Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/575

 

 

 

 

 

   2021            06            03                                        2021/ДШМ/575    

 

Ж.Т-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Т-ад холбогдох эрүүгийн 2006038032806 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т-,

Ж.Т- нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох “Борцгор” хотон шувууны хошууг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-ыг нэн ховор ан амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ж.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Т-аас 13.140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар /РД:9077049/-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлж, Ж.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасанд хамаарч байна. Ж.Т- нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Өмнөд судан улсад цэргийн үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн үйл баримт тогтоогддог. Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаад ирэхдээ хэрэгт авагдсан 2 хотон шувууны хошууг авч ирсэн гэдгээ мэдүүлдэг бөгөөд энэ байдал нь хамт үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн гэрч Ш.М-ын мэдүүлгээр тогтоогддог. Мөн энэ байдлыг өөр олон гэрчүүд нотлох боломжтой боловч энэ талаар ажиллагаа хийлгэхээр өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан боловч шүүх хүлээж аваагүй болно.

Шинжээчийн дүгнэлтээр уг хоёр ширхэг хошууны нэг нь борцгор хотон шувууных, нөгөө нь цагаан хотон шувууны хошуу гэж тогтоосон. Борцгор хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, Өмнөд судан улсад байдаггүй. Харин цагаан хотон шувуу нь Монгол улсад бүртгэгдээгүй гэж дүгнэсэн. Борцгор хотон шувуу нь Өмнөд судан улсад байдаггүй учир Ж.Т-ын уг хоёр хошууг Өмнөд судан улсаас авч ирсэн болох нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байгаа бол Монгол оронд байдаггүй цагаан хотон шувууны хошуу хаанаас гарч ирсэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Иймд шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт үндэслэж уг борцгор хотон шувууны хошууг Өмнөд судан улсаас авч ирсэн болох нь үгүйсгэгдэж байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэт явцуу бөгөөд таамагт үндэслэсэн байна. Уг борцгор хотон шувуу нь зөвхөн Монгол оронд байдаггүй дэлхийн маш олон оронд тархсан нүүдлийн шувуу. Уг шувууг Монгол Улс Амьтны тухай хуулиараа нэн ховор амьтанд хамааруулж хамгаалдаг. Амьтны тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Эрүүгийн хууль бол уг амьтныг Монгол оронд нүүдэллэн ирж өндөглөн, зусаад буцах хугацаанд нь хамгаалах зорилготой. Тэрнээс биш дэлхийн хаа нэг улсад очиж шувууг хамгаалж чадахгүй. Гадаад улсаас буюу Өмнөд судан улсаас борцгор хотон шувууны хошууг авч ирсэн үйлдэл нь Монгол орны хүрээлэн буй орчин, амьтны аймагт бодит хохирол учирсан гэж үзэхээргүй, Ж.Т-ын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний объект үгүйсгэгдэж байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 2 дахь хэсэг нь тухайн амьтныг заавал агнасан байхыг шаардахгүй ч гэсэн хуулийнх нь зорилго бол уг амьтныг хамгаалж байгаа хэлбэр учраас байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо амьтных нь үнэлгээгээр тооцдог. Иймд Ж.Т-ын үйлдлийн улмаас Монгол орны байгаль орчин, хүрээлэн буй орчинд бодит хохирол учраагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхээргүй байна. Түүний гэм буруу нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Т-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би уг хотон шувууны хоёр хошууг Өмнөд судан улсад энхийг сахиулах ажиллагаанд яваад ирэхдээ авчирсан Тухайн хоёр хотон шувууны нэг нь Африк тивд, нөгөөдөх нь Монгол улсад байдаггүй гэсэн учраас гайхаж байна. Би өөрийн гэм бурууг хүлээж байна, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн зорилго нь хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт хадлагаас хамгаалах юм. Хүн төрөлхтний аюулгүй байдал гэдэгт байгаль экологийн тэнцвэрт байдал орох учраас өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРHОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Ж.Т- нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох “Борцгор” хотон шувууны хошууг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын “...Борцгор хотон шувуу нь нэн ховор амьтны жагсаалтад орсон. ...Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Борцгор” хотон шувуу 6.570.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг тул зохих журмын дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” /хх 19-21/,

шинжээч Б.Энхтуяагийн “...дүгнэлт гаргуулахаар шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг шувууны хошуу нь гадна талын харагдах байдлаасаа болон шувуу судлалын содон шинж тэмдгүүдээр “Борцгор” хотон, “Цагаан” хотон шувууны хошуунууд болох нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдож байсан. ...“Борцгор” хотон шувуу нь Өмнөд Судан улсад нүүдэллэж болон суурьшин амьдарч байсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. ...” /хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг эд мөрийн баримт нь Хотонгийнхон овгийн 1 бодгаль “Борцгор” хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болон 1 бодгаль “Цагаан” хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болохыг тогтоолоо. …“Борцгор” хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. ...”Борцгор” хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Амьтны тухай хуулийн 7.1-д зааснаар нэн ховор зүйлийн жагсаалтанд орсон байдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн нэгдүгээр хавсралтанд бүртгэлтэй...” болохыг тогтоосон Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 25-26/, нэн ховор амьтан болох “Борцгор” хотон шувууны  нэг ширхэг хошууг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 7, 97/, “...Эртний эдлэл авна, зарна гэсэн зар дээр “Борцгор” хотон шувууны хоёр хошуу зарна гэсэн мэдээллийг авч шалгахад иргэн Ж.Т- нь биедээ шувууны хоёр хошуу авч, бусдад борлуулах гэж байсныг илрүүлэв.” гэсэн цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх 4/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Ж.Т- гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ж.Т- нь нэн ховор амьтан болох “Борцгор” хотон шувууны хошууг худалдах зорилгоор хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж тусгайлан заасан төдийгүй, мөн зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж зааснаар борцгор хотон шувууны нөхөн төлбөр 13.140.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч С.Батдэлгэр “...Ж.Т- нь хотон шувууны хошууг Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа худалдаж авсан бөгөөд Монгол орны байгаль орчин, хүрээлэн буй орчинд бодит хохирол учраагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ж.Т- нь “Борцгор” хотон шувууны хошууг Өмнөд Судан улсад цэргийн үүрэг гүйцэтгэж байхдаа худалдан авч, 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг нотолсон баримтат мэдээлэл байхгүйн дээр “…”Борцгор” хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. ...” гэх шинжээчийн дүгнэлт, “...”Борцгор” хотон шувуу нь Өмнөд Судан улсад нүүдэллэж болон суурьшин амьдарч байсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. ...” гэх шинжээчийн мэдүүлэг зэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн “Борцгор” хотон шувуу нь Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарч, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн /CITES-Монгол Улсын нэгдэн орсон/ 1 дүгээр хавсралтад багтдаг бөгөөд эдгээр зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг худалдаалахыг зөвхөн онцгой нөхцөлд зөвшөөрөх ба худалдаалах үйл ажиллагааг тэдгээрийн оршин тогтнох байдал аюул занал учруулахгүйгээр хатуу хяналт, зохицуулалтын дор явуулах талаар уг конвенцийн Гуравдугаар зүйлд тодорхой тусгажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН