| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2022/03394/и |
| Дугаар | 182/ШШ2022/02905 |
| Огноо | 2022-10-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2022/02905
| 2022 10 13 | 182/ШШ2022/02905 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Б.Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, 0, Н.З.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,144,416 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,
Хариуцагчийн төлөөлөгч А.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь Н.З.Дид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,144,416 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Б намайг тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/01073 дугаар шүүхийн шийдвэрээр Улаанбаатар хотын зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагч энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн...
1.2.Хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,144,416 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч А.У хариу тайлбартаа ...Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх саналыг гаргах ёстой байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ийм санал гараагүй.
2.1.Мөн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуй нэгж, иргэд хоорондын маргааныг дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах 3 тал хооронд хандаж шийдвэрлүүлэх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4 х/
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201.05.17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаартай шийдвэр /хх-ийн 5-7 х/
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 8-10 х/
-Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 201.10.01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаартай тогтоол /хх-ийн 11 х/
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.10-ны өдрийн 182/ШЗ2021/10469 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 12 х/
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.10-ны өдрийн 182/ГХ2021/00740 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 13 х/
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.18-ны өдрийн 182/ШШ/01078 дугаартай шийдвэр /хх-ийн 14-16 х/
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 22.08.02-ны өдрийн 1/668 тоот Албан бичиг /хх-ийн 17 х/
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.30-ны өдрийн 182/ШЗ2022/08866 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 18 х/
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.30-ны өдрийн 182/ГХ2022/00634 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 19 х/
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 х/
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31-32 х/
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 х/ баримтуудыг,
Хариуцагч 2022.08.30-ны өдрийн 01/4395, 2022.09.07-ны өдрийн 01/4590 тоот Итгэмжлэл /хх-ийн 24, 28 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н.З.Дид холбогдуулан гаргасан Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.З.Дид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,144,416 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1.Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/01073 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,144,416 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй., 154.2.-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:. гэжээ.
3.2.Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан боловч 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/668 тоот албан бичгээр ...Одоогоор үндэсний хорооноос хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул тус хэлтэс хариуцан шийдвэрлэх боломжгүй... гэсэн хариуг өгсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй байгаа нь энэхүү албан бичгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/226 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Бийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг хүчингүй болгож Улаанбаатар зам засвар, арчлалиын газар ОНӨААТҮГ-ын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хөлстэй тэнцэх олговор 9,529,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
4.2.Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,529,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнд олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-7 х/
4.3.Хариуцагч тал хуульд заасан эрхийнхээ дагуу тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-10 х/
4.4.Дээрх магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх-ийн 11 х/
4.5.Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.
4.6.Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардаж нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01078 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 14-16 х/
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2. хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Н.З.Д нь нэхэмжлэгч Б.Бийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.
6.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлж түүнийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх бүх хугацаанд хамаарна.
6.2.Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цалин хөлсгүй байгаа явдалд болон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйд нь шүүх хариуцагчийг буруутгах үндэслэл болох бөгөөд ажил олгогчийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
6.3.Нэхэмжлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тус шүүхийн 182/ШШ2021/01073, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны олговрыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01078 дугаар шийдвэрүүдээр тус тус шийдвэрлэсэн тул 2022 оны 01 сараас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчаас шаардах эрхтэй.
6.4.Нэхэмжлэгч ажилгүй байгаа хугацаа буюу 2022 оны 01 сараас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажлын 145 хоногт тооцогдох цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Н.З.Даас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
6.5.Учир нь нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т зааснаар ... хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардаж 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.
6.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
6.7.Б.Б нь Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын ажил албан тушаалд өдрийн 112,114 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх хуулийн дээрх үндэслэлээр дахин нотлох шаардлагагүй.
Иймээс 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны буюу 145 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,144,416 /арван зургаан сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагч Н.З.Даас гаргуулан нэхэмжлэгч Б.Бөд олгож шийдвэрлэсэн болно.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй., 43.2.7.-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; гэж тус тус заасан учраас нэхэмжлэгч Б.Бийн цалин хөлстэй тэнцэх олговор 16,144,416 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Н.З.Дид даалгаж байна.
8.Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Н.З.Даас 308,872 /238,672+70,200/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Н.З.Даас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,144,416 /арван зургаан сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бөд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 16,144,416 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Б.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Н.З.Даас 308,872 /238,672+70,200/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА