2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1651

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

           улсын яллагч Д.Ууганцэцэг, /ХУД/

            хохирогч *********,

            шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Р.Батбаяр /ҮД3448/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********* овогт *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410027780241 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ********* оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн *********** суманд төрсөн, яс үндэс халх, ******** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг, ********* дүүргийн ******** дугаар хороо, ********, **************оршин суух бүртгэлтэй боловч *********** дүүргийн ******* дугаар хороо, ********* дугаар байрны ********** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********* овогт *********ийн ********* /РД: ***********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ********** дүүргийн ********** дугаар хороо, ***********хорооллын *********** дугаар байрны ******** тоотод үйл ажиллагаа явуулдаг “*********” үсчин, гоо сайхны салонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *********тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “баруун 4 дүгээр хавирганы цууралт, дээд уруул, хоёр тохой, баруун шуу, сарвууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хохирогч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би амарч байсан. Гэтэл ********* эгч над руу залгаад намайг “...хүрээд ир ээ...” гэж дуудахаар ажил дээр яваад очиход ********* эгч, ********* эгч хоёр байсан. Удалгүй гаднаас ********* эгчийн найз нь архи, чипс, ундаа авчихсан “...юу байна найзууд аа, сургууль амарчихсан, өнөөдөр амралтаа тэмдэглэнэ...” гээд орж ирсэн. Тэр 3 ар талын гоо сайхны өрөөнд ууж сууж байгаад намайг “...эгчийн дүү наашаа суу...” гээд суулгаж тэгээд бид хамт уусан. 3 дахь шил архиа ууж эхлэх үед энэ үйл явдал болсон. Энэ асуудал надад траума болоод үлдчихсэн байна. Тухайн үед ********* миний үснээс байн байн татаад байхаар нь би эхний 2-3 үйлдэл дээр нь түүнд юу ч хэлээгүй. Энэ хүн миний том эгчтэй чацуу, надаас 10 гаруй насаар эгч хүн учраас өөртөө цензур тавиад больчих байх гэж бодсон. Тэгээд ариун цэврийн өрөө орж бөөлжиж гарч ирчхээд миний үснээс дахин татаад “...шармайчхаад хөөрхөн шүү...” гэж хэлэхээр нь би түүнд “...болиоч ээ, та ямар бүдүүлэг юм бэ...” гэж хэлтэл хажуугаас ********* эгч “...хохино ш дээ, хэн чамайг үс гэзэгнээсээ татуулаад суугаад бай гэсэн юм...” гэж хэлсэн. Гэтэл ********* эгч “...чамайг яасан ч яадаг юм гичий минь...” гэж хэлээд миний үснээс татаад намайг цохисон. Удалгүй ********* эгч миний дээр гараад хэвлий хэсэг рүү минь өшиглөсөн. Би түүнийг эсэргүүцээд хөлөөрөө жийтэл “...наадхаа барьж бай, энэ муу ямар овоо юм бэ...” гэж хэлсэн. Гэтэл ********* эгчийн найз миний дээр гарч суугаад намайг нүүр нүдгүй гараад атгаж байгаад цохисон. Миний баруун гарыг ********* эгч, зүүн гарыг ********* эгч хазсан. Би газарт уначихсан байхад ********* эгч дахиад миний хэвлий рүү өшиглөсөн. Тэр үед л миний хавирга хугарсан байх. Би амьсгаа авч чадахгүй байсан учраас энэ хүмүүсээс уйлаад гуйсан. ********* эгч миний үснээс зулгаасан байсан учраас би ч гэсэн түүний үснээс зулгаасан. Намайг тэр олон удаа цохиод байхаар нь би уйлаад амь гуйсан, тэгээд тэр миний дээрээс боссон. Би босоод утсаа аваад бичлэг хийх гэтэл ********* эгч миний утсыг булааж аваад шидчихсэн. Удалгүй тэр үйл явдал дуусаад би сандал дээр сууж байтал эдгээр хүмүүс намайг цагдаа дуудаж өгнө гэж сүрдүүлсэн. Би чимээгүй байж байгаад нөхөр рүүгээ залгасан. Гэнэт миний шар хөдлөөд тэдэнд “...цагдаагаа дуудчих, цагдааг чинь ирэхээр явна, надад хийсэн гэм байхгүй...” гэж хэлээд явахаа хойшлуулсан. Удалгүй цагдаа ирээд бид хоёрдугаар хэлтэс рүү явсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********* нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******** дүүргийн ********* дугаар хороо, *********** хорооллын *********** дугаар байрны *********** тоотод үйл ажиллагаа явуулдаг “*********” үсчин, гоо сайхны салонд бусадтай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *********тэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “баруун 4-р хавирганы цууралт, дээд уруул, хоёр тохой, баруун шуу, сарвууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Эмэгтэй хүмүүс зодоон хийгээд байна” гэх (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

2. Хохирогч *********ийн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ амрах бодолтой байсан чинь ********* эгч 13 цагт над руу /**********/ дугаараас залгаад “Ажил даа ирэхгүй юм уу” гэхээр нь би “Удахгүй очлоо” гээд утсаа салгаад ********** дүүргийн *********** дугаар хороо ************ хороолол ********** дугаар байранд байрлах “***********” салонд 15:00 минутад очиход ажил дээр *********, ********* нар байж байсан. Тэгээд удалгүй үйлчлүүлэгч эгч ********* манай салонд орж ирэхдээ нэрийг нь мэдэхгүй 0.5 литртэй архи, чипс, ундаатай амралтаа тэмдэглэж чадаагүй, амралтаа тэмдэглэе гэж хэлээд орж ирээд *********, *********, ********* нар гоо сайхны өрөөнд сууж байсан. Тэгээд намайг ********* эгч наашаагаа хүрээд ир, наанаа юу хийгээд байгаа юм гэж хэлээд намайг очиход архи хийж өгсөн, бид хэд нөгөө авсан архиа ууж дуусаад байж байхад ********* нь *********аар үсэндээ хими хор хийлгэсэн. ********* эгч за гарчхаад ирье гэж хэлээд бид хоёр хамт гараад дэлгүүр орж "Нэрийг нь мэдэхгүй" архи 0.5 литртэй архи, ундаа, самар авч салондоо орж ирсэн, тэгсэн нөгөө хоёр үсэндээ түрхсэн хороо угаагаад хатаагаад, үсийг нь янзалж дуусаад гоо сайхны өрөөнд бид хэд авсан архи хувааж уусан. Удалгүй дуусаад ********* эгч би нэгийг авч өгье үсээ үнэгүй янзлуулчхаад гэж хэлээд над руу 30.000 /Гучин мянган/ төгрөг шилжүүлээд ********* эгчтэй хамт гарч дэлгүүр ороод "Нэрийг нь мэдэхгүй" архи 0.5 литртэй, чипс, ундаа аваад буцаж орж хувааж ууж байхад явцдаа ********* миний үснээс хэд хэдэн удаа ямар ч шалтгаангүй татсан, би чимээгүй сууж байсан. Тэр гурав өмнө ажиллаж байсан хүнийг муулаад байхаар нь би дуугүй сууж байгаад ер нь ямар ч төрлийн хими арчилгаа шаардана гэж танд зөвлөгөө өгсөн үү гэж ********* эгчтэй ярьж байхад хажуу талаас ********* эгч надаас “чи үсний бүтэц мэдэх үү, үс яадаг вэ” гэж асуугаад байхаар нь би ********* эгчтэй ярьсан яриагаа дуусгаад танд хариулъя гэж хэлсэн.Тэгсэн миний зүүн хацар хэсэгт алгадаад үснээс татахаар нь би *********, ********* хоёр эгчид “энэ хүн одоо яагаад байгаа юм, түрүүнээс хойш миний үснээс 2-3 удаа татлаа одоо миний биед халдаж байна” гэсэн чинь ********* эгч урдаас “хохино, хэн чамайг цохиулаад суугаад бай гэсэн юм” гээд хэлэхээр нь би энэ хүнийг хүндэлж байна, энэ үйлдлээ зогсоох юм болов уу гэж бодож байна гэхэд хажуу талаас ********* босож ирээд тэгээд яадаг юм хохино гээд үснээс зулгаагаад чирээд суудлаас босгоод ордог шилэн хаалга дээр очуулж намайг хаалга мөргүүлсэн үү, хүлээлгийн сандал мөргөсөн үү мэдэхгүй байна, би тэгээд хойшоо газар унасан чинь дээрээ *********, ********* хоёр үснээс татаад ********* дээр гарч суугаад нүүр цээж хэсэгт удаа дараа цохиод байсан. Хажуу талаас ********* эгч баруун талын шуу хэсгээс хазаад, ********* нь баруун гарын эрхий хуруу хэсгээс хазаад байхаар нь би *********гаас “Дээрээс босчихоо, би амьсгалж чадахгүй байна” гэхэд дээрээс босохгүй нэмээд цохиод, хажуу талаас ********* хэвлий хэсэг рүү өшиглөж дэвсээд байсан. Тэгээд би гуйж байж босоод ямар аймар юм бэ гээд бичлэг хийсэн чинь миний утсыг ********* аваад хажуу тийшээ шидсэн. Би тайвшраад “Одоо явлаа, миний утсыг өгөөдөх” гэж хэлээд цүнхээ авсан чинь миний утсыг ********* өгсөн. Тэгэхээр нь би “Эгч нарын санааг дийлэхгүй юм байна” гээд утсаараа дахиад бичлэг хийсэн чинь дахиж ********* булааж аваад үснээс зулгаагаад доошоо дараад дээр суусан. Тэр үед цагдаа дуудсан. ...2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ********* над руу залгаад “чи хаана байгаа юм, өчигдөр *********ыг нүүр ам аймар болсон байна лээ” гэсэн, би нүүр аманд хүрэх боломж байгаагүй, та нар харин намайг зодсон биз дээ” гээд болсон асуудлыг бүгдийн ярьсан. Тэр өдөр *********, *********, ********* нартай маргалдаж байхад  ээмэг маань эвдэрсэн байсан.  Би 06 дугаар сарын 20-ны өдөр  дүрс оношилгоо  хийлгэх  гээд очоод ээмэг эвдэрснийг мэдсэн. Тэгээд  үнэлгээний газраар  үнэлүүлэхэд 128.900 төгрөгөөр  үнэлж,  үнэлгээний зардалд 24800 төгрөг өгсөн байгаа. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх (хавтаст хэргийн 7-8, 113 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3. Гэрч Н.*********: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад 11 цагт “*********” салон дээр очиход ********* ажил дээрээ байсан, тэгээд байж байхад ********* ирж, бид гурав байх үед үйлчлүүлэгч ********* ирээд үснийхээ химийг *********аар гаргуулаад дууссан чинь ********* “Та хэд хүнгүй байгаа юм чинь ганц юм авч өгье” гэж хэлээд дэлгүүр ороод 0,5 литртэй архи аваад ороод ирэхээр нь бид хэд хаалгаа түгжиж байгаад тэндээ хувааж уусан. Тэр үед ********* нь *********гийн үсийг нь “Шарлаачхаад хөөрхөн шүү” гээд оролдсон ба тэр хооронд ********* утсаар ярьж байсан. ********* утсаар ярж дуусаад *********ыг хацар хэсэгт алгадаад, үсдээд үүд хэсэг рүү чирсэн. Тэгэхээр нь ********* бид хоёр болиулах гэж оролдоод салгах үед ********* дахиад *********г дахиад үсдээд дарахаар нь би дахиж очоод *********г зуурч байгаад *********г гаргасан. Тэгсэн чинь ********* “Чи гичий минь, наад *********г өмөөрлөө” гэж хэлээд намайг үсдээд, хөл мөр рүү өшиглөхөөр нь хажуу талаас ********* *********г “Чи одоо болиоч ээ” гэж хэлээд бид хоёр, хоёр гараас нь барьж байгаад цагдаа дуудаад, удалгүй цагдаа нар ирэхээр нь бид хоёр тавьсан. *********, *********, ********* бид дөрөв байсан, өөр хүн байгаагүй. ********* *********, ********* бид гурвын биед халдаад байсан болохоор *********ийн хоёр гараас нь ********* бид хоёр гарын барьсан, халдаагүй. Харин миний цээж, хөл, гар луу өшиглөж биед халдсан зүйл байгаа. ********* нь *********ыг үсдээд чирээд тавихгүй байсан. ********* биед нь халдаагүй, ********* л *********ыг цохиж биед халдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

            4. Гэрч Д.*********гийн: “...2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ********** дүүргийн *********** хороо ********* сургууль дээр очиж юм өгчхөөд найз *********гаар ********** хороолол хүргүүлээд цаашаа дэлгүүр ороод нэрийн мэдэхгүй 0,5 литртэй архи, ундаа, хоёр чипс аваад “************” салонд ороход *********, *********, ********* нар байж байсан. Тэгээд авч явсан тортоо юмаа сандал дээр тавиад ********* сормуус хийлгэж байгаад босож ирэхэд ********* “Одоо үсээ яах юм бэ?” гэхээр нь би энэ үсний буржгарыг арилгуулъя гэсэн чинь ********* “тэг, үсээ арилгуул, муу бүтээгдэхүүн өөрт чинь таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэхээр тэгж байгаа юм, ийшээ суу” гээд суулгаад үсэндээ уураг, хими, индүү хийлгэж байх хооронд хүнгүй болохоор нь миний авчирсан архийг хувааж уугаад дуусгасан. ********* “Өнөөдөр орлогогүй байна, хоёрын хооронд юм боллоо, гадаа бороо ч ороод байна, хэдүүлээ хаалгаа барьчихъя, та миний данс руу 30,000 төгрөг хийчих, би дэлгүүр гараад ирье” гээд хэлэхээр нь би мөнгө шилжүүлсэн ба ********* дэлгүүр яваад нэрийн мэдэхгүй 0,5 литртэй архи 1 ширхэг аваад ирсэн. Тэгэхээр нь бид дөрөв салоныхоо хаалгаа түгжээд маникюрын ширээн дээр суугаад хөшгөө хааж байгаад уусан. Тэгсэн *********, ********* хоёр өвчтэй байгаа ********* гэх үсчингээ муулаад яриад байхаар нь ********* бид хоёр “байхгүй байгаа хүнээ битгий яриа, одоо больчихоо” гэж хэлээд болиулсан. ********* явах юм ярьж байгаад явахаа болиод тамхилах гэж гараад орж ирэхдээ дэлгүүрээс нэрийн мэдэхгүй 0,5 литртэй архи 1 ширхэг авч ирээд тэр архийг задлаад ууж байх хооронд *********, ********* дээр очоод “Гоё үстэй шүү, нэг юмаа хэрэглээд байвал *********ийнх шиг үстэй болно шүү, гоё үстэй сэгсгэр шүү” гээд *********ийн хажууд нь суусан. ********* найз залуутайгаа ярьж байгаад болиод ********* нэлээн муудаад янз бүрийн зүйл ярьж байгаад ********* шууд тамхи гаргаж ирээд татсан чинь ********* “Хэчнээн ууж байгаа ч гэсэн албан өрөөндөө тамхи татмааргүй байна” гэхээр нь би *********ийг авч нойлын өрөө дагуулж ороод “Чи наанаа тамхи татчих, эгч нь хажууд чинь байж байя тайвшир, муухай зүйл битгий яриад бай” гэж хэлээд тайвшруулсан чинь ********* “эгч одоо тайвширлаа, та гоё эгч шүү” гэж хэлээд бид хоёр нойлын өрөөнөөс гараад сандал дээрээ суугаад *********, *********ыг толгой хэсэг рүү алгадаад, үсдээд доошоо дараад авсан чинь хажууд нь байсан маникюрын савтай зүйлийг тэр чигээр нь асгачихаар нь би “та хоёр одоо болиочээ, ********* наадхаа салгачих” гэж хэлээд би тэр асгарсан зүйлүүдийг янзлаад тэр гурав руу харсан чинь *********, ********* хоёр хоорондоо үсдэлцсэн, ********* дээр нь гарсан, ********* хажууд нь “болиоч” гээд *********ийн араас нь татаж байсан. Тэгээд би очоод *********ийг “Чи одоо болиоч. Ингэж болохгүй шдэ” гээд үсдэж байсан гарыг нь тавиулсан чинь миний баруун гараас хазаад ********* тайвшраад болио гэхээр нь босгосон чинь *********, ********* руу “Та муу тэгж ярихгүй шүү, та надад юу заах гээд байгаа юм бэ?” гээд зүүн гар хэсэгт 2 удаа цохиж, гуя хэсэг рүү өшиглөөд авахаар нь би *********ийг “Одоо тайвшир, чамайг зодсон хүн алга” гэсэн чинь ********* “Тэгвэл алаад хаячихъя” гэж хэлээд *********ын байсан газар руу гүйж очоод үсдээд авахаар нь би гар утсаа аваад бичлэг хийгээд авсан. *********, ********* хоёр үсдэлцээд зууралдаад байхаар нь би *********тай нийлж байгаад *********ийг хоёр гараас нь барьж байгаад доошоо дараад “Цагдаад дуудлага өгье” гэж ярьж байх хооронд намайг ********* “чи багш хийдгийг мэднэ, ажилгүй болгоно” гэж хэлээд байхаар нь цагдаад дуудлага өгчхөөд *********ийг хоёр, гурван минут дарж байгаад тайвшрахаар нь босгоод байж байхад цагдаа нар ирээд цагдаагийн байгууллага луу хамт явсан. *********, ********* луу дайрч байгаад янз бүрийн гэмтэл авсан байж магадгүй, жижиг өрөөнд паар сандал, нарийхан шилэн шкаф өшиглөөд цохиод байсан. ********* ********* хоёр хоорондоо үсдэлцээд байхаар нь ********* бид хоёр хоёр гараас нь бариад салгасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

 

            5. Хохирогч *********, гэрч Д.********* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

            6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8511 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...*********ийн биед баруун 4 дүгээр хавирганы цууралт, дээд уруул, хоёр тохой, баруун шуу, сарвууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэж (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

 

            7. Шинжээч эмч О.Болороогийн: “...*********ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэсэгт хүч үйлчилж цууралт үүсэх боломжтой. ...Баруун 4 дүгээр хавирганы цууралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

            8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...*********, ********* нар хоорондоо үснээсээ зулгаалцаж байв... Хажуу талаас Д.********* болиулах гээд очоод залгаж байх бөгөөд ********* боль тавь гэж байв... ********* “чи намайг өчнөөн цохилоо, би чамд ямар гэм хийсэн юм, өнөөдөр үсчин бол миний дүү тэг, яах уу сураагүй байж” гэв. ... Н.********* “ямар сонин юм бэ больчхооч наад үсээ, нөхрийгөө дуудаад яваа миний дүү” гэж хэлж байв гэж бичигдсэн. (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

            9. Шүүгдэгч *********ын: “...Бид хоёр маргалдаж байхад *********т гэмтэл учирсан. Хохирлыг барагдуулаагүй, хохирлыг бүрэн барагдуулж өгнө... Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.... Би *********тэй зууралдаж байх үед тухайн гэмтлүүд учирсан байх гэж бодож байгаа. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 129 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *********** дүүргийн ******* дугаар хороо*********** хорооллын ************* дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “********” үсчин, гоо сайхны салоны байранд шүүгдэгч *********, хохирогч *********, гэрч Н.*********, Д.********* нар нийлж  согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад шүүгдэгч *********, хохирогч ********* нар хоорондоо маргалдаж, бие биеийнхээ үснээс зулгаасан, тэдгээрийг салгах гэж хамт байсан Н.*********, Д.********* нар оролдсон байх боловч эцэс сүүлдээ маргааны хүрээ тэлж талцан нэг талаас *********, нөгөө талаас *********, гэр *********, Д.********* нар нь санаа нэгдэн хоорондоо маргалдсан, бие биедээ халдсан үйл явдал өрнөсөн нь тэдгээрийн өгсөн мэдүүлгүүдэд дурдагдсан байна.

Ингэж дүгнэх болсон үндэслэл нь, тухайн хэргийн газар дээрх 4 хүнээс өөр хүн байгаагүй, тэдгээр нь хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, маргалдсан, хэн алины биед тодорхой хэмжээний гэмтэл учирсан нь хохирогч, гэрч, шүүгдэгч тус бүрийнх нь биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба гэрч Д.*********, шүүгдэгч *********ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь дурдагдсан, гэрч Н.********* нь өөрт нь гэмтэл учирсан гэх боловч шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан байна.

Харин хохирогч *********ийн биед баруун 4 дүгээр хавирганы цууралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн 8511  дугаартай дүгнэлт, шинжээч О.Болороогийн мэдүүлэгт дурдагдсан.

Хохирогч ********* нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “... хөл, гуя, хэвлий хэсэгт ********* хэд хэдэн удаа өшиглөсөн, харин Н.*********, Д.********* нар нь баруун, зүүн гарыг хазсан талаар мэдүүлсэн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч *********ын өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхаар байна. Шүүгдэгч ********* нь үүнийг мөн үгүйсгээгүй болно.

Эндээс үзвэл, шүүгдэгч *********ын хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэх үндэслэл болов.

Шүүгдэгч *********ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах  зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид  төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

а/ Тус гэмт хэргийн улмаас хохирогч *********ийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрээр баримтаар “Мед Траума” эмнэлэгт компьютер томограф үзлэгт хамрагдсан гэх 310.000 төгрөг, 11.460 төгрөгийн эм авсан баримтыг гаргаж өгч нэхэмжилсэн, (хавтаст хэргийн 92 дахь тал)

“Дамно” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 639 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...шармал металл Солонгос улсаас авч байсан гэх ээмгийг 128.900 төгрөгөөр үнэлсэн, мөн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан гарсан зардал гэж 24.800 төгрөгийг, нийт 475.160 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн. (хавтаст хэргийн 100 , 102-104 дэх тал)

Шүүгдэгч  ********* нь хохирогч *********т 798.000 төгрөг төлж барагдуулсан байх тул баримтаар нэхэмжилсэн зардлыг төлсөнд тооцох нь зүйтэй.

б/ Хохирогч ********* нь 3 сарын хугацаанд ажилгүй байсан, ажиллаж байх хугацаанд сард 3500,000-6000,000 төгрөгийн орлого олдог байсан тул энэхүү зардлыг буюу 20 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн болно. Гэвч  хэрэгт гаргаж өгсөн *********ийн дансны хуулга нь түүнийг дээрх хэмжээний орлого олдог эсэхийг хангалттай нотлохгүй байх тул хохирогч ********* нь орлогоо нотолсон баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс  энэхүү зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

в/ Мөн хохирогч *********ийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байна гэх мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 29 дэх тал) хэрэгт авагдсан ба мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлтэй адилтган үзэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэрэг хамаарч байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн  байна.

Иймд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс, орлого, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч ********* нь гэм буруу дээр маргаагүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэж,  ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүгдэгч *********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт  хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.1  дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл  хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр заасан байна.

Шүүгдэгч *********ын хувьд, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглээгүй болно.

Өөрөөр хэлбэл, уг заалт нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ********* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, түүний хувийн байдал ************ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч *********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Хохирогч *********т нь цаашид гарах эмчилгээний гарах зардал, дутуу авсан цалин хөлс, орлого, сэтгэцэд учирсан гэм хорын зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *********аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ