Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2022/00870

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2022/00870

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б,

Хариуцагч:  “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага: “И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан Б/28 тоот тушаалыг  хүчингүй болгуулах тухай 

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажилтны цуглаан захирлын өрөөнд болж, энэ хурал дээр би өөрийн санал бодлоо илэрхийлсний төлөө захирал Э нь дургүйцэж, сахилгын арга хэмжээ тооцлоо, зөрчил гаргалаа гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний цалинг 3 сар 20 хувь хассан тушаал өгсөн. Сахилгын арга хэмжээ авч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Би ямар сахилгын зөрчил гаргаснаа мэдэхгүй байгаа ба миний санал бодлоо хэлсэн нь байгууллагын дотоод журмаар зөрчилд тооцдоггүй зэргийг шалгалгүй үндэслэлгүй арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.

2021 онд надад ийм байдлаар 2 удаа сахилгын арга хэмжээ авч байсан боловч тухайн хүнийг шинээр ажилд орсон, хууль тогтоомжийг уншиж судлаагүй гэх мэт бодол төрж хүндэтгэж гомдол гаргаагүй байсан болно. Энэ байдлыг минь далимдуулж, хууль бус үйлдэл гаргах нь их болж байна.

Энэ асуудлыг шалгуулахаар аймгийн МХГазар, сумын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хороо зэрэгт гомдлоо гаргасан боловч шийдвэрлээгүй.

Иймд надад авсан сахилгын арга хэмжээг үндэслэлгүй болохыг тогтоож, сахилгын арга хэмжээ авсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт нь заагдаагүй ажлыг хэл амаар доромжлон ажиллахыг тулган шаардаж, дээд шатны байгууллага болох холбогдох газруудын зөвшөөрөлгүй албан контор барих ажлыг тус компанийн захирал болсон цагаас хойш бүх ажилчдыг албан контор барих ажил дээр албан хүчээр ажиллуулах ажиллахгүй тохиолдолд арга хэмжээ авах санхүүгийн ажилтны ажлыг ажил биш гэж хамт олны өмнө ёс бус үг хэлээр гутаан доромжлон хүн илт ялгаварлан гадуурхаж дарамт шахалт хэрээс хэтэрч байна. Уг албадан ажиллаас болж тус компаний нярав өнөөдрийг хүртэлх өөрийн ажлаа хийгээгүйгээс болж няравын тайлан мэдээ хугацаа хоцордог. Мөн няравын бараа материалын баримтын бүрдэл дутуу үүнээс үүдэн 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан гараагүй хоцорсон мөн цаашид компанийн санхүүгийн тайлан мэдээнд хоцрогдол үүсэх магадлал өндөр. 2022 оны 05 сарын 30-ны өдрөөс зөвшөөрөлгүй конторын барилгын ажлын дотор засварыг хийхээр З ХХКомпани ажилчид ирсэн эдгээр барилгын хүмүүст байгууллагын бичиг хэрэг Б.Н болон нярав Э.Н нараар барилга барьж байгаа хүмүүсийн хоолыг ажлын цагаар хийлгэж үндсэн ажлыг нь хийлгэхгүй байсан. Санхүүгийн ажлыг хийлгэхгүй барилга барихыг шаардаж мөн компанийн хамар хашаа буюу хувь хүний эзэмшил хашаанаас эзэнд нь хэлэлгүй барилга дээр дам нуруу тавина гэж айлын хашааг нь нурааж ЗИЛ130 машины рам төмөр авах гэж байсан болохоор нь би тус хашааны эзэнд мэдэгдсэн ба хувь хүний эзэмшилд нь халдаж буйг нь эзэн холбогдогчид нь хэлсний төлөө болон барилга дээр ажилласангүй гээд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажилтны цуглаан захирлын өрөөнд болж энэ хурал дээр би өөрийн санал бодлоо илэрхийлсний төлөө захирал Э нь дургүйцэж, сахилгын арга хэмжээ тооцлоо, зөрчил гаргалаа гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний үндсэн цалинг 3 сар 20 хувь хассан тушаал өгсөн. Сахилгын арга хэмжээ авч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Би ямар сахилгын зөрчил гаргаснаа мэдэхгүй байгаа ба миний санал бодлоо хэлсэн нь байгууллагын дотоод журмаар зөрчилд тооцдоггүй зэргийг шалгалгүй үндэслэлгүй арга хэмжээ авч байгаад гомдолтой байна. 2021 онд надад ийм байдлаар 2 удаа сахилгын арга хэмжээ авч байсан боловч тухайн хүнийг шинээр ажилд орсон, хууль тогтоомжийг уншиж судлаагүй гэх мэт бодол төрж хүндэтгэж гомдол гаргаагүй байсан болно. Энэ байдлыг минь далимдуулж, хууль бус үйлдэл гаргах нь их болж байна. Энэ асуудлыг шалгуулахаар аймгийн МХГазар, сумын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хороо зэрэгт гомдлоо гаргасан боловч шийдвэрлээгүй.

Иймд надад авсан И ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр авсан Б/28 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр захирлын зүгээс надад авсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нягтлан бодогч Б би хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан алдаа гаргаагүй. 5 дугаар сарын 09-ний өдөр ажилчдын сонсгол дээр конторын барилгатай холбоотой, айлын хашаанаас авах гэж байсан төмрийг хэлсэн үү гэж Э дарга асуухаар нь хэлсэн гэж хариулахад чи миний бөгсийг ухаж янз бүрийн зүйл ярилаа гэдгээс болж 3 сарын үндсэн цалингийн 20 хувийн арга хэмжээ авсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн нягтлан бодогч ажилтай Б зөвшөөрөлгүй барилга барьж ажилчдыг албан хүчээр дарамтлан цалин хөлсгүй ажиллуулсан гэж мэдүүлжээ. Ямар ч тохиолдолд хүнийг ор үндэслэлгүй худлаа гүтгэх нь хуулиар хориотой байдаг байх гэж бодож байна. Тухайн барилгын ажлыг компанийн хувьцаа эзэмшигчдын хурлаар хэлэлцүүлэн 2022 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусган ТУЗ-өөр батлуулан хийгдэж байгаа ажил болохоос нягтлангийн хэлдэг шиг дураараа байгууллагын мөнгөнөөс нягтлан бодогчоо загнаж гаргаад барилга байшин барьдаггүй байх гэж бодож байна. Хууль бус юм хийсэн бол нягтлан бодогч тухайн мөнгийг данснаас гаргахгүй байх байсан болов уу гэж бодож байна. Нотлох баримтыг хавсаргасан байгаа. Тухайн барилгын ажлыг байгууллагын нөөц бололцоо ажилчдын хүчээр барина гэж анхнаасаа төлөвлөж хөлс мөнгө тусгаагүй барилгын материал багаж хэрэгслийн зардал болох 40,000 сая төгрөг тусгасан нь барилгын материалын зардал  өссөнтэй холбогдон хүрэхгүй шахам болсон ба ажилчдыг ажлын цагаар нь өөрсдийн нь зөвшөөрөлтэйгээр барилгын ажил хийлгэсэн ба зөвшөөрөлгүй барилгын ажилд оролцож ганц хадаас хадаагүй нь энэ хоёр л байгаа шүү. Ажилчдыг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил хийлгэлээ хөрөнгө мөнгө нь тусгагдсан ажлыг цалин хөлсгүй хийлгэлээ гээд угаасаа энэ барилгыг барихад бүгд дургүй байгаа үндсэн ажлыг нь хийлгэсэнгүй гэх зэргээр хэрүүл тэмцэл хэл ам хийгээд байхаар нь би өөрийнхөө сууцны байшинг бариулах далимаар хотоос мэргэжлийн барилгын ажилчид гуйж авчирч байгууллагаас нэг ч төгрөгний хөлсгүйгээр барилгын ажлыг дуусгасан ба хоол унд, унаа тэрэгний бүх зардлыг хувиасаа гарган хийлгүүлсэн байгаа. Ажилчдыг бол ажлын нь цагаар авдаг цалинг нь өгөөд сайн ажилласныг нь урамшуулаад ажиллуусан юм даа. Няравыг ажлыг нь хийлгэхгүй тайлан мэдээ хоцроосон гэжээ. Барилгын ажилчдын хоолыг ажлын цаг заваа гарган өдөр 1-2 цагт цайны цагаар ажил тарсны дараа орой 7-8 цагийн үед нэг хийж өгөх боломж байна уу гэж эмэгтэй ажилчдаас гуйхад бичиг хэрэг, нярав цайны цагаар болон ажлын дараа, худгийн хүүхнүүд амралтынхаа өдрөөр ээлжлэн хийж өгсөн. ХАБЭА-н ажилтан Д.Баас бусад нь оролцсон ч хийх ёсгүй ажил хийлгэлээ цалин хөлс өг гэж гомдол санал гаргаагүй ба хамгийн олон удаа хоол цай хийсэн ажилтнууддаа урамшуулал олгосон байгаа. Манай байгууллага бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ЗДТГ шиг өдөр бүр цаг минут тутам хүмүүс ирээд л иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш л дээ сэтгэл байвал нэг битгий хэл нилээд хэдэн өдөр ч гадуур ажиллах боломжтой. Төсвийн байгууллагын ажилчид хэдийгээр тийм ч гэсэн өнгөрсөн 6, 7 сард баярын талбай барих, 00 ухах, барих, хурдан морины зам засах, үерийн шуудуу, зам засах гээл цаг наргүй зарим үед харанхуй болтол л ажиллаж харагдах юм ганц хүн илүү цагийн хөлс авна, хийх ёсгүй ажил хийлгэлээ гэж ярихыг сонсоогү л юм байна. Хүчээр дарамтлан ажил хийлгэсэн бол энэ ажилтан яагаад хийгээгүй юм бол. Тус ажлыг 06 сарын 01-нээс 15-ны хооронд 15 хоногийн хугацаанд барихад ажлын 11 хоног амралтын З-н өдөр таарсан баймаар юм үлдсэн 15 хоногт мэдээгээ гаргачихаж болмоор л юм даа. Нөхөр нягтлан эхнэртэйгээ долоон сард хоёр хоногийн ажил таслан амралтын хуудсаа ч авалгүй амраад 8 сарын 15-нд ажилд орох ёстой байтал 8 сарын 29-нд 14 хоногийн дараа ирээд цалингаа бүтэн бодоод гарын үсэг зуруулах гэсэн юм гээд ороод ирвэл яахав. Тэгэхээр нь заа та хоёр хоёул хоёулаа 10 өдрийн ажил тасалчихаад цалингаа бүтэн бодоод ирдэг чинь ёс зүйтэй байна уу, шудрага байна уу бусад ажилчид чинь та хоёрт цалин олгочихвол намайг юу гэж бодохов ингээд яваад байж болдог юм байна гээд яваад байвал яахав ямар үлгэр жишээ үзүүлээд байгаан ядаж ажил тасалсан хугацааныхаа чөлөө хүссэн өргөдлөө нөхөөд бичээд ир тэгвэл цалинг чинь олгоё гэж гуйж байж өргөдлийг нь нөхөж бичүүлж цалинг нь олгосон байгаа. Ирсэн өдрөө шүүхээс дуудсан явлаа гэхээр нь чөлөө хүссэн өргөдлөө бичээд яваарай гэхэд эхнэр нь заавал бичих ёстой юм уу ядаргаатай юм бэ ч гэх шиг янз бүрээр дуудаж байж бичсэн болоод явж байгаан. Маргааш нь хүүхэд өвдөөд эмнэлгээр явж байна гэж хэлүүлээд ирээгүй ийм л хүмүүс хэл ам хийгээд цалин цавуу хаслаа гээд явах юм даа. Хуулиар бол шууд халах ёстой биз дээ. Харин ч хэтэрхий зөөлөн хандаад байгаа шүү. 9 сарын 06-нд үдээс хойш 16 цагийн үед ажлаасаа гарсан ба шүүх дуудсан чөлөө авна гэж юм яриагүй 18 цагт ажил тартал ирээгүй. 9 сарын 07-ны өглөө ширээн дээр чөлөө хүссэн өргөдөл байна яах вэ гэсээр механик өргөдөл барьсаар авч орж ирсэн. Таньтай ярьсан юм уу утас шөрмөсөөр хэлсэн үү гэтэл юу ч яриагүй ширээн дээр ийм л юм байж байна яах вэ гэхээр нь би шүүхээс асууж байж цохолт хийе дээ гээд авсан одоо харин асууж байгаад чөлөөний хуудсанд нь цохолт хийнэ дээ. Шүүх шөнийн цагаар хүн дуудна гэж баймааргүй юм даа. Дуудсан ч утсаар хэлчихээд чөлөөний хуудсаа өгч амжсангүй ширээн дээр тавьлаа шүү гээд хэлчихээд явж болмоор доо. Өөрсдөө болохоор ганц цалин хасахаар үхчих гээд хууль зөрчлөө, хүн хохироолоо, хүний хөдөлмөр мөлжлөө, ялгаварлан гадуурхпаа гээд явдаг. Өрөөлийг болохоор цалинг нь дутуу бодно аль 5 сард хот явсан жолоочийн томилолтыг бодохгүй одоо хүртэл өгөөгүй бүтэн 4 сар болгож чирэгдүүлж байгаа нь ажилчидаа үл хүндэтгэн ажпын хариуцлага алдаж байгаа явдал биш гэж үзэх үү. Жилийн 360 хоногоос дунджаар амралтын 104 хоног хасагдахаар ажлын 256 хоног ажиллахаас ганц хоёрхон өдөр гадуур ажил хийж болдоггүй байгааг удирдлагын зүгээс ойлгохгүй л байна даа. ХАБЭА-н ажилтан бол ажлын байранд биеэр очиж ажлын байртай танилцаж аюулгүй байдал эрүүл ахуйг нь хангаж ажиллах үүрэгтэй байх шүү. 09 сарын 06-ны өдрийн сонсгол дээр дээрхи алдаа дутагдлыг нь хэлж худаг дээр сууж байгаа няравтай ээлжлэн үлдсэн хоёр хоногт нь бичиг хэргийн ажилтан Б.Н, ХАБЭА-н ажилтан Д.Б нарыг нэг нэг өдөр суучих, худгийн ажилтан ортол гэхэд суухгүй чадахгүй гэхээр нь яагаад сууж болдоггүй юм нэг ажилтнаа амраан ажлын цагаар ажлыг нь хуваалцаад хийхэд юу нь болохгүй байна бусад нь хийгээд болоод байхад та яагаад болдоггүй юм гэж хэлсний төлөө нөхөр Б өмөөрч хэрүүл хийж сонсгол ч хийлгэлгүй ажилчдыг тараасан . Хэсэг хугацааны дараа утас барьж орж ирэн бичлэг хийн хэрүүл өдөөд байхаар нь зайл өрөөнөөс гар гээд гарахгүй хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд салаавч өгсөн бодвол шүүх хуралд ашиглах гэж байгаа байлгүй дээ. Айлын хашаа нурааж машины рам хулгай хийх нь холгүй юм бичжээ. Барилгын дам нурууг баганагүй хийвэл ямар вэ төмрөөр тавьбал зүгээр юм гэж ярилцахад бохирын жолооч Б.Б, сантехникч Л.Б нар манай гражын урд элсэнд булагдсан төмөр байгаа нэг талыг нь дээр үед ухаад авчихсан нэг нь одоо салхинд цухуйгаад гараад ирсэн байна лээ гэхээр нь ухаж гаргах санаатай үзэж байтал тэр хашааг нь эдний төрөл их эмч Б авсан байсан юм байна л даа гэхдээ газарт булаатай зэвтэй төмрийг ч арай худалдаж аваагүй л байх л даа түүнийг л бараг хүний өмчинд зөвшөөрөлгүй халдлаа хулгай хийлээ гэж бөөн хэрүүл болгож арай л цагдаад өгөөгүй салсан шүү. Бараг өгөх байлгүй дээ. Ах Б нь бас бичлэг хийгээд л байна билээ. Сахилгын арга хэмжээний тухайд тайлбар хүргүүлсэн байгаа. ТУЗ-ыг төлөөлж байгаа ба байгууллагын удирдлагын хувьд хүсэхэд боломжтой бол шүүх хурлыг суманд нь байгууллагын ажилчид болон ТУЗ-ын гишүүдийг оролцуулан хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулъя гэсэн саналтай байна. Би энэ тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Нягтлангийн бус дотоод ажилд ямар ч оролцоо байхгүй. Зөвхөн би өөрийнхөө ажлыг хийнэ гэдэг. Манай байгууллагад тулгамдсан зайлшгүй тохиолдолд худагт суух, ээлжид гарах гэсэн ажлууд зөндөө байдаг. 2021 оноос эхлээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй ганц өдөр худаг дээр суухгүй, бусад ажилд туслахгүй байдалтай 6 сар болсон учраас эцэст нь ийм арга хэмжээ авсан гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын Б/28 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (өдөр засвартай), Х аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 04-ний Б/22 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 04-ний Б/23 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/283 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/187 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,Бгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, тайлбар, ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бичгийн цаасан дээр өнгөтөөр хэвлүүлсэн тус бүртээ тайлбартай 11 гэрэл зураг, Бгийн И ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Бд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/253 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И ХХК-ийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тайлбар, бичгийн цаасан дээр өнгөтөөр хэвлүүлсэн тус бүртээ тайлбартай 9 гэрэл зураг, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шаардах хуудасны хуулбар, 2022 оны 5 дугаар сард авсан бензин, түлшний тодорхойлолтын хуулбар, И ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчаас Х аймгийн И сумын И орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/4 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/122 албан бичиг, түүний хавсралт 1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И ХХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/21 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б, Д.Б нарын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр И ХХК-ийн захирал Эт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/282 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Х аймгийн И сумын И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаар тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б, Д.Б нарын И ХХК-ийн механик Д.Бд гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр И ХХК-ийн захирал Эт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр И ХХК-ийн захирал Эт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бын 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр И ХХК-ийн захирал Эт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бгийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр И ХХК-ийн захирал Эт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И ХХК-ийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

Шүүх 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийнХ аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар  “Сахилгын сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж үүнийхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Үүнд: ...ямар ч үндэслэлгүй, би ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө надад ямар ч  үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан.  Манай байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гэж байхгүй учир би Х аймгийн И сумын засаг даргын тамгын газартаа хандсан боловч одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй учир шүүхэд хандсан гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Миний ажил үүргийн хуваарьт байхгүй гээд байдаг хүнд арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс  И сумын И ОНӨААТҮГ-т компанид нягтлан бодогчоор ажилласан ба тухай аж ахуйн нэгж байгууллага нь нэршлийн хувьд өөрчлөгдөн одоо “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, тус байгууллагын захирлын  2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Бд сарын үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаанд бууруулж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Зохигчид “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг үндэслэлтэй, үгүй эсэх талаар маргасан.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.8-д зааснаар хөдөлмөрийн эрхийн дээрх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д  Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л чармайлтыг гаргах үүрэгтэй гэж,

Мөн зүйлийн 154.2-т ...урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч тус хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр И хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй учир Х аймгийн И сумын засаг даргын тамгын газарт хандсан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо байгуулагдаагүй гэсэн хариуг өгснийг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Ажил олгогчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1. И ХХК-ийн Нягтлан бодогч Б нь тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул сарын үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсугай... гэжээ.

Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрхийн маргаан бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд хуульчилсан байна.

Ажилтны хөдөлмөрлөх эрхийг хөндсөн ажил олгогчийн шийдвэр эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд нийцсэн, үндэслэл бүхий, ойлгомжтой, тодорхой байхаас гадна ажил олгогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээс өмнө тодорхой ажиллагааг хуульд зааснаар явуулсан байх учиртай.

Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг 123.2.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй, хууль зөрчсөн, ажил олгогчийн тушаалд баримталсан заалтууд нь ойлгомжгүй (дотоод журмаа шинэчлэн хуульд нийцүүлээгүйгээс байгууллагын дотоод хэм хэмжээнд хуучин мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хуулийн зүйл заалт тусгагдсан хэвээр) байгаагаас гадна нэхэмжлэгч Б хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар зөрчил дутагдал гаргасан нь тусгагдаагүй учир ажилтныг хэзээ, ямар зөрчил гаргасныг тушаалаас харах боломжгүй, ажил олгогч зөрчил дутагдлын хэр хэмжээг хэрхэн харгалзаж үзэн уг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар  “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА