Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хүгдүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000770140 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Улаалзай хүгдүүд овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын эхээр Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн иргэн өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж, хохирогч т 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хохирогч 1 тооны үхрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 5 дугаар баг, “ ” гэх газар өөрийн эзэмшлийн 107 толгой үхэр, 50 орчим адууг маллан амьдардаг. ...Би Улаанбаатар хот руу яваад 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мал дээрээ ирж малаа бүртгэхэд үхэр маань 20 орчим дутсан байсан. ...Тэр даруйдаа үхрээ хайгаад ойр орчмоор болон Хөлөнбуйр, Булган, Сэргэлэн сумын нутгаар хайж 5-6 хоног явсан. Үхрээ хайж яваад Сосик ******* ахынхаар ороод хайж байгаа үхрээ зүсээр нь хэлэхэд “манай үхэрт өнөө өглөө байсан, 20 орчим толгой үхэр ирсэн” гэж хэлэхээр нь би очоод үхрээ ялгаж авсан. Ялгаж аваад бүртгэхэд хоёр тооны үхэр тоогоороо дутаад байсан. Дахиад хоёр үхрээ хайгаад ойр орчмын айлуудаараа асууж явтал ******* ах саяхан үхэр бой хийсэн гэж надад хүмүүс хэлсэн. Бой хийхэд очсон очиж уулзаад ямар зүсмийн үхрүүд бой хийснийг нь асууж тодруулахад миний үхрийн зүстэй тохирч байсан. Дараа нь би өөрөө ******* ахтай очиж уулзахад гэртээ архи уучихсан согтуу байсан. Би “Та манай хоёр үхрийг нядалчихсан байна, яаж байгаа юм бэ” гэхэд “Тиймээ ахыгаа уучлаарай, оронд нь чамд үхэр, хурдны адуу өгье, хүн амьтанд битгий хэлээрэй гуйж байна” гэж ******* ах өөрөө надад хэлсэн. Эхнэр нь хажууд нь юм дуугарахгүй суугаад байсан. ******* ах хохирлыг чинь барагдуулъя гээд дуудаад байхаар нь очиход надад нэг тооны сувиа үнээ, нэг тооны сувиа гүү өгсөн. Би тэрийг нь аваад малдаа нийлүүлээд байгаа. Нэг сүүлний үзүүр цагаан улаан зүсмийн охин шүдлэн үхэр, нөгөөх нь ухаа зүсмийн эр шүдлэн үхэр байсан. Хоёулаа зүүн чих урдаас догол, баруун чих гол цуулбар имтэй. ...******* ахын нядалсан гэх 2 үхэрний толгой, арьсыг хэсгийн төлөөлөгч өөрөөр нь авчруулж намайг оролцуулан үзлэг явуулсан бөгөөд улаан үхрийн толгой, эрээн зүсмийн үхрийн толгой, улаан үхрийн арьс байсан бөгөөд толгойнуудыг шулж, чихийг нь тасалсан им нь мэдэгдэхгүй байсан. ...Гэвч 2025 оны 05 дугаар сарын 20-доор дээрх алдагдсан гээд байгаа хоёр үхрийн нэг нь болох зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар, улаан зүсмийн эм шүдлэн үхэр нь өөрийн сүрэгтээ гүйгээд ирсэн. *******ын хувьд 2 тооны үхэр хулгайлсан гэдгээрээ яваад байсан болохоор би шүүх хуралд орохдоо бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн. ******* ахын хувьд өмнө нь олон удаагийн малын хулгайн хэрэг үйлдэж байсан муу нэртэй луу данстай болохоороо л миний хоёр үхрийг нядалсан гээд хэлчихсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр ******* ахын нядалдаг улаан зүсмийн эм шүдлэн үхэр нь өөрийнх нь юм шиг байна. ...би төлөөлөгчтэй ярилцахдаа “Намайг эргэн тойрны маань хүмүүс, танил ах дүүс ******* ахад гомдолгүй гээд хэлчих гээд гуйгаад байна, миний нэг үхэр гүйгээд ирсэн нь үнэн, би тэгээд шүүх дээр энэ талаар хэлсэн” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 25-30/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав ээжийн нүүж очсон газрын ойр нутагладаг ******* гэх хүн “идэшний үхэр зарна, мөнгөний хэрэг гараад эхлээд мөнгийг нь авна” гэж аав ээжид хэлсэн байсан. Тэр хоёр над руу залгаад “үхэр 700,000 төгрөгөөр зарна гэж байна, авах уу” гэхээр нь би “тэгье” гээд үхрээ дараа нь идэшний үеэр авахаар болоод би ******* гэх хүний эхнэрийнх нь ХААН банкны гэх данс руу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Дараа нь хэдэн сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. ******* гэх хүн нь дахиад “1 үхэр 800,000 төгрөгөөр зарна, хурим болох гээд мөнгөний хэрэг байна” гэхээр нь би “худалдаж авъя” гээд дахин тухайн данс руу нь 800,000 төгрөг шилжүүлсэн. Би 2024 оны 11 дүгээр сард идэшний үхрээ авахаар Дорнод аймгийн ******* суманд очсон. Тэр үед ******* гэх хүнд хөлсийг нь буюу 300,000 төгрөгөө өгөөд ажиллуулсан. Би 1 шүдлэн үхэр, 1 хязаалан үхрийн мах авсан. Надад толгой, арьс зэргийг өгөөгүй. Би толгойг нь хараагүй учраас ямар имтэй үхэр байсныг мэдээгүй. Дөрвөн шийр л авсан. Хүрэн, шар алаг зүсмийн үхрийн шийр байсан. Надад өөрийнхөө малнаас идэшний үхэр зарж байгаа гэж ойлгуулсан. Би мөнгөний хэрэг гараад эрт хямдхан өгч байна гэж ойлгосон...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын эхээр ******* ах эхнэр хамт манай гэрээр ирсэн. Гэрт ирээд ******* ах “Дүү завтай байна уу, үхэр бой хийлгэе, манай баруун айл идшээ хийх гэж байгаа, бой хийх хүн олдохгүй байна, мөнгийг нь өгье” гэж хэлсэн. “Мөнгийг нь өгөх юм бол тэгье” гэхэд ******* ах “Эргэж ирээд авъя” гээд яваад өгсөн. Маргааш өдөр нь эхнэр нь “Одоо үхрээ бой хийх гээд байна, та хоёрыг аваад ир гээд намайг явууллаа” гээд гэрт ирсэн. Би эхнэрийн хамтаар ******* ахын приүс 11 маркийн машинтай гэрт нь очсон. ...Гэрт нь очиход гэрийн баруун урд талд олон үхэр байсан. Тэрийгээ баруун айлаасаа баруун тийшээ мориор тууж аваачсан. Үхэр дунд хүзүүндээ бугуйлтай эрээн /малаан/ зүсмийн үхэр байсан. Эхлээд тэр үхрийг барьж аваад унагаачихаад, дараа нь улаан зүсмийн охин шүдлэн үхэр барьж унагаасан. Тэр хоёр үхрийг бой хийгээд махыг нь жижиглүүлээд үлдсэн. Би эхнэрийнхээ хамтаар бой хийж дуусаад ажлын хөлс болох 150,000 төгрөгийг эхнэрийнхээ дансаар аваад гэртээ хүргүүлсэн. ...Нядалсан 2 үхрийг баруун айлын хүү болох гэх залуу Улаанбаатар хот руу авч явсан байх...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын эхээр миний өвөө ******* намайг ахынхаас ирж аваад “Манайх бой хийж байна, очоод туслалцаад өг” гээд аваад явсан. Би 2 тооны үхрийг хойд саахалт айлын ах болон эхнэрийнх нь хамтаар нядалж өгсөн. ...Улаан зүсмийн шүдлэн үнээ, улаан малаан зүсмийн шүдлэн эр үхэр байсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр ******* 2024 оны 08 дугаар сард гэх хүнээс 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг өвөл идэшний үхэр өгнө гээд мөнгийг нь урьдчилаад миний дансаар авсан. 2024 оны 12 дугаар сарын эхээр гэх хүн нь өөрийнхөө эзэмшлийн хонинуудыг бой хийхээр хөдөө гэртээ ирсэн. Хөдөө гэр нь манайхаас баруун тийш 1 км орчим зайд байдаг хөршүүд юм. Тэгж ирэхдээ *******оос нөгөө мөнгөндөө үхрээ авъя гэж хэлсэн. Яг тэр үеэр нь үхэр бой хийх хүн байхгүй байсан. Би *******той саахалт айлын залуу болох ийн гэрт очиж “эхнэртэйгээ хамт бой хийгээд өгөөч, мөнгийг нь өгнө” гэж хэлэхэд тэр хоёр “тэгье” гэсэн. Маргааш өдөр нь би ийг эхнэртэй нь хамт гэрээс нь аваад гэртээ ирсэн. Тэр үеэр ******* гэрийнхээ ойролцоо үхрээ аваад ирсэн байсан. Би ийг эхнэрийнх нь хамт бой хийх газар нь буулгаж өгөөд адуундаа явсан. ...Нэг нь улаан зүсмийн арьс, нөгөөх нь эрээн зүсмийн үхрийн арьс үлдсэн байсан. Имийг нь би сайн мэдэхгүй байна. Шүдлэн орчим насны үхэр байсан байх аа. ******* өөрөө шулаад, сумын хогийн цэг дээр хаясан гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 44-47/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай хүргэн ахын хүү өөрийнхөө хонийг бүгдийг нь бой хийхээр Улаанбаатар хотоос ирсэн. ...Тэгж ирэхдээ *******оос идэшний үхэр авах ёстой гэж ярьж байсан. ...******* нь хэдэн хүмүүс авчраад 2 үхэр бой хийж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 49-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ хэлсэн. Миний буруу, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч т 1 тооны бүдүүн үнээ, 1 тооны бүдүүн гүү өгч хохирлыг нь барагдуулсан бөгөөд хохирогч нь надад гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. ...хэсгийн төлөөлөгч манайд ирээд “ хоёр үхэрний толгой, арьс зэрэг байна уу” гэхээр нь би сандраад хогийн цэг дээр хаясан байсан “улаан зүсмийн үхрийн толгой, эрээн зүсмийн үхрийн толгой, улаан зүсмийн арьсыг авчирч өгсөн. Хэсгийн төлөөлөгч тухайн толгой арьсанд үзлэг хийсэн бөгөөд тухайн толгойнуудын чихийг тасалсан байсан учраас имийг нь тогтоох боломжгүй болсон. Хохирогч т уг хоёр үхрийн толгой арьсыг үзүүлсэн чинь “миний алдсан үхрийн зүстэй төстэй байна” гэж хэлсэн. Миний хувьд нэг ч бай хоёр ч бай ялгаагүй л хулгай учраас тухайн хоёр тооны үхрийг би хулгайлсан гээд цагдаа нарт хэлчихсэн юм. Ер нь бол гэх эрээн зүсмийн шүдлэн үхрийг нядалж хэрэглэсэн нь үнэн, харин улаан зүсмийн нэг үхэр нь угтаа миний өөрийнх байгаа юм. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээж шүүх хуралд орохоос өмнө нь надтай ирж уулзаад “миний алдсан гээд байсан зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар, улаан зүсмийн эм шүдлэн үхэр, зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар эрээн зүсмийн эр шүдлэн үхэрнээс зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар, улаан зүсмийн эм шүдлэн үхэр сүрэгтээ гүйгээд ирлээ” гээд зургийг нь харуулсан. Энэ талаар шүүх хурал дээр хохирогч өөрөө хэлсэн. Би хохирогчид нөлөөгүй ээ. Зүгээр яахав гомдолгүй гээд хэлчихээ гэж хэлж байсан удаатай...” гэжээ. /хх-ийн 68-69/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

Эд зүйлийг хүлээн авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 17-26/

Я. ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-15/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн РЦ25-62 тоот дүгнэлт /хх-ийн 52-57/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/

*******ын мал тооллогын 2024 оны баримт /хх-ийн 102/

*******од холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 103-104/

Дорнод аймгийнПрокурорын газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ц-1/607 тоот албан бичиг /1 хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хуудас/

Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хуудас/

Хохирогч 2025 оны 06 сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /2 хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 хуудас/

*******ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /2 хуудас/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /10 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт ******* ******* нь 2024 оны 12 дугаар сарын эхээр Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт үхэр сүрэгт нь нийлсэн хохирогч 1 тооны үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад худалдан борлуулж, хохирогч т 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Ер нь бол гэх эрээн зүсмийн шүдлэн үхрийг нядалж хэрэглэсэн нь үнэн, харин улаан зүсмийн нэг үхэр нь угтаа миний өөрийнх байгаа юм. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээж шүүх хуралд орохоос өмнө надтай ирж уулзаад “миний алдсан гээд байсан эм, эр хоёр шүдлэн үхэрнээс зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар, улаан зүсмийн эм шүдлэн үхэр нь сүрэгтээ гүйгээд ирлээ” гээд зургийг нь харуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...******* ахын нядалсан гэх 2 үхэрний толгой, арьсыг хэсгийн төлөөлөгч өөрөөр нь авчруулж намайг оролцуулан үзлэг явуулсан бөгөөд улаан үхрийн толгой, эрээн зүсмийн үхрийн толгой, улаан үхрийн арьс байсан бөгөөд толгойнуудыг шулж, чихийг нь тасалсан им нь мэдэгдэхгүй байсан. ...2025 оны 05 дугаар сарын 20-доор дээрх алдагдсан гээд байгаа хоёр үхрийн нэг нь болох зүүн чих урдаас догол, баруун чих олз цуулбар, улаан зүсмийн эм шүдлэн үхэр нь өөрийн сүрэгтээ гүйгээд ирсэн. *******ын хувьд 2 тооны үхэр хулгайлсан гэдгээрээ яваад байсан болохоор би шүүх хуралд орохдоо бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн. ******* ахын хувьд өмнө нь олон удаагийн малын хулгайн хэрэг үйлдэж байсан муу нэртэй луу данстай болохоороо л миний хоёр үхрийг нядалсан гээд хэлчихсэн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...Би 2024 оны 11 дүгээр сард идэшний үхрээ авахаар Дорнод аймгийн ******* суманд очсон. Тэр үед ******* гэх хүнд хөлсийг нь буюу 300,000 төгрөгөө өгөөд ажиллуулсан. Би 1 шүдлэн үхэр, 1 хязаалан үхрийн мах авсан. Надад толгой, арьс зэргийг өгөөгүй. Би толгойг нь хараагүй учраас ямар имтэй үхэр байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч ийн “...Үхэр дунд хүзүүндээ бугуйлтай эрээн /малаан/ зүсмийн үхэр байсан. Эхлээд тэр үхрийг барьж аваад унагаачихаад, дараа нь улаан зүсмийн охин шүдлэн үхэр барьж унагаасан. Тэр хоёр үхрийг бой хийгээд махыг нь жижиглүүлээд үлдсэн. Би эхнэрийнхээ хамтаар бой хийж дуусаад ажлын хөлс болох 150,000 төгрөгийг эхнэрийнхээ дансаар аваад гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч , , нарын мэдүүлэг, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн РЦ25-62 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан хугацаанд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч ******* нь хохирогч улаан зүсмийн 1 тооны охин шүдлэн үхрийг хулгайлан авч бусдад худалдан борлуулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч *******од холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар гаргасан санал үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа мал буюу 1 тооны үхрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******од холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлснийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй юм.

 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл өөрөөр хэлбэл хохирогч үхэр сүрэг уруудан шүүгдэгч *******ын малын бэлчээрт өөрсдөө ирсэн, тодорхой хугацаанд хариуллагагүй байсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч *******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй мөн түүнчлэн 62 настай, ам бүл 2, эхнэрийн хамт хөдөө суманд мал маллаж амьдардаг хувийн байдал, урьд удаа дараа ял шийтгүүлж байсан боловч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суудаг, тус сумын нутагт өөрийн малаа маллаж амьдардаг болох нь *******ын оршин суугаа хаягийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн 2024 оны мал тооллогын баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 1,600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА