| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0408/э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005780498 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1, 195 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хөхнүүд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд Nissan note маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд ерөнхий жижүүр 102-оос Шүр захын хойд талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр хоёр машин мөргөлдсөн байна, тухайн дуудлага руу очоорой гэсний дагуу очсон. ...жолоочийг шалгахад Nissan Note маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нөгөө Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь эрүүл байсан. Тэгээд Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ын жолооны эрхийн үнэмлэх байгаа эсэхийг шалгахад 2024 оны 07 дугаар сард мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр орж 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан. Тэгээд жолооны эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон болохоор журмын хашаанд очиж тухайн жолоочийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар шалгахад 2,787% согтолттой байсан...” гэжээ. /хх-ийн 9-10/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн шинжээчээр 24 цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 16 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг Шүр захын хойд талын гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар дээр машин мөргөлдсөн гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 83-60 УБП улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэл нь зам тавьж өгөх үүргээ биелүүлэлгүй чигээрээ явж байсан Nissan Note маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч нарын согтолтыг шалгахад приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл, харин нөгөө Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь драгер багажаар шалгуулахаар цагдаагийн зохицуулагч ын хамт явуулсан. ...Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 2024 оны 07 дугаар сард эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 2,700,000 төгрөгөөр торгуулаад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан. Тэгээд жолооны эрхээ хасуулсан үедээ дахин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болохоор тухайн өдөр гарч байсан жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэжээ. /хх-ийн 11-12/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...миний хувьд болсон асуудлын талаар өмнө нь дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн. ...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай төрсөн ах намайг гэртээ дуудсан. ...гэрт нь очоод 0,33 литрийн хэмжээтэй, Хараа нэртэй архи дээрээс нь бага зэрэг уучихсан байхаар нь уг архийг би ганцаараа уучихсан. Тэгээд 15-16 цагийн үед гэрээс нь гараад Шүр захын хойд талын гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар дээр явж байхад миний урдуур нэг машин гэнэтхэн орж ирээд би араас нь мөргөчихсөн. ...Миний хувьд 2024 оны 07 дугаар сард шүүхээр орж эрхээ 1 жилээр хасуулж, 2,700,000 төгрөгийн торгох ял авсан байсан. Мөн архи уучихсан явж байгаад осол гаргасан. ...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. /хх-ийн 28-29/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 50-51/
*******ын иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 47-49/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-37/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ болон шүүх хуралдаанд улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/1236 тоот “*******ын ялын тооцоо хүргүүлэх тухай” албан бичиг /1 хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 тоот “*******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тогтоол /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хөхнүүд овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд талын гэрлэн дохиотой уулзвар замаар ******* улсын дугаартай, Nissan note маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...2024 оны 07 дугаар сард шүүхээр орж эрхээ 1 жилээр хасуулж, 2,700,000 төгрөгийн торгох ял авсан байсан. Мөн архи уучихсан явж байгаад осол гаргасан...” гэх мэдүүлэг,
түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ”...Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь драгер багажаар шалгуулахаар цагдаагийн зохицуулагч ын хамт явуулсан. ...Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 2024 оны 07 дугаар сард эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 2,700,000 төгрөгөөр торгуулаад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан. Тэгээд жолооны эрхээ хасуулсан үедээ дахин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болохоор тухайн өдөр гарч байсан жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх, гэрч ын “...жолооны эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон болохоор журмын хашаанд очиж тухайн жолоочийн согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар шалгахад 2,787% согтолттой байсан...” гэх мэдүүлэг,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот “...******* гэж хаягласан цусанд 3,9 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын амьсгал дахь спиртийн агууламж 2,787 промиль, цусан дахь спиртийн агууламж 3,9 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 347 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байх боловч тэрээр шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн хугацаандаа дахин тус гэмт хэргийг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй, хууль бус үйлдэл хийснээ ойлгож ухамсарлаагүй хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суудаг байх тул шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн … бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч ******* нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлсэн байх бөгөөд түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацаа нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болжээ.
Иймд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх боловч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхнүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА