Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02673

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2022/02673 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, бичил хороолол, Хасбаатар гудамжны 13 байр, 30 тоот хаягт оршин суух, ............ овогт С............. З.................. /РД:................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо дүнжингарав 51 байр 25 тоот хаягт оршин суух, ............... овогт Б............... Б................ /РД:...................../-д холбогдох,

            

Гэм хорын хохиролд 4 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Б.Б, иргэдийн төлөөлөгч М.Золжаргал, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 51 байрны 2а тоот манай эзэмшлийн байранд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дээд айл болох 25 тоот Б.Б-ын гэрээс ус алдаж үүний улмаас бид таазанд бүрэн засах, хананы обой, задарсан хоолой солих зэрэг бүгдийг шинээр хийсэн. Уг засварт нийт 2 500 000 төгрөгийн засвар хийсэн. Бид уг байрыг түрээсэлж сарын 1 500 000 төгрөг авч амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Иймээс ус алдсанаас үүдэн гарсан засварын үнэ 2 500 000 төгрөг, үнэлгээний зардал 250 000 түрээсийн үнэ 1 500 000 төгрөг нийт 4 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ..Тухайн үед манайх эзгүй, лагерт байсан ба Баатар дулаан хан ОСНААК-оос танайхаас ус алдаад байна гэж ярьсны дагуу манай эхнэр лагераас ирэхэд гэрт ус алдсан зүйл байгаагүй. ОСНААК-оос хүмүүс ирж үзээд гэртээ байж байгаарай гэж хэлээд дахиж ирэлгүй бүтэн өдөр болсон. Маргааш нь би ирээд ОСНААК-оос утасдаж асуухад дээд айлаас чинь ороод засчихсан гэж хэлсэн. Иймээс манай гэрээс ус алдаж С.З-ын гэрт хохирол учруулсан гэж үзэхгүй байна. ОСНААК-оос манайд ямар ч засвар хийгээгүй байтал тухайн сарын байрны төлбөр болох 35 тоот, манайх хоёроос засвар хийсэн гэсэн төлбөр 10 000 төгрөг тус тус авсан байсан. Уг нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч талын нотлох баримтууд нь хангалтгүй байгаа буюу нотлогдохгүй байгаа тул хариуцагч тал нь хариуцах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Баатар дулаанхан ОСНААК-ын комиссын акт, Барилгын зураг төслийн Уулс дөл ХХК-ийн үйлчилгээний талбайд хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлт, Итгэлт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Итгэлт эстимэйт ХХК-д төлбөр төлсөн баримт, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Баатар дулаанхан ОСНААК-ын комиссын актыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх зохигчдын хүсэлтээр Баатар дулаанхан ОСНААК-оос талуудаас гаргаж өгсөн комиссын актуудыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргуулах, шинжээч томилох ажиллагааг хийж гүйцэтгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 51 байр 2а тоотын өмчлөгч бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дээд айл болох 25 тоот хариуцагч Б.Б-ын гэрээс ус алдсаны улмаас 4 250 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан ... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...тухайн өдөр манай гэрт ус алдаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй болохыг Баатар дулаанхан ОСНААК тодорхойлж өгсөн. Манай буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан зүйлгүй... гэж нэхэмжлэлийг үгүйсгэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Баатар дулаанхан ОСНААК нь тус орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн тус конторын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн комиссын актад ...гэмтэл гарсан шалтгаан: дээд айл болох 51 байрны 1-р орц 25 тоотын халуун усны буцах шугам 8 дугаар сарын 22-ны өдөр цоорч 2а тоотын тааз болон хананы обой хуурсан нь үнэн болно... гэж, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн конторын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн комиссын актад ...51-р байр, 1-р орцны 25 тоотын гэрт ус алдаагүй завсар үйлчилгээ хийгдээгүй... гэж тус тус зөрүүтэй акт үйлдсэн байна.

 

4.2. Шүүх зохигчдын хүсэлтээр Баатар дуулаанхан ОСНААК-оос баримт гаргуулсан ба 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22/43 тоот шүүхэд ирүүлсэн албан бичигт ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингарав гудамж 51-р байр 1-р орц 2а тоот 2021.08.22-нд дээрээс ус алдсан дуудлагын дагуу очиж шалгахад дээд айл болох 25 тоотын таширт, хэрэглээний халуун усны дундын босоо шугамаас шактан дотор айлуудад мэдэгдэлгүй ус алдаж байсан. 25-35 тоотын таширт хэрэглээний халуун усны дундын босоо шугамыг сольсон... гэжээ.

 

4.3. Хэрэгт авагдсан Итгэлт эстимэйт ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, тус орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд болох Баатар дулаанхан ОСНААК-ын албан бичиг, зохигчдын тайлбараар 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингарав гудамж 51 байр 1-р орц 2а тоотод хэрэглээний халуун усны дундын далд босоо шугам цоорч ус алдсан, улмаар нэхэмжлэгчийн орон сууцанд 2 731 996 төгрөгийн гэм хорын хохирол учирсан нь тогтоогдож байх боловч хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, ус алдсан гэх хэрэглээний халуун усны дундын далд босоо шугам нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар дундын өмчлөлд хамаарч байна.

 

Мөн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ хариуцагч Б.Б биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

5. Иймд нэхэмжлэгч С.З-д учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцан арилгавал зохих этгээд хариуцагч Б.Б биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.З-ын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 82 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

 

Н.ГЭРЭЛТУЯА