Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03390

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03390

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГБ ХХК

Хариуцагч:Д.Ц

Гэрээний үүрэгт 77,736,176 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ү,

өмгөөлөгч Г.М

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Ц холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 77,736,176 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГБ ХХК нь Д.Ц 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ..... дугаартай гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42%, бэлэн бус гүйлгээнд 24%, эрх хэтрүүлсний хүү 24%, хугацаа хэтрүүлсний 12%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 5,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй. Иймд үндсэн төлбөр 5,210,324.39 төгрөг, хүү 3,633,489.12 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 1,867,934.94 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,604,931.94 төгрөг нийт 12,316,680.39 төгрөг. Мөн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ..... дугаартай гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42%, бэлэн бус гүйлгээнд 24%, эрх хэтрүүлсний хүү 24%, хугацаа хэтрүүлсний 12%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 10,000,000 төгрөг зээлдүүлж гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дууссан боловч зээлдэгч зээлээ бүрэн төлөөгүй тул хүүний төлбөр 181,979.24 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 149,858.37 төгрөг нийт 331,837.61 төгрөг. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр .... дугаартай гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42%, бэлэн бус гүйлгээнд 24%, эрх хэтрүүлсний хүү 24%, хугацаа хэтрүүлсний 12%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай 10,000,000 төгрөг зээлдүүлж гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлээ бүрэн төлөөгүй тул үндсэн зээл 7,799,235.70 төгрөг, хүүний төлбөр 9,454,967.04 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 4,414,231.41 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 3,123,291.03 төгрөг нийт 24,791,725.18 төгрөг. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ... дугаартай гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42%, бэлэн бус гүйлгээнд 24%, эрх хэтрүүлсний хүү 24%, хугацаа хэтрүүлсний 12%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай 20,000,000 төгрөг зээлдэж гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч зээлээ төлөөгүй тул үндсэн төлбөр 19,845,841.42 төгрөг, хүүний төлбөр 11,135,777.16 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 5,714,784.67 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 3,599,531,67 төгрөг нийт 40,295,934.31 төгрөг буюу кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 77,736,175 төгрөгийг хариуцагч Д.Ц гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал 4 кредит картын үүрэгт үндсэн зээлийн хүү, хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэх мэт нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгчтэй Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан. Гэхдээ нотлох баримтаар зээлээс тэд төлөгдсөн тухайлбал 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний картын дугаар аль нь юм гэдэг нь нэлээн тодорхойгүй байна. Карт эзэмшигчийн нийтлэг баримтыг бид шаарддаг боловч нотлох баримтын хэмжээнд гаргаж өгөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Кредит карт эзэмшигтэй байгуулсан гэрээ уншиж болохгүй огт харагдахгүй байна гэхэд дахин авчирч өгсөн ч тэр нь уншигдахгүй баримт шүүхэд авчирсан. ГБ ХХК эрх хэтрүүлсний хүү гэж ярьдаг. Карт эзэмшигчид 10,000,000 төгрөгийн эрх нээгээд үүнээс эрх хэтрүүлнэ гэдэг нь ямар хууль зүйн үндсээр тэр хүн 10,000,000 төгрөг хэрэглэчихвэл карт эзэмшигчийн эрх дуусаад хаагдах ёстой юм. Эрх хэтрүүлсний хүү гэж ямар хууль зүйн үндсээр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй. Хугацаа хэтрүүлсэн хүүг нэмэгдүүлсэн хүү гэж би ойлгоод байгаа. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй. Үндсэн зээлийн хүү 5,000,000 төгрөг. Гэтэл үндсэн төлбөр 34,000,000 төгрөг гэсэн. Гэтэл үүний эрх хэтрээд байна уу? Эсвэл үргэлжлээд яваад байна уу. Карт эзэмшигчтэй зээлийн гэрээ байгуулахдаа зэс, гуулийг өөрөө аваад яваад байж болно гэдэг ойлголт байгаа юм уу. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаараа яагаад 5,000,000 төгрөгийн гэрээ кредит банкаар 34,000,000 төгрөг болгоод байсан юм. Түүнийг банк хянах ёстой. Тэр хуулийн зохицуулалтаараа журам байгаа байх. 2020 оны 02 дугаар сарын 19-нд өгсөн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн карт гаргачхаад 48,000,000 төгрөг болгоод дараагийн 3,4 гэсэн картаа гаргаад нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага дээрээ анх хариуцагчаас нэхэж байгаа нэхэмжлэл нь тодорхой нотлох баримтын хэмжээнд гаргаж ирээгүй. Хууль зүйн үндсэн шаардлага нь юу байна гэдэг тодорхойгүй учраас нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаж байна. Картыг авсан гэдэг дээр маргаагүй боловч нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргаж байна. Яагаад нэхэмжлэгч ГБ ХХК нь 5,000,000 төгрөгийн карт гаргачихаад төлбөрөө төлөхгүй байхад нь ар араас нь өгөөд байдаг юм. Эрх хэтрүүлсний хүү гэдэг ойлголтыг ГБ ХХК-ийн кредит банкны карт дээрээс харж байна. Энэ нь хууль зүйн ямар ойлголт юм бэ? Юунаас эрх хэтрүүлсэн хүү бодоод байна гэдэг нь ойлгомжгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5,000,000 төгрөгний үнийн дүнтэй дугаар ......, 10,000,000 төгрөгний үнийн дүнтэй дугаар ...., 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10,000,000 төгрөгний үнийн дүнтэй дугаар ...., 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 20,000,000 төгрөгний үнийн дүнтэй дугаар .... Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №185 ГБ гүйцэтгэх захирлын тушаал Зэс кредит картын нөхцөл батлах, зах зээлд нэвтрүүлэх тухай зэрэг баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2 . Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүргийн биелэлтэд 77,736,176 төгрөг гаргуулах, хариуцагч нь гэрээ байгуулагдсанд маргахгүй боловч эрх хэтрүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тус тус нэхэмжлэлийн үндэслэлийн шаардах эрх, үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарласан байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр .... дугаартай 24 сарын хугацаатай 5,000,000 төгрөг, мөн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр .... дугаартай 24 сарын хугацаатай 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр .... дугаартай 24 сарын хугацаатай 10,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр .... дугаартай 24 сарын хугацаатай 20,000,000 төгрөгний Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ тус тус байгуулагдсан. Гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42%, бэлэн бус гүйлгээн 24%, эрх хэтрүүлсний хүү 24%, хугацаа хэтрүүлсний 12%-ийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

Кредит карт эзэмшигтэй байгуулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч ГБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч Д.Ц гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зохигч гэрээ, гэрээгээр шилжүүлсэн үнийн дүнд маргаагүй, хариуцагч эрх хэтрүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Талууд Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр картын хугацаа, бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн мөнгө авсаны хүү, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж эргэн төлөх өдрийг сар бүрийн 15-наас өмнө, хүү бодогдох өдрийг сар бүрийн 01-ний өдөр байхаар тохирсон боловч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэнг үндэслэлтэй гэж үзэв.

4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр хүлээсэн тул хариуцагч нь эрх болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Ц гэрээний үүргийн биелэлтэд 77,736,176 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Ц 77,736,176 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,631 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц 546,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА