Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/02544

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2022/02544 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сум, 2 дугаар баг, 8 хэсэг, 16 тоот хаягт оршин суух, Тайжууд овогт Ч............. О................ /РД:..................../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хөрш заан хотхон 106 байр, 75 тоот хаягт оршин суух, Манал овогт Б............. З....................... /РД:......................../-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 248 000 төгрөг, өмгөөллийн хөлс буюу хохирол 300 000 төгрөг, нийт 1 548 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.З бид хоёр багын найзууд байсан. Миний танил Гансүх гэдэг хүн надтай холбогдож надаар тамхи дайлгаж хүнд өгүүлэхээр болсон. Би тамхинуудыг Б.З-д учрыг нь хэлэхэд найз нь хэд хоног эргэлдүүлээд өгье гэсэн. Ингээд би түүнд 48 блок бүхий 1.248.000 төгрөгийн тамхийг өгч, тэрээр өөрийн ажиллуулж байсан дэлгүүртээ тухайн Камел нэртэй тамхиар архи пиво, борлуулалт сайтай өөр тамхи зэрэг бараагаар сольж зарж борлуулсан. Түүнээс болж би Баянгол дүүргийн шүүхээр орж бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Мөн хариуцагчийн тайлбарт намайг нэг жилийн хугацаанд гэрт нь амьдарсан гэж дурдсан байсан. Би түүний гэрт амьдарсан удаа байхгүй. Бид гэр бүлийн найзууд байсан учир би хааяа нэг очиж тусалдаг байснаас өөр зүйл байхгүй. Би өмнө төрийн албан хаагчаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байгаль орчны байцаагчаар 8 жил ажиллаж байсан. Энэ жил төрийн албаны шалгалт өгч дахин төрийн албанд ажиллах гэж байсан боловч хариуцагч Б.З-гийн буруугаас болж нэг жилийн тэнсэн харгалзах ял авч улмаар төрийн албаны шалгалтад орох боломжгүй болсон. Нэмж хэлэхэд иргэн н.Гансүхэд учруулсан хохирлыг барагдуулахад ажилгүй байсан учир ойр дотны хүмүүсээс зээл авч барагдуулсан. Би өөрийн хэрэглэсэн 2 блок тамхины үнэ болох 52.000 төгрөгийг эхэлж төлөөд сүүлд хариуцагч Б.З-гийн хэрэглэсэн 48 блок тамхины үнэ болох 1.248.000. төгрөгийг төлж барагдуулсан. Мөн миний бие нь шүүх хуралдаанд орохдоо Н.Дашдорж гэх өмгөөлөгчийн 300 000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа авсан. Иймд Б.З-гоос тамхины үнэ 1 248 000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 300 000 төгрөг, нийт 1 548 000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэв.

Хариуцагч Б.З-гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ..Би ийм нэхэмжлэл гаргах байтал энэ хүн яасан санаа нь зовдоггүй байна. Ч.О нь 2019 оны 4 сард манайд орох гэр оронгүй гэхээр нь нэг ангид сурдаг байсан болохоор өрөвдөөд гэртээ байлгаж, хооллож, ундаалж нэг жил байлгасан нь буруу болсон байна. Яасан ичдэггүй хүн бэ. Тэр үед би дэлгүүр ажиллуулдаг байсан. Отгонбаяр ч надаас мөнгө, архи, пиво, тамхи байнга авдаг байсан ч мөнгөө өгдөггүй. Гэтэл нэг өдөр Камел нэртэй тамхи надад авчирч өгсөн би тусалж өгсөн зүйлийнхээ өрөнд өгч байна гэж бодоод баярлаад өнгөрсөн. Бид хоёр хамт яваад тухайн тамхиар өөр бараа сольж дэлгүүртээ борлуулсан нь үнэн. Би нэг жил түүнийг гэртээ байлгасан хугацааны төлбөртөө тооцуулах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын мөнгөний тасалбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоол, Өмгөөллийн Сүлд Эм Жи легал ХХН-ийн 2020.09.21-ны өдрийн 20/213 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

Шүүх Эрүүгийн хэргийн тусгай архиваас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн 2003001600137 дугаартай Ч.О-т холбогдох хэргээс Б.З-г иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Б.З-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Б.З-гийн тамхи борлуулж авсан эд зүйлийн баримт гэх 3 хуудас баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.О-ын хариуцагч Б.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 248 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2020.01.25-ны өдөр 1 248 000 төгрөгийн үнэ бүхий Камел тамхийг түр хэрэглүүлэхээр өгсөн, үүнээс болж 2020.05.27-ны өдөр шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, өмгөөллийн хөлс 300 000 төгрөг төлсөн тул хариуцагчаас нийт 1 548 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...Ч.О-ыг нэг жилийн хугацаанд гэртээ үнэ төлбөргүй амьдруулсан. Тэрээр амьдарч байх хугацаандаа надаас архи, пиво, бэлэн мөнгө авч байсан тул түүнд төлөх төлбөргүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.О нь 2020.01.25-ны өдрийн 10 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлаас Б.Гансүхийн итгэмжлэн өгсөн Камел нэртэй тамхийг завшиж бусдад 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан байна.

 

4.2. Тус эрүүгийн хэрэгт хариуцагч Б.З гэрчээр мэдүүлэг өгөхдөө маргааны зүйл болох 48 блок камел нэртэй тамхийг нэр бүхий бараа бүтээгдэхүүнээр сольж өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулсан талаар мэдүүлсэн ба улмаар эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан, мэдүүлэг өгөхдөө 48 блок тамхины төлбөрийг хариуцан төлөх талаар мэдүүлж байжээ. /хх-75-76/

 

5. Дээрх байдлаас үзэхэд хохирогч Б.Гансүхийн итгэмжлэн өгсөн 50 блок Камел нэртэй тамхины 2 блокийг Ч.О, үлдэх 48 блок тамхийг Б.З хэрэглэсэн болох нь түүний тайлбар эрүүгийн хэрэгт баримтаар гаргаж өгсөн тамхиар сольж авсан барааны баримтаар тогтоогдож байх бөгөөд Б.Гансүхэд учирсан хохиролд нийтдээ 1 302 000 төгрөг- /52,000+1,250,000/-ийг Ч.О төлсөн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тусгажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.З-гоос 48 блок тамхины үнэ 1 248 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.З нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн тамхины үнэ 1 248 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул түүнээс 1 248 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин өмгөөллийн хөлс 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, Ч.О өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З-гоос 1 248 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 39 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ