Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгч А.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 11 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн А.Э-т холбогдох эрүүгийн “2510000000983” дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Т овгийн А.Э, 1973 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч болон ач хүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух,

Нийслэлийн шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр маргаантай байсан. Манай эхнэр аавынхаа нутаг руу ганцаараа яваад би үлдсэн. Ирсэн шөнөө унтаж байхад хажуугаар орж ирээд цаашаа хэвт гээд хөлөөрөө жийгээд байхаар нь босож ирээд алгадсан. Гэр бүлийн маргаанаас болоод эхнэртээ гар хүрсэн...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн *** тоотод байхдаа хамтран амьдрагч болох Ц.Ттай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хөл болон толгой, нүүр хэсэг рүү гараар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон зүүн нүдний дээд доод зовхи, баруун хөх, зүүн хацар, эрүү, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 11 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/7890 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХАЛИУН