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй компани гээд танайх нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Иргэний хуулийн 202.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй иргэнтэй байгуулахаар санал гаргаж байгаа тал дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ 202 дугаар зүйлд заасан холбогдох хуулийн дагуу бид нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлоод заасан. Яг алийг би мэдэхгүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй компанитай 3 жилийн өмнө гэрээ байгуулсан. 21-р зүйл заалтыг ашигласнаар манайд ямар давуу тал үүсээд танайд ямар хохиролтой байдал үүсчихээд байгаа юм. Манайх хохирчихлоо гэх баримт хэрэгт байхгүй. 202 дугаар зүйл заалтад эднийд ашиглагдах заалт алга байна. Холбогдох хуулийг тодруулж чадахгүй учраас хариу тайлбар өгч чадахгүй сууж байна. Тодорхой заагаад өгсөн бол хариу тайлбар өгнө. Нэхэмжлэлийн шаардлага аливаа нэг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болох ёсгүй. 21-р зүйл заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулаад үүсэх үр дагаврыг өөрсдөд ашигтай байдлаар ашиглана гэвэл аль ч шүүх хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг баримталж би тайлбар хэлж байгаа. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/26 Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн баримтаар гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2021/10198 дугаар захирамжийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдуулан гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Чингис хаан банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр № ББГ-2019/ЗГ/26 Зээлийн гэрээ байгуулсан болох нь № ББГ-2019/ЗГ/26 Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.1, 3.2, 3.3, 5, 6-д зааснаар хариуцагч нь 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг, 18/арван найм/ сарын хугацаатай, жилийн 21.6/хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэй, үндсэн хүүний 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь 1,500,000,000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар мараагүй болно.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний 21-т Энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдүүлэгч өөрийн үзэмжээр хэдийд ч бусдад шилжүүлж болно. гэжээ.

 

Хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Хас хаан ББСБ ХХК-д Зээлийн гэрээний болон нэмэлт гэрээний дагуу үүссэн шаардах эрхийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2Хууль, гэрээ ... харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21 дүгээр заалтыг стандарт бус нөхцөл гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21 дүгээр заалт нь стандарт бус маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Зээлийн гэрээний 21 дүгээр заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21 дүгээр заалтыг стандарт бус нөхцөл гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх заалтаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21-р заалтыг стандарт бус нөхцөл гэж маргаж байх боловч уг заалтыг стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох зүйл заалтаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, зөрчилтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний 21-р заалт буюу стандарт бус нөхцөл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд эрх зүйн үр дагаварыг тодорхойлох буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох шаардлагатай ба нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21 дүгээр заалт нь стандарт бус хүчин төгөлдөр бус үзэж байгаа нь зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл буюу шаардах эрхээ тодорхойлсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлдээ зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл буюу шаардах эрхээ тодорхойлсон байх тул гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлдээ зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл буюу шаардах эрхээ тусгасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тусгаж нэхэмжлэлээ дахин гаргаж болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ