Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Э.Энхбат  

             Шүүгдэгч                                                 Н.Дэлгэрсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Дэлгэрсайханд холбогдох 1732000030002 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Түүх газар зүйн багш мэргэжилтэй, Аригун дэлгүүрт худалдагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг, Бороогийн 46 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй

Хардал овгийн Намхайндэлгэрийн Дэлгэрсайхан РД:/СГ89062103/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, Спортын ордны баруун талын сааданд иргэн Б.Баярмагнайтай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дэлгэрсайхан мэдүүлэхдээ: ...мэдүүлэг өгөхгүй хэргээ хүлээж байна мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна гэх.

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Н.Дэлгэрсайхан мэдүүлэхдээ: Намайг ажил дээрээ байж байхад 2017 оны 06 сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим манай найз Б.Баярмагнай би ээлжийн амралттай байгаа хоёулаа гол явъя гэсэн.Тэгэхээр нь би манай ажил тараагүй байна гэж хэлсэн чинь өдөржингөө манай ажил дээр сууж байгаад бид 19 цагийн орчин манай жалаас гараад манайд очихоор болоод замдаа дэлгүүрээс нийслэл нэртэй пиво аваад манайд очсон.Тэгээд бид 2 манайд пиво уучаад нэг жигнүүр бууз жигнэж идчээд бид 2 спорт ордны баруун талын саааданд 21 цагийн үед суухаар явсан.Замдаа явж байхдаа Мөнх-Од гэдэг найзынхаасаа 2 ширхэг сэнгүүр пиво авсан.Тэгээд сааданд Номио Нандиа Баярмагнай бид 4 нэг шил пиво уучаад би өндөр гүүрэн дээр хүнтэй уулзах гээд явсан.Тэгээд байж байтал Баярмагнай сааданд сууж байсан танихгүй хүмүүстэй хэрэлдээд байсан.Хэрэлдсэн хүмүүсийн нэг нь цагдаа дуудсан байх удалгүй цагдаа нар ирээд Баярмагнайг авч явна гэсэн чинь Баярмагнай цагдаа нарын урдаас хэрэлдээд байсан.Би ирсэн цагдаа нараас таньдаг цагдаа байсан болохоор гуйгаад Баярмагнайг авч үлдсэн.Цагдаа нарыг явсаны дараа би Баярмагнайг элдэв ааш зан гаргаад байхаар нь Баярмагнай чи болио гэж хэлсэн чинь Баярмагнай надруу чи намайг цагдаагаас аваад үлдсэн гэж бодож байна уу үгүй шүү чи цагдаа нартай явалддаг болохоороо намайг авч үлдсэн биздээ гэж хэлэхээр нь би  наадах чинь согтсон байна явъя гэж хэлээд цааш явж байхад миний араас ирээд намайг өшиглөсөн тэгэхээр нь би дахиад надад битгий хүрээрэй гэж хэлсэн чинь намайг үсдээд газар унагаасан.Би доор нь орсон байсан болохоор босохдоо гараа савсан чинь хамар луу нь цохьсон тэгээд би цааш явсан чинь араас ирээд орилж чарлаад дайраад байсан би тэгээд байж байхад цагдаа Түмэндэмбэрэл ирж салгаад би яваад өгсөн гэх

/Хх-ийн 24-р хуудас/

 

         Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баярмагнай:........Сааданд бөөнөөрөө пиво уугаад сууж байтал цагдаа нар ирээд бид нарыг “одоо явцгаа” гэж хэлэхэд нь за гэж хэлээд байж байтал Н.Дэлгэрсайхан над дээр ирээд “би цагдаа нарыг явуулчихлаа, чи дуугүй бай, пизда минь дуугүй бай” гээд миний нэрийг хэлээд чанга, чанга дуудаад байхаар нь бид хоёр маргаж хэрэлдээд зодолдсон.Миний нүүр рүү цохиж, цээж хэсгийг маажсан” гэх мэдүүлэг,

                   / Хх-7-8-р хуудас/

 

               Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Үүрийнцолмон “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн орой бие засчихаад ирэхэд Дэлгэрсайхан, Баярмагнай нар хэрэлдээд байж байгаад Дэлгэрсайхан машин руу явж байхад Баярмагнай араас нь гүйж очоод өшиглөсөн чинь Дэлгэрсайхан эргэж хараад тэр хоёр байхад Дэлгэрсайхан, Баярмагнайгийн нүүрэнд цохиод байсан” гэх мэдүүлэг,

/хх-9- 10-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Мөнх-Одын “...Намайг очиход Дэлгэрсайхан, Баярмагнай нар хэрэлдээд байсан ба Дэлгэрсайхан машин руугаа явахад Баярмагнай араас нь очоод өшиглөөд үсдээд дарж аваад хоорондоо зодолдоход Нандиа Баярмагнайг татаад салгасан” гэх мэдүүлэг,

                  /хх-11-12-р хуудас/

 

             Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №134 дугаартай “....Баярмагнайгийн биед тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсэгт язралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын дээд хэсэг хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, доод уруулын зүүн дотор хэсэг, зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт, нүүр, толойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт./хх-14-р хуудас/

 

            Шүүгдэгч Н.Дэлгэрсайханы хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 25-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:   

           

            Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэр, Спортын ордны баруун талын сааданд 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Баярмагнайтай маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

           

             Хохирогч Б.Баярмагнай биед тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсэгт язралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацрын дээд хэсэг хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, доод уруулын зүүн дотор хэсэг, зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт, нүүр, толойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Дэлгэрсайхан анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, нэхэмжлэх зүйлгүй тул Н.Дэлгэрсайхан холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Дэлгэрсайханд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Хардал овгийн Намхайндэлгэрийн Дэлгэрсайханг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хардал овгийн Намхайндэлгэрийн Дэлгэрсайханыг дөрвөн зуун тавин /450/ нэгж буюу 450000 төгрөгөөр  торгосугай.   

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Дэлгэрсайхан нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  

 

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Дэлгэрсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

5. Н.Дэлгэрсайханд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ