Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2022/00567

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 129/ШШ2022/00567

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М овогт Б.Ё,

Хариуцагч: М овогт Ц.О нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,464,442.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Хариуцагч Ц.О,  Б.Ё нарт 2022 оны 09 сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,464,442.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

- Хариуцагч Б.Ё, Ц.О нар нь M харъяа Булган тооцооны төвөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 284 тоот гэрээгээр 25,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2020 оны малын А дансаар 235 толгой малаа барьцаалан малчны зээл авсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 284 тоот зээлийн гэрээнд зээлдэгч Б.Ё болон хамтран зээлдэгч Ц.О нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлдэгч Б.Ё, хамтран зээлдэгч Ц.О нар нь дээрх 284 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2022 оны 04 сарын 04-ний өдөр хийх байсан зээлийн төлөлтийг хийгээгүй. Манай банкны зүгээс үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчид 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг өгсөн, төв банкнаас болон Булган тооцооны төвийн ажилтнууд байнга очиж зээлдэгч нартай уулзаж зээлээ төлөхийг сануулсан. Зээлдэгч Б.Ё, Ц.О нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18,000,000 төгрөг, үндсэн хүү 2,414,141.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,301.36 төгрөг, нийт 20,464,442.44 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 284 тоот зээлийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгө болох адуу 25, үхэр 100, хонь 70, ямаа 40 толгой мал түүний ашиг шимийн орлогоос гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- Т ХХК, Б.Ё, Ц.О нарын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 284 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт,

- Ц.О, Б.Ё нарын иргэний үнэмлэхний хуулбар,

- 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрүүдийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай  мэдэгдлүүд,

- Б.Ё-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Б.Ё, Ц.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20,464,442.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч Б.Ё, Ц.О нар нь Т харъяа Булган тооцооны төвөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2.. тоот гэрээгээр 25,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2020 оны малын А дансаар 235 толгой малаа барьцаалан малчны зээл авсан. Зээлдэгч Б.Ё, хамтран зээлдэгч Ц.О нар нь дээрх 2.. тоот зээлийн гэрээ болон түүний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2022 оны 04 сарын 04-ний өдөр хийх байсан зээлийн төлөлтийг хийгээгүй. Манай банкны зүгээс үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчид 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг өгсөн, төв банкнаас болон Булган тооцооны төвийн ажилтнууд байнга очиж зээлдэгч нартай уулзаж зээлээ төлөхийг сануулсан. Зээлдэгч Б.Ё, Ц.О нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 18,000,000 төгрөг, үндсэн хүү 2,414,141.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,301.36 төгрөг, нийт 20,464,442.44 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2.. тоот зээлийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгө болох адуу 25, үхэр 100, хонь 70, ямаа 40 толгой мал түүний ашиг шимийн орлогоос гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            3. Хариуцагч Б.Ё, Ц.О нар нэхэмжлэлийг 2022 оны 08 сарын 18-ны өдөр гардан авч 2022 оны 09 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч шүүхэд тайлбараа ирүүлээгүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т ХХК, Б.Ё, Ц.О нарын байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2.. дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, барьцааны зүйлийн жагсаалт,  2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрүүдийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлүүд,  Б.Ё-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч Б.Ё, Ц.О нар 2020 оны 10 сарын 05-ны өдөр 284 дугаартай барьцаат зээлийн гэрээг Т банктай байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 235 толгой мал, 5-н ханатай гэр барьцаалж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. 

Талууд барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн Төрийн банкин дахь 18140009.... тоот дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцохоор заасны дагуу зээлдэгч Т, Б.Ё-н эзэмшдэг дансанд зээл 25,000,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 05-ны өдөр шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

Гэрээний 3.3-т “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээх”-ээр заасан тул Ц.О нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч тус бүрээс хэсэгчлэн шаардахаар заагаагүй тул банк үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний 3.2.1-д “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцож, гэрээний 2.1.5-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 4.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний 2.2.1-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, мөн гэрээний 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан.

Төрийн банк 2022 оны 05 сарын 02, 2022 оны 05 сарын 16-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нар зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 4.1.5, 6.2.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” мөн зүйлийн 225 дугаар зүйлийн 225.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг Т  хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл 18,000,000 төгрөг, үндсэн хүү 2,414,141.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,301.36 төгрөг, нийт 20,464,442.44 төгрөгийг хариуцагч Б.Ё, Ц.О нараас шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Ё, Ц.О нар нэхэмжлэлийг 2022 оны 08 сарын 18-ны өдөр гардан авч 2022 оны 09 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг үндэслэн хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэлээ.

6. Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 7.6-д заасан тул хариуцагч Б.Ё, Ц.О нар 20,464,442.44 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг биелүүлээгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйл болох адуу 25, үхэр 100, хонь 70, ямаа 40 толгой малаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.   

            7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,272.22 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ё, Ц.О нараас 260,272.22 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ё, Ц.О нараас 20,464,442.44 /хорин сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Б.Ё, Ц.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох адуу 25, үхэр 100, хонь 70, ямаа 40 толгой малыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,272.22 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ё, Ц.О нараас 260,272.22 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

             4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА