Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/02622

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/02622

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Компанийн холбогдох бичиг баримт, тамга, тэмдэг гаргуулж, компанид олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцв

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т,

нэхэмжлэгч өмгөөлөгч Г.А, Б.Б,

хариуцагчийн төлөөлөгчТ.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

 Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 18 өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч НГГ ХХК болон хувьцаа эзэмшигч С.Т, М.Б нар хариуцагч Ж.Б компанийн холбогдох бичиг баримт, тамга, тэмдэг гаргуулж, компанид олгохыг даалгахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2007 онд байгуулагдсан хуулийн этгээд юм. НГГ ХХК-ийн хувьцааг Ж.Б 33.33 хувь, С.Т 33.33 хувь, М.Б 33.34 хувиар тус тус эзэмшдэг. 2019 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ж.Быг гүйцэтгэх захирлаар томилж байсан. НГГ ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Компанийн гүйцэтгэх захирал Ж.Бг ажлаас чөлөөлж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс С.Т тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Мөн тус Хурлын шийдвэрээр компанийн тамга тэмдэг, гэрчилгээ холбогдох бусад баримт бичгийг шинээр томилогдсон Гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгөхийг Ж.Б, хурлын шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор улсын бүртгэлд бүртгэхийг шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал С.Т нарт тус тус үүрэг болгож шийдвэрлэсэн. Компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Ж.Б нь, хувьцаа эзэмшигчдийн хурлын явцад Гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй, чөлөөлөгдөхөд бэлэн байна гэдэг боловч, Гүйцэтгэх захирлыг шинээр сонгох асуудлаар санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бөгөөд уг асуудалтай маргахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн.Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл Ж.Б нь дээрх хурлын шийдвэрийн дагуу өнөөдрийг хүртэл компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Тд хүлээлгэж өгөөгүй байна. Иймээс тамга тэмдэггүй тул Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Тг гүйцэтгэх захирлаар бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй, Ж.Б нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-р заалтыг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсээр байгаа тул компанийн болон бусад хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Мөн компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь заалтад зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн тул тус шүүхийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Ж.Баас компанийн холбогдох бичиг баримт, тэмдгийг гаргуулж, компанид олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

3. Хариуцагч хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

а. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг НГГ ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзэхээргүй байна. Тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлд бичигдсэн Ж.Б нь өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд энэ бүртгэл өөрчлөгдөөгүй. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулаагүй, энэ талаар баримт байхгүй. Мөн нэхэмжлэлийг гаргасан хувьцаа эзэмшигч М.Б нэхэмжлэлээсээ татгалзсан байгааг анхаарч үзнэ үү. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар гйүцэтгэх захирлаар томилогдсон С.Т нь улсын бүртгэлд яагаад бүртгүүлээгүй, бүртгэлийг яагаад хийхгүй байгаа талаарх баримтаа хэрэгт өгөөгүй. Хуульд зааснаар холбогдох байгууллагад нь хандсан зүйлгүй байна. Иймд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021.05.24-ний өдрийн НГГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 7-22/

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ж.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... НГГ ХХК-ийн хувьцааг Ж.Б 33.33 хувь, С.Т 33.33 хувь, М.Б 33.34 хувиар эзэмшдэг. 2019 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ж.Быг гүйцэтгэх захирлааар томилсон бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлийн шийдвэрээр Ж.Быг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С.Тг тус компанийн захирлаар томилсон. ... Гэтэл Ж.Б нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг өнөөдрийг хүртэл үл биелүүлж компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Тд хүлээлгэж өгөөгүй байна. ... Иймд 2021 оны 5 дугаар сарын 24-ний дөрийн хурлын шийдвэрийн дагуу Ж.Баас компанийн тамга тэмдэг, гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг гаргуулж өгнө үү ... гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: НГГ ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзэхээргүй байна. Тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлд бичигдсэн Ж.Б нь өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд энэ бүртгэл өөрчлөгдөөгүй. гэж маргажээ.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

НГГ ХХК нь Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, МҮЭХ-ны байр, *** тоотод үйл ажиллагаа явуулдаг болох нь, түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар Ж.Б бүртгэлтэй баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 7,8/

 

Тус компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй ба хувьцаа эзэмшигчдийн хурал 100 хувийн ирцтэйгээр, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан уг хурлаар тус компанийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, хуулийн ажлын тайлан, санхүүгийн тайлан, хяналтын ажлын тайлан, гүйцэтгэх захирлыг өөрчлөн томилох асуудлыг хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Быг чөлөөлж, С.Тг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг ирүүлсэн байна. /хх-9-22/

Дээрх хурлын шийдвэрээр НГГ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас Ж.Быг чөлөөлж, С.Тг 2021 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн компанийн гүйцэтгэх захирлаар томилж, хувьцаа эзэмшигч С.Т, М.Б нар гарын үсэг зурсан шийдвэр хэрэгт авагдсан байх ба энэ нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасантай нийцсэн байна./хх-ийн 6/

 

Хариуцагч Ж.Б нь дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэлтэй эсэх талаар маргаагүй ба Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу гомдол гаргаагүй байх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр С.Т гүйцэтгэх захирлаар томилогдсон, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч тал Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн бүртгэлийн нэхэмжлэгч тал хийлгээгүй гэж тайлбарлаж байх ба энэ нь Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэхтэй холбоотой заалт байна.

Харин гүйцэтгэх удирдлагын талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байх ба үүнд компанийн тамга, тэмдэг зайлшгүй шаардлагатай гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Нөгөөтэйгүүр, НГГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилогдсон компанийн гүйцэтгэх удирдлага нь улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ээр шаардах эрхтэй гэсэнтэй нийцэж байна гэж шүүх дүгнэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Баас НГГ ХХК-ийн холбогдох бичиг баримт, тамга, тэмдгийг гаргуулж, НГГ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Тд олгохыг даалгасугай.

2. Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ж.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч НГГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НГГ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

                     

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ