| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2022/00402/И |
| Дугаар | 140/ШШ2022/00475 |
| Огноо | 2022-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 140/ШШ2022/00475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Сонгино сумын 1 дүгээр баг Баян-Айраг 8-5 тоотод оршин суух Долоон овгийн Должинжавын Догсомжавын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг Чигэстэй цэцэгт хонхор шинэ хэсэг 0 тоотод оршин суух Сартуул эринмаш овгийн Балжирын Гүрэвгассүрэн,
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын 1 дүгээр багт оршин суух Лэгдэн тайж овгийн Буянхүүгийн Уранчимэг нарт холбогдох Приус-20 маркийн машиныг худалдан авахаар өгсөн 7.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Догсомжав, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Догсомжав нь хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нараас Приус-20 маркийн машиныг худалдан авахаар өгсөн 7.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Догсомжав шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 сард машин худалдан авч байна гэж бичиг баримт нь шилжигдэхгүй машин авахдаа 6.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн цагдаад торгуулийн 400.000 төгрөг, мөн бэлнээр 200.000 төгрөг нийт 7.100.000 төгрөгийг өгсөн. Тэгээд авсан машинаа унаад Улаанбаатар хот орсон чинь машин нь шилжигдэхгүй хариуцагч нараас гадна өөр хүний нэр дээр байсан. Тэр хүний иргэний үнэмлэх нь байхгүй учраас миний нэр дээр шилжигдэж ирэх боломжгүй байсан учраас би хариуцагч нарын хамаатны хүнд нь хүлээлгэж өгөөд сумандаа ирсэн. Түүнээс хойш хариуцагч нараас 7.100.000 төгрөгөө нэхээд 10 сар болж байна. Энэ хугацаанд би шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Би Сонгино сум энэ хоёрын хооронд 5 удаа явж байна. Ингэж явахад л хоногийн 100.000 төгрөгийг зардал гарч байна. Хүнээс авах мөнгө дээрээ нэмж зардал гаргаж байна. Тийм учраас миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
,Хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Гүрэвгассүрэн Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг багийн иргэн Д.Догсомжавтай 2021 оны 12 дугаар сард приус-20 маркийн машиныг 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Би өөрөө 400.000 төгрөгийг бэлнээр авч, эхнэр Б.Уранчимэгийн дансанд 6.500.000 төгрөгийг шилжүүлж нийт 6.900.000 төгрөгийг авсан юм. Автомашины торгууль болох 200.000 төгрөгийг мэдэхгүй байна. Одоо иргэн Д.Догсомжавт би 6.000.000 төгрөг өгнө. Тайлбар нь: миний машиныг иргэн Д.Догсомжав нь 2 сар хөдөө унаж эдлэн, сүүлд нь Улаанбаатар хотод аваачиж орхисон байсан. Би машинаа хотоос 2 сарын дундуур өөрийн зардлаар авсан. Машин маань 2-3 запас дугуйтай байсан тэр байхгүй, машины үндсэн дөрвөн дугуйны хээ ихээр элэгдсэн байсан. Би машинаа авч ирэхдээ жолооч хөлслөн авчруулсан болно. Жич: би өмнө нь машиныг авсан эзнээсээ мөнгө авч байж Д.Догсомжавын 6.000.000 төгрөгийг өгөх болно гэжээ.
,Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн.
,Хариуцагч талаас нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.
,Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
,Шүүхээс нэхэмжлэгч Д.Догсомжавын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
,Нэхэмжлэгч Д.Догсомжав нь хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нараас Приус-20 маркийн автомашиныг худалдан авахаар өгсөн 7.100.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
,Хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
,Нэхэмжлэгч Д.Догсомжав, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь 2021 оны 12 дугаар сард Приус-20 маркийн автомашиныг 7.100.000 төгрөгөөр худалдан, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч Д.Догсомжав нь худалдаж авсан приус-20 маркийн автомашины төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг Хаан банкны 5519097917 тоот данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны дэлгэргүй хуулгаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь энэ талаар маргаагүй.
,Мөн хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь нэхэмжлэгч Д.Догсомжаваас 400.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.
,Харин хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь нэхэмжлэгч Д.Догсомжаваас машины торгууль болох 200.000 төгрөгийг аваагүй, мэдэхгүй байна гэж маргаж байна.
,Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
,Хэдийгээр нэхэмжлэгч Д.Догсомжав, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарын хооронд гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохирч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
,Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
,Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Д.Догсомжавийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Д.Догсомжав нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.
,Хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь приус-20 маркийн автомашиныг биет байдлаар нэхэмжлэгч Д.Догсомжавт хүлээлгэн өгсөн боловч тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй, нэхэмжлэгч Д.Догсомжавын өмчлөлд шилжүүлээгүй тул автомашиныг нэхэмжлэгч Д.Догсомжавын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байжээ.
,Нэхэмжлэгч Д.Догсомжав нь шүүхийн хэлэлцүүлэгт ... би приус-20 маркийн автомашиныг Улаанбаатар хотод очоод Б.Гүрэвгассүрэнгийн хамаатан гээд хүнд өгсөн ... гэж, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... машиныг Улаанбаатар хотод орхисон байсан, би машинаа жолооч хөлслөн авчруулсан ... тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл приус-20 маркийн автомашин нь хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарын эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нарыг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Догсомжавын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Д.Догсомжав нь приус-20 маркийн автомашин үнэ нийт 6.900.000 төгрөгийг хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч Д.Догсомжав нь хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарт 200.000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.100.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, үлдэх 11.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг нь аваагүй, мэдэхгүй гэж тайлбарлаж, үлдэх 900.000 төгрөгийг машины 2-3 запас дугуй байхгүй болсон, машины үндсэн 4 дугуйны хээ ихээр элэгдсэн, Улаанбаатар хотоос машинаа өөрийн зардлаар авсан гэж тайлбарлан төлж барагдуулахаас татгалзсан.
Гэвч хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Д.Догсомжавт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагч Б.Гүрэвгассүрэнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, хариуцагч Б.Уранчимэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 14-15/
Нэхэмжлэгч Д.Догсомжав нь нэхэмжлэлийн шаардлагын талаараа, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, өөрөө нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй юм.
Иймд хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нараас 6.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсомжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарт шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.
Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Догсомжав нь хариуцагч нарыг байхгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Догсомжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нараас 125.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсомжавт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Сартуул эринмаш овгийн Балжирын Гүрэвгассүрэн, Лэгдэн тайж овгийн Буянхүүгийн Уранчимэг нараас 6.900.000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Долоон овгийн Должинжавын Догсомжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Догсомжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гүрэвгассүрэн, Б.Уранчимэг нараас 125.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Догсомжавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ