| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2022/00438/И |
| Дугаар | 103/ШШ2022/00434 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2022/00434
2022 10 13 103/ШШ2022/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны 8 тоотод оршин суух, Бөхчүүд овогт Пүрэврагчаагийн Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 11 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Рашааныхан овогт Батжаргалын Ууганжаргалд холбогдох өмгөөллийн хөлс 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: П.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Ууганжаргал нь хууль бусаар, итгэмжлэлийн хугацаа хэтрүүлэн, хэт удаан хугацаагаар зээлийн барьцаанд тавьж, намайг 5 жилийн хугацаанд авто машинаа захиран зарцуулах боломжгүй байдалд байлгасан. Бид энэ асуудлыг эвээр шийдвэрлэх боломжгүй байсан учраас би машинаа зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, өөрийн өмчлөлдөө авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлаар хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн төлбөрт 1,400,000 төгрөг төлсөн. Б.Ууганжаргал итгэл алдаж намайг хохироогоогүй бол надаас энэ зардал гарахгүй байх байсан. Б.Ууганжаргал миний машиныг барьцаанд тавьсан байсныг би суллуулж авахаар шүүхэд хандахдаа өмгөөлөгч хөлсөлсөн. Энэ зардлаа гаргуулах хүсэлтэй байна. Иймд Б.Ууганжаргалаас надад учирсан хохирол 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ууганжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Машиныг барьцаанд тавиад авч өгөхгүй гэж хэлээгүй түр хугацаа өгч хүлээж байгаач гэж хэлсэн. Энэ машиныг шүүхээр эвлэрлийн гэрээ хийж их хэмжээний мөнгө төлж чөлөөлж байгаа учраас энэ нэхэмжилсэн мөнгийг өгөхөөс татгалзаж байна. Нэмж мөнгө төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэбаатар нь хариуцагч Б.Ууганжаргалд холбогдуулан өмгөөллийн хөлс 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би хуулийн мэдлэггүй учир өөрийнхөө өмнөөс итгэмжлэл олгож шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсан. Түүний төлбөрт 1,400,000 төгрөгийг төлсөн гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Эрдэнэбаатарын машиныг барьцаанаас чөлөөлөх гэж их хэмжээний мөнгө төлж байгаа учраас нэмж мөнгө төлөх боломжгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нь П.Эрдэнэбаатар нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа Ууганжаргалаас надад учирсан хохирол болох 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон бол шүүх хуралдаан дээр Ууганжаргал миний машиныг барьцаанд тавьсан байсныг би суллуулж авахаар шүүхэд хандахдаа өмгөөлөгч хөлсөлсөн, энэ зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлох зорилгоор өөрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байх бөгөөд уг хуулгаас харахад 2022.8.8-ны өдөр 700,000 төгрөг, 2022.6.27-ны өдөр 300,000 төгрөг, 2022.6.28-ны өдөр 400,000 төгрөгийг 5700416166 дугаартай данс руу шилжүүлсэн байна. Уг данс нь хэний данс болох, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн болох нь тодорхойгүй, утга дээр Эрдэнэбаатар гэж бичсэн байгааг өмгөөлөгч хөлсөлж, өмгөөлөгчийн дансанд төлбөрийг шилжүүлсэн байна гэж шүүх шууд дүгнэх боломжгүй юм. /хх-ийн 3-5/
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч, тэрээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шүүх хуралдаанд өөрийн нэрийн өмнөөс оролцуулсан аль нь болох, мөн өмгөөллийн хөлс эсвэл өөрт учирсан хохирол, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн төлбөрийн аль нь болох нь тодорхойгүй, энэ талаар ямар ч баримтгүй /өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, итгэмжлэл, шүүхийн шийдвэр гэх мэт/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчдын хооронд иргэний эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч П.Эрдэнэбаатар нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаар тодорхой үүрэг гүйцэтгүүлж өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардах эрх гаргах боломжгүй байна гэж үзлээ.
Хариуцагч Б.Ууганжаргалд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт болох шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Бөхчүүд овогт Пүрэврагчаагийн Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй, Рашааныхан овогт Батжаргалын Ууганжаргалд холбогдох өмгөөллийн хөлс 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ