Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02689

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/02689 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун 00000 тоот хаягт оршин суух, ............. овогт Ц............. Б................. /РД:...................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл Их Монгол улс гудамж, 103 байр, 1-1403 тоот хаягт оршин суух, .................. овогт Ц................... Х.................. /РД:........................../-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзан, хураамжид төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Ц /ШТЭҮД-0000/, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Н.Б /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2019 оны намар Мишээл экспод Валкинг стрийт гэдэг төсөл хэрэгжсэн. Би энэ төслийн ахлах хийдэг. Энэ төсөлд 15 ресторан, паб, лоунж нээх хэрэгтэй болсон. Үүнд миний бие анх үеэл О.Ц-тойгоо 48 метр квадрат пабын зориулалттай талбайг түрээсийн урьдчилгааг өгч авсан. Манай үеэл О.Ц нь Ц.Х-ын эхнэртэй хамтран өөрийнхөө хаусыг барьж байсан гэдгээр надтай танилцуулсан. Тухайн үед Ц.Х хувийн бизнес хийх гэж байгаа гээд надтай уулзсан. Би маркетингийн хүн учраас тэр талаар ярилцахад манай төслийг сонирхсон. Тэгээд хамтарч ажиллах санал тавьж ах нь мөнгө оруулна, танай үеэлийг чинь оруулаад барилгаа бариулъя гэснээр хамтран ажиллахаар болсон. Ингээд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Миний хувьд бэлэн мөнгөөр 12 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулна гэсэн заалт оруулсан. Ингээд Fox restaurant-ийн дотоод засал тохижилт, лого гэх зэрэг зүйлийн маркетинг хийхээр болсон. Би өөрөө энэ төслийн ахлах байсан учраас давуу талыг ашиглаад удирдлагаасаа гуйж байгаад метр квадрат илүү авсан. 2020 оны 1 дүгээр сараас эхлээд Ц.Х эхнэр н.Т туслах зорилгоор хамтарч орж ирсэн. Цагаан сарын үеэр хувьцааны үнэ нэмэх санал орж хэлсэн. Бид компани үүсгэн байгуулчихсан учраас ингэх боломжгүй, мөн таны нөхөр компанийн 50 хувийг эзэмшдэг. Дээрээс нь гүйцэтгэх захирлын эрх мэдэл зэргийг олгосон гэж тайлбарлан хэлсэн. Ингээд үйл ажиллагаа явуулж эхлэхэд Ц.Х ах нь маш их завгүй байна. Ажил ихтэй байна гээд оролцоогүй. Ингээд барилга барихад манай үеэл ганцаараа хийсэн байдаг. Үйл ажиллагаа жигдрээд орлого орж ирээд хэвийн явж байхад манай үеэлтэй Ц.Х-ын эхнэр маргалдсан гэж харилцаагаа тасалсан. Манай менежер залууг ажлаас нь халсан. Камерын утас таслаад системийг өөрчилсөн. Мөн Гранд торино компанийн дансыг хааж, эхнэрийнхээ дансыг бичиж борлуулалтын орлого авч эхэлсэн. Түүнээс хойш харилцаагүй байж байгаад хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ц.Х нь 400 000 000 төгрөгийг би гаргасан. Харин та нар 10 хувиа ав үгүй бол цагдаа, шүүхэд өгнө танил тал ихтэй гэж сүрдүүлсэн. Тухайн үед цагдаад мэдэгдээд цагдаа ямар ч гэмт хэргийн шинжгүй байна гээд хаасан байдаг. Би энэ хүнтэй маргалдаад явах сонирхолгүй байна. Тийм учраас би энэ хүнээс анх ярилцаж тохиролцоод 30 000 000 төгрөгийг хөрөнгө оруулсан. Түүнийгээ авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Би Б-ээс 30 000 000 төгрөг огт хүлээж аваагүй. Би өөрийн хөрөнгөөс 500 000 000 гаруй төгрөг гаргасан. Энэ яриад буй 30 000 000 төгрөг нь Ц.Б-ийн үеэл дүү О.Цолмонгийн дансаар орж ирсэн байдаг. Би өнөөдрийг хүртэл 400 000 000 гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Хамтран ажиллах гэрээ бол хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтын үүрэг хүлээнэ. Эхлүүлсэн бизнес нь үр ашиг шимгүй байвал хувь оруулсан хүн нь гэрээнээсээ татгалзаж гарлаа гээд мөнгөө нэхээд байж болохгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас, Иргэний үнэмлэхийн хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.11.19-ний өдрийн №00/00 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2021.11.10-ны өдрийн Итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга, 2019.11.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, О.Ц-нгийн 2019.11.25-аас 2020.06.22-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, итгэмжлэл,

Хариуцагч талаас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

2022.03.07-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ц.Х хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа тул гэрээнээс гарч, нэгдэлд өөрийн оруулсан 30 000 000 төгрөгийг гэрээний нөгөө тал болох Ц.Х-аас гаргуулна ... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...Ц.Б-ээс 30 000 000 төгрөгийг би хүлээж аваагүй. Гэрээний нөгөө тал болох О.Ц-гийн дансанд шилжүүлсэн байдаг. Хамтран эхлүүлсэн бизнес нь үр ашиг шимгүй болохоор оруулсан мөнгөө нэхээд байж болохгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Ц.Б, Ц.Х, О.Ц нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Мишээл фүүд стрийт төслийн хүрээнд түрээсийн 96 м.кв талбай дээр 3 давхар барилга барьж, рестораны үйл ажиллагааг хамтран эрхлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Б нь Мишээл Фүүд стрийт төслийн түрээсийн гэрээг 10 жилийн давуу эрхтэйгээр гэрээлэх, маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллах, нэгдэлд зориулж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө 30 000 000 төгрөг шилжүүлэх, хариуцагч Ц.Х нь хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, 96 м.кв талбай дээр баригдах барилга, түүнд зориулж 400 000 000 төгрөгөөс доошгүй бэлэн мөнгө гаргаж, захиран зарцуулах, О.Цолмон нь орчин үеийн архитектурын шийдэл бүхий зургийг өөрийн ур чадвараар, мэргэжлийн өндөр түвшинд үнэ төлбөргүйгээр зурах, барилгыг хамгийн хямд үнээр, чанартай барьж байгуулах шийдэл дээр анхаарах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран ажиллах гэрээний оролцогчид хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгийг хураамж гэж ойлгох бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор хуульд заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь О.Ц-гийн эзэмшлийн Хаан банк дахь 00000000000 тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээний талуудын хамтын үйл хэргийн үр дүнд 3 давхар барилга баригдсан, Fox нэртэй ресторан бий болсон үйл баримтын талаар маргаагүй, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан. Гэрээнд талууд тус бүрийн төлсөн хураамжийг хэний өмчлөлд байх талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.2-т гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, эсхүл гагцхүү зайшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болохоор заасан.

 

Гэрээний талууд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг 2030 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэж гэрээний 3.4-т тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хугацаа заасан гэрээний хувьд хугацаанаас нь өмнө цуцлахад хүндэтгэн үзэх шалтгаантай байхыг шаардана. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байх боловч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Маргааны эрх зүйн бичиг баримт, хамтран ажиллах гэрээ нь 3-н талт гэрээний хувьд нэхэмжлэгч Ц.Б гэрээний үүргээ үргэлжлүүлэхээс татгалзаж, гэрээний харилцааг төгсгөж болох ч үлдэх этгээдүүд болох Ц.Х, О.Цолмон нарын хувьд гэрээ үргэлжилж байгаа тохиолдолд хамтран ажиллах гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй юм.

Нөгөөтэйгүүр, төлсөн хураамжаа бүрэн хэмжээгээр буцаан шаардаж буй үндэслэл нь тодорхойгүй, тэдний хамтын үйл ажиллагаа хоёр жил орчим хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд талуудын оруулсан хураамж дундын хөрөнгө болж хамтын ажиллагаанд зарцуулагдсан атал гурван талт гэрээний нэг тал болох Ц.Х-аас шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг үндэслэн гурван гишүүнтэй Г ХХК-ийг үүсгэн байгуулж, Ц.Х 50 хувь, О.Ц 25 хувь, М.У 25 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь өөрт ногдох хувьцааг өөрийн эхнэр М.Уянгад эзэмшүүлсэн талаар тайлбарласан. Зохигчид энэ талаар маргаагүй. Хуулийн этгээд байгуулан талууд хамтран ажиллахаар тохиролцсон энэ тохиолдолд тухайн харилцаанд Иргэний хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, харин Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа болох бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь тухайн компанийн хувьцааг өөрөө эзэмшдэггүй тул шаардлага гаргах эрхтэй этгээд биш болно.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч Ц.Х-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хураамжид төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч Ц.Х-д холбогдуулан гаргасан 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ