Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000234 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны оройн 21 цаг 00 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “” хорооллын дунд замаар “ ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт байх “” хорооллын дундах замаар улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...2025 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед жижүүрээс “унадаг дугуйтай хүүхэд машинд шүргүүлээд эмнэлэг дээр ирсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дуудлагын дагуу БОЭТ-ийн хүлээн авах тасаг дээр очиход 10 настай гэх хүүхэд эмээгийн хамт байсан бөгөөд юу болсон талаар асуухад “******* сумын 3 дугаар баг, хорооллын дунд замаар унадаг дугуйтай явж байхад улсын дугаартай маркийн жолооч ******* ах намайг машинаараа шүргэчихсэн. Тэгээд эмээг надтай хамт машинд суулгаад эмнэлэг дээр авчирсан. Тэр ахын машин эмнэлгийн урд талын зогсоол дээр байгаа. Тэр ах согтуу байсан” гэж хэлсэн. Би тухайн хүний машин дээр очиход жолооч нь байгаагүй бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сангаас шүүж үзэхэд ******* ******* гэх хүн гарч ирсэн. Тухайн хүнийг эрэн сурвалжлан ******* сумын 2 дугаар баг, баруун дөрвөн замын хойд талаар алхаад явж байхаар нь саатуулж эрүүлжүүлэх байран дээр авчирч согтолтын зэргийг шалгах гэтэл “би угаагүй, би өдөр архи уусан, одоо гарчихсан байгаа, эрүүл хүн байна” гээд байсан. Тухайн хүнээс архи маш их үнэртэй байсан бөгөөд нэлээн согтуу харагдаж  байсан. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхээр орж Зөрчлийн тухай хуульд зааснаар 1 жил жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэдээлэл сангаас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

насанд хүрээгүй гэрч “...Би ******* сумын 3 дугаар баг, “Овоот”-ын тоотод оршин суудаг. Миний хувьд гэрийнхээ ойролцоо унадаг дугуйгаа унаад гудамжаар ертөнцийн зүгээр урагш чиглэн явж байхад баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан маркийн машины урдуур оронгоо алдсан. Тэр машин ч хурдаа хасан зогсож, би ч дугуйныхаа тоормосыг дарах таараад миний унадаг дугуйны руль хэсэг бага зэрэг далийсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, би тухайн машинд дайруулаагүй бөгөөд тэр машинаас аавын найз ******* буюу ах ганцаараа бууж ирээд зүгээр үү гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгээд эмээг маань хамт суулгаад эмнэлэгт ирсэн. Тэр ахаас архи үнэртээд байсан бөгөөд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон. Цагдаа нарт гомдолгүй гэдгээ хэлсэн хэдий ч тухайн жолооч ах эрхээ хасуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохоор заавал шалгах ёстой гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ДОР/0325/074 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 35/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ЗШ/844 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч цусан дахь спиртийн агууламж 0,9 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 08 дугар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суудаг тул шүүгдэгч 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байхаас гадна тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА