Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2022/02843

 

2022    10     06                                                 182/ШШ2022/02843

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Г /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт С.Б /РД:00000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч С.Бт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,930,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. www.facebook.com вэб сайтанд 6,700,000 төгрөгөөр автомашин зарна гээд хариуцагч зар оруулсан байсан учраас 99726320 гэх дугаарын утсаар нь холбогдоод худалдаж авахаар болсон. Тухайн үед оношлогооны газар ороод үзүүлье гэхэд ахаа та санаа зоволтгүй зүгээр, харин урд салхины шил болон хоёр ширхэг босоо тэнхлэг солиод л болно гэсэн.

Миний хүү шиг жоохон хүүхэд байсан болохоор итгээд авсан боловч тухайн тээврийн хэрэгсэл нь Драгоноос 3 дугаар хороолол хүртэл унаад явахад мотор нь дуугардаг, хаалга нь онгойхгүй техникийн шаардлага хангахгүй байсан бөгөөд маргаашнаас нь автомашин бүр асахгүй байсан учраас хариуцагчийг хамт яваад засуулаад өгөөч, эсвэл автомашинаа буцааж ав гэж хэлэхэд өдөр уулзая гээд утсаа унтраагаад эргэж холбогдоогүй ...

Ийм учраас гэрээнээс татгалзаж автомашиныг хариуцагчид буцаан өгч, худалдах-худалдан авах гэрээний үнэд төлсөн 6,700,000 төгрөг, урд салхины шил солиулсан 230,000 төгрөг, нийт 6,930,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие 0000 УУУ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Toyota prius 20 маркийн суудлын автомашиныг зарахаар интернэтийн фэйсбүүк зарын группэд байршуулж автомашины мэдээллийг оруулсан.

Зарын дагуу тухайн автомашиныг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ж гуай дүү Гынхоо хамт ирж үзээд авахаар болсон учраас би урд салхины шил болон босоо тэнцүүлэгчийн үнэ болох 300,000 төгрөгийг хасаад 6,700,000 төгрөгөөр зарсан бөгөөд Драгоны нэг цэгийн үйлчилгээний Авто тээврийн нэгдсэн төв дээр очиж автомашинаа Гын нэр дээр шилжүүлж өгсөн.

Автомашины үнэ 6,700,000 төгрөгийг би дансаар авсан бөгөөд энэ талаар маргаан байхгүй. Энэ хүмүүс миний машиныг авч яваад маргааш нь аваад ирсэн бол би буцаагаад авах байсан. Үүнээс хойш 3 сар болчихсон учраас би машинаа буцааж авахгүй. Миний машины юуг нь ч сольсон юм билээ мэдэхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.01-ний өдөр 125,830 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2/,

-2022.06.30-ны өдөр Ц.Гоос Б.Жд олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 х/, -Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 х/,

-Утсаар ярьсан тэмдэглэлийн гар бичвэр /хх-ийн 23-27 х/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч С.Бөөс автомашины үнэ 6,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас урд салхины шил солиулсан зардал 230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч С.Бт холбогдуулан автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 6,930,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1.Хариуцагч С.Бөөс 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Toyota prius 20 маркийн 0000 УУУ улсын дугаартай автомашиныг 6,700,000 төгрөгөөр худалдан авч 230,000 төгрөгөөр урд салхины шилийг нь солиулсан. Тухайн үед хариуцагч нь автомашин ямарч асуудалгүй гэхээр нь оношлогоонд оруулахгүйгээр худалдан авсан боловч маргааш нь асахгүй байсан учраас 7 дугаар сарын 01-нд өөртэй нь утсаар холбогдоод энэ талаар хэлээд хамт яваад засуулаад өгөөч эсвэл автомашинаа буцааж өгөөд мөнгөө авъя гэсэн боловч утсаа унтраагаад ирээгүй учраас автомашиныг буцаан өгч 6,930,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн дүүгийн хамт ирээд автомашиныг үзээд худалдаж авсан. Үүнээс хойш 3 сар болчихсон учраас би автомашинаа буцааж авахгүй. Миний автомашины юуг нь ч сольсон юм билээ мэдэхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

4.1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

 

4.2.Хариуцагч С.Б нь өөрийн өмчлөлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 0000 УУУ улсын дугаартай Toyota pius 20 маркийн автомашиныг Ц.Год худалдахаар 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тохиролцсон үйл баримтын хувьд талууд маргаагүй учраас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр энэхүү хэлцэл хүчин төгөлдөр болсон, гэрээний нөхцөл агуулга, зохигчийн тайлбараар талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

4.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд маргаан бүхий автомашиныг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 6,700,000 төгрөгийг төлж, хөрөнгөө хүлээн авсан талаар маргахгүй байна.

 

5.Харин автомашины доголдлыг арилгуулахаар худалдагч талтай утсаар ярьсан, хариуцагч доголдлыг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас гэрээг цуцалж, автомашины үнийг буцааж авна гэж маргасан.

 

5.1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй.

 

5.2.Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн шаардлага хангахгүй урд шил хагарсан, босоо тэнцүүлэгч солиулах шаардлагатай гэж хэлсэн боловч Драгоноос 3 дугаар хороолол хүртэл унаад явахад мотор нь дуугардаг, хаалга нь онгойхгүй байсан. Маргаашнаас нь автомашин бүр асахгүй байсан учраас хариуцагчийг хамт яваад засуулаад өгөөч, эсвэл автомашинаа буцааж ав гэж хэлэхэд өдөр уулзая гээд утсаа унтраагаад эргэж холбогдоогүй, хариуцагч энэ хүн байнга залгаад элдвээр хэлээд байсан бөгөөд үдээс хойш уулзахаар тохирсон боловч ажилтай байгаад очиж чадаагүй гэх тайлбаруудаар гэрээг цуцлахаар мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

5.3.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй, тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашины доголдлыг арилгуулахаар биш харин гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал хариуцагч С.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 01-нд гэрээг цуцлах тухай утсаар ярьж мэдэгдсэн байх тул талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй

 

6.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 0000 УУУ улсын дугаартай Toyota pius 20 маркийн автомашины үнэ 6,700,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь автомашины салхины урд шилийг 230,000 төгрөгөөр солиулсан учраас хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дээрх автомашины шилийг хаана солиулсан нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Хаан банкны дансны хуулга дээрх машины шил гэсэн утга бүхий зарлагыг үндэслэн хариуцагчаас энэхүү төлбөрийг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 230,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 6,700,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205,1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Бөөс 6,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА