Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/576

 

 

 

 

 

  2021            06            03                                         2021/ДШМ/576    

 

С.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямдэлэг,

иргэний нэхэмжлэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Сарангэрэл,

шүүгдэгч С.У-ын өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.У-т холбогдох эрүүгийн 2010001150744 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 613 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон өөрчилж, 5 жилийн хорих ял шийтгэж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн;

 

Шүүгдэгч С.У- нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 13-ны хооронд “Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн анги /резидент/-д нэг хүний 2.500.000 төгрөг өгвөл оруулж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн Г.Т-аас өөрийн эзэмшлийн 5007608573 тоот дансаар 9.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ыг 08 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.У- давж заалдах гомдолдоо: “...би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон. Өмгөөлөгч маань тухайн үед болсон явдлыг нэг бүрчлэн ярь гэснээр гэм буруутай үйлдэлдээ тайлбар хийж болсон явдлыг ярьсан. Бусдаар өөрийн гэм буруутай үйлдэлдээ огт маргаагүй. Хийсэн хэрэгтээ маш ихээр харамсан гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ талаараа буюу гэм буруутай үйлдэлдээ маргахгүй гэж мэдүүлэг өгч байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.У-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс “С.У- нь АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн анги /резидент/-д оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр Г.Т-ад итгүүлэн... хуурсны улмаас Г.Т- нь...9.050.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан” гэх хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, иргэний нэхэмжлэгч Г.Т- нь “С.У- нь урьд манай дүү Гантогосыг ангийг нь сольж оруулж байсан. Дараа нь манай найзууд нарийн мэргэжлийн ангид ормоор байна гэхээр нь С.У-т би өөрөө хандсан. Сувд- Эрдэнийн бичиг баримтыг сургуулиас авч буцааж өгч байсан.” гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн шүүгдэгч С.У- нь “би урьд Г.Т-ын дүүгийнх нь ангийг энэ л журмаар сольж өгч байсан. Тэр дагуу дахин Г.Т- надад хандсан тул дээрх байдлаар л тухайн ажлыг хөөцөлдөөд Аранжин, Бат-Ундрах нарт хохирогч нарын материалыг, мөнгөтэй нь өгч байсан” гэх мэдүүлгийг ч өгсөн. Үүнээс үзвэл шүүгдэгч С.У-ыг “...өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр Г.Т-ад итгүүлэн залилсан” гэж шууд үзэхэд учир дутагдалтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байхад шүүх түүнийг гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Зүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан үүргээ хэрэгжүүлээгүй мөрдөгч, прокурорын алдааг залруулж, хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс

а. нэр бүхий хохирогч нарыг сургуульд оруулах талаар хөөцөлдөж байсан эсэх,

б. АШУҮИС-д тэдгээрийн материалыг өгсөн эсэх,

в. тухайн жил элсэлт авсан эсэх,

г. ямар шалтгаанаар элсэн орж чадаагүй эсэх,

  д. н.А, н.Б, н.М, н.Г нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах ёстой байсан юм. Ингэснээр яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг ижил тэгш бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч С.У-ыг гэм буруутай эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох учиртай байтал энэ ажиллагааг хийгээгүй нь “шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлд хамаарч байгаа. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.У- нь 2016 онд Г.Т-ын дүүгийнх нь ангийг шилжүүлж өгсөн учраас би дахин ангийнхаа хүүхдүүдийн хүсэлтийг дамжуулсан гэж хэлсэн. Энэ талаар маргаагүй. Аранжин, Б гэх хүмүүсийн талаар С.У- ярьдаг боловч Г.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би нэг ч удаа А гэдэг хүний нэрийг сонсож байгаагүй. Харин Б гэдэг хүний өрөөнд намайг дагуулж ороод нэг хүний бичиг баримт өгсөн” гэж мэдүүлдэг. Ер нь бол залилах гэмт хэргийн гол шинж нь эхний үйлдлээ хийж хүнийг итгүүлдэг ба тэр нь Г.Т-ын дүүгийнх нь ангийг сольж өгсөн үйлдэл юм. 2019 оны элсэлт болоход Г.Т- 4 хүний мөнгийг С.У-т өгсөн боловч оруулж чадаагүй, сүүлдээ С.У- олдохоо больсон. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хохирогч нарын мөнгийг Г.Т- өөрөө өгсөн. Залилах гэмт хэргийн хувьд бүрэн тогтоогдсон. Харин өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар татгалзах зүйлгүй. ...” гэв.

 

 

Прокурор Д.Нямдэлэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. н.Аранжин болон бусад гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс нэг удаа буцсан. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийгээд дахин анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд нэлээдгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан ба шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс дээрх гэрчүүд болон бусад асуудлын талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй. Гэрч нарыг асуух талаар зөвхөн анхан шатны шүүх хуралдааны үед буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр яригдсан. Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулсан. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ өөр байр суурьтай гомдол гаргаж байх шиг байна. Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийнхоо зөрчигдсөн эрх, хохирол гомдол, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлсэнтэй холбоотой эрх зүйн туслалцаа үзүүлж үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлын талаар санал нэгтэй оролцох ёстой. Үйлчлүүлэгчээсээ өөр байр суурьтай байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэлгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч С.У- нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 13-ны хооронд “Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн анги /резидент/-д нэг хүний 2.500.000 төгрөгөөр оруулж өгнө” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Г.Т-аас өөрийн эзэмшлийн 5007608573 тоот дансаар 9.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. хохирогч Д.А-ы “…Т-ад “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн резидентэд оруулж, бүртгүүлж өгөх боломж байна” гэж таньдаг хүн нь хэлсэн гэхээр нь би 2.500.000 төгрөгийг түүний Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...Би У-ын 80852015 утасны дугаараар нь хэд хэдэн удаа ярихад “мөнгийг чинь удахгүй өгнө. Шинэ жил, цагаан сар боллоо” гээд худлаа байдаг байсан. ...” /хх 26, 119-120/,

            2. хохирогч Ц.Ц-ийн “...Т-ын хэлсэн 2.500.000 төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. ...Т- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажилладаг У- гэдэг хүнд өгнө гэж байсан. Би У- гэгчтэй бараг өдөр болгон утсаар ярьж байсан. У- “асуудалгүй маргааш, нөгөөдөр” гэж хэлдэг байсан ба сүүлдээ гар утсаа авахгүй болсон. ...Надад учирсан хохирол 2.500.000 төгрөгийг найз Т- барагдуулсан байгаа болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 27-29, 122-123/,

            3. хохирогч С.У-ын “…Найз Т-ад маань “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн резидентэд оруулж, бүртгүүлж өгөх боломж байна” гэж таньдаг хүн нь хэлсэн гэхээр нь би  Г.Т-ын хэлсэн 2.500.000 төгрөгийг түүний Хаан банкны  дансанд шилжүүлсэн. ...Т-аас У-ын утасны дугаарыг нь авч хэд хэдэн удаа ярихад “сургуульд оруулж өгнө, удахгүй бүтнэ” гэж хэлдэг.  ...Миний 2.500.000 төгрөгийг Т- буцаан өгсөн болохоор надад гомдол, санал байхгүй. ...” / хх 24-25, 125-126/,

4. хохирогч Г.С-ийн “...Т- “2019 оны 9 дүгээр сарын эхээр резидент эмчийн сургалтад орох уу, 2.500.000 төгрөгийн төлбөр төлөөд ордог юм байна, хэрвээ чи орохоор бол өнөөдөр 500.000 төгрөгийн өгөх юм байна” гэхээр нь би У-ын Хаан банкны данс руу тухайн өдрөө 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Хоёр хоногийн дараа үлдсэн 2.000.000 төгрөгийг Т-ын Хаан банкны данс руу шилжүүлээд бичиг баримтаа бас өгсөн. ...” /хх 129-130/,

            иргэний нэхэмжлэгч Г.Т-ын “...У- надтай уулзахдаа “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн ангид оруулж өгч чадна” гэхээр нь би өөрийнхөө оюутны найзууд болох А-, У, С, Ц- нарт хэлсэн. У-тай дахин холбогдоход “нэг хүний 2.500.000 төгрөг өгчихвөл оруулж чадна” гэхээр нь найз нараасаа 9.050.000 төгрөг цуглуулж өөрийн данснаасаа У-ын өгсөн 5007608573 данс руу шилжүүлсэн. ...Нарийн мэргэжлийн сургууль 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн. У-тай холбогдож асуухад “удахгүй бүтнэ” гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. ...Би найз нарынхаа мөнгийг буцааж өгсөн.. Би У-т өгсөн 9.050.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. ...” /хх 18-19, 132-133, 193-194/,

С.У-ын яллагдагчаар өгсөн “...би гэм буруутай үйлдэлдээ маргахгүй. ...Миний дансанд 9.050.000 төгрөг орсон байсан. …” /хх 43, 141/ гэсэн мэдүүлгүүд,

 

Г.Т- болон С.У- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 8, 103-104, 116-117/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд С.У- гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.У-ын өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн резидентэд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуун дарагдуулах замаар төөрөгдүүлж Г.Т-аас 9.050.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У-ын бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 8 сарын хорих ял оногдуулж, өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 1 жил 4 сар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С.У-ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Шүүгдэгч С.У-ын өмгөөлөгч Д.Чинзориг “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьсан, нотолбол зохих байдлыг нотлоогүй, анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон С.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт С.У-аас өөр хүн оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч С.У-ын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН