Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0953

 

 

 

 

 

    2022         12          15                                     128/ШШ2022/0953

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******”  ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Б.А*******

Хариуцагч: Байгаль  орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” 40 дүгээр тушаалаар анх нэхэмжлэгч “О*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Ж*******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгож,  Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/2******* дугаартай гэрчилгээг бичиж олгосон.

2.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/321 дугаар тушаалаар мөн нэхэмжлэгч “О*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/564 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байх бөгөөд гэрчилгээний хавсралтад талбайн хэмжээ 10 га гэжээ.

 

2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/43 дугаар тушаалаар “О*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т******* ам нэртэй газарт байрлах 6.5 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2.4.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “О*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “газар ашиглах эрх сэргээлгэх тухай” 55 дугаартай албан бичгээр хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03/6024 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

            2.5.Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд анх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  ”Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.6.Тус шүүх “О*******” ХХК-ийн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр захиргааны үүсгэсэн.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  "О*******" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т******* ам нэртэй газарт 10 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон ба гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу ашиглаж ирсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн гэжээ.

Тухайн шийдвэр гарах гэж байгаа болон гарсан тухай бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй тул дээрх хуулиудыг зөрчиж газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Процессын хувьд захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл нь эдгээр ажиллагааг явуулсан баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй учраас процессын алдаа гаргасан гэж үзэж байна. “О*******” ХХК нь 2006 оноос хойш нийт 10 га газрыг ашиглах эрхтэй байсан бөгөөд. Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч компанийн 6,5 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож байна гэсэн байдаг. Энэ тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй, илэрхий хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Хариуцагчаас А/43 тоот тушаалыг мэдсэнээс хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчсөн байхаас гадна илт хууль зөрчсөн захиргааны акт гэсэн үндэслэлүүдэд хамруулж үзэх боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. 10 газраас 6,5 га газрыг ямар үндэслэлээр хэсэгчилж хүчингүй болгосон нь тодорхойгүй байх тул хууль хэрэглээний алдаатай гарсан тушаал гэдэг нь харагдаж байна.

Газар ашиглах эрхээ сунгуулахгүй гэж хүсэлт өгсөн гэж хариуцагчаас тайлбарладаг. Хүсэлтийг гүйцэтгэх захирал Д.Д******* биш тухайн үед Б.Ц******* гэж хүн гаргасан гэдэг. Үүнд шүүхээс шинжээч томилж гарын үсгийн хэв загварыг шинжлүүлэхэд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 58 албан бичигт байгаа гарын үсэг нь Д.Д*******гийнх болон Б.Ц*******ийн гарын үсэг тохирохгүй байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 тоот албан бичигт Б.Ц*******ийн гарын үсэгтэй тохирч байна гэсэн байдаг. Тухайн үед хүсэлтийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь лавлагаанаас харахад Д.Д******* гэж хүн бөгөөд Компанийн тухай хуулийн 83-т компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлсон бөгөөд захиргааны байгууллагаас гарах захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд энэ асуудлыг хянаж шалгах ажиллагаа хийгдээгүй. Тийм учраас хүсэлт гаргасан гэж үзэхгүй. Эдгээр үндэслэлүүдээр А/43 тоот тушаал “О*******” ХХК-д холбогдож гарахдаа хууль зөрчсөн байх тул тухайн тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тус компанид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Т******* аманд 3.5 га газрыг 5 жилийн хугацаагаар олгосон. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй учраас Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг үндэслэн газар ашиглах эрхийг нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сайдын А/43 дугаар тушаалаар дуусгавар болгосон.

Маргаан бүхий захиргааны акт 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан. Нэхэмжлэгч компани 2022 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааг зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй, “О*******” ХХК нь 2006 оноос хойш нийт 10 га газрыг ашиглах эрхтэй байсан бөгөөд 10 газраас 6,5 га газрыг ямар үндэслэлээр хэсэгчилж хүчингүй болгосон нь тодорхойгүй байх тул хууль хэрэглээ, утга агуулгын илэрхий алдаатай гарсан тушаал гэдэг нь харагдаж байна. Газар ашиглах эрхээ сунгуулахгүй гэж хүсэлт өгсөн гэдэг ч захиргааны байгууллагаас гарах захиргааны актын улмаас тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд энэ асуудлыг хянаж шалгах ажиллагаа хийгдээгүй. Тийм учраас хүсэлт гаргасан гэж үзэхгүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж  тус тус маргажээ.

3.Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” 40 дүгээр тушаалаар анх нэхэмжлэгч “О*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Ж*******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгосон байна.

4.Дээрх тушаалыг үндэслэн Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/2******* дугаартай гэрчилгээг бичиж олгожээ.

5.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/321 дугаар тушаалаар мөн нэхэмжлэгч “О*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгосон байна.

6.Мөн дээрх тушаалыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/564 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байх бөгөөд гэрчилгээний хавсралтад талбайн хэмжээ 10 га гэжээ.

7.Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1715 дугаар албан бичигт:“... Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр тушаалаар 6.5 га газар ашиглах эрх олгож Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2******* дугаартай гэрчилгээнд газрын байршлыг “Ж*******ын ам” гэж алдаатай бичсэн байна.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар мөн “О*******” ХХК-д 3.5 га газар ашиглах эрх олгож 2015/564 дугаартай гэрчилгээнд байршил “Т******* ам” гэж бичигдсэн байна.

Дээрх газар ашиглах эрх үүссэн 10.0 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд байрлалтай бөгөөд 2015/564 дугаартай гэрчилгээний хавсралтад 10.0 га газрын солбицлын цэг бичигдсэн байна.” гэжээ.

8.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч “О*******” ХХК  нь Богдхан уулын дархан цаазат газрын “Т******* ам”-нд 10 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон эрхийн дагуу ашиглаж байсан байна.

9.Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/43 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналуудыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “О*******” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар эрх олгогдсон Богдхан уулын дархан цаазат газрын “Т******* ам”-нд байршилтай 6.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “О*******” ХХК нь 2006 оноос хойш нийт 10 га газрыг ашиглах эрхтэй байсан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий тушаалаар 6.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль хэрэглээ болон утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээр байна.” гэжээ.

11.Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйл. “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно.”, 47.1.1. “Утга агуулгын илэрхий алдаатай;” гэж заажээ.

12.Хуулийн дээрх заалтад заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус захиргааны актыг ойлгохоор байна.

13.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын нэхэмжлэгч “О*******” ХХК-д  холбогдох хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

14.Учир нь нэхэмжлэгч “О*******” ХХК нь Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалуудаар Богдхан уулын дархан цаазат газрын “Т******* ам”-нд 10 га газрыг ашиглах эрхтэй байхад маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 6.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь утга агуулгын илэрхий алдаатай буюу актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй захиргааны акт гэж үзэхээр байна.

Тодруулбал, маргаан захиргааны актыг гаргах болсон хариуцагчийн хүсэл, зориг нь нэхэмжлэгчийг газар ашиглагчийн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг бүхэлд нь дуусгавар болгох зорилготой байсан байх бөгөөд маргаан бүхий актаар зарим хэсгийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай байна.

15.Мөн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалд бичигдсэн нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгогдсон гэх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид 6.5 га газар ашиглах эрх олгогдоогүй бөгөөд 3.5 га газар ашиглах эрх олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.  

16.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “О*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа хэдийгээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байх боловч тус захиргааны акт нь “илт хууль бус” захиргааны акт байх тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын “О*******” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ