| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2131000600058 |
| Дугаар | 2021/ДШМ/25 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/25
Б.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2021/0044/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 035 тоотод байрлах гэрт маргааны улмаас иргэн Л.*******ын толгойд түлээний модоор цохиж, улмаар гэрээс зугтаж гарсан Л.*******ын араас хөөж хашаан дотор Л.*******ын толгой зулай хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулайн хэсгийн хуйх, зүүн сарвуунд зүсэгдэж язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
Маргааныг салгахаар очсон иргэн Б.*******ийн толгойн зулай, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулай хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт хатгагдаж язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх Б.*******т холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 42 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 4 сарын хугацаагаар хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 53 см урт мод, ажпын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй....” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тодруулбал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж, “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина” гэж, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газар зорчихгүй байх” гэж уг ялаар шийтгүүлсэн этгээдийн үүрэг болон ялыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийг ямар газар зорчих эрхийг хязгаарлаж байгаа, ямар газар зорчих эрхтэй, ямар газар зорчихгүй байх ёстой гэсэн хүрээ, хязгаарыг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй нөхцлийг бүрдүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийг ямар газар зорчих эрхийг хязгаарлаж байгаа, ямар газар зорчих эрхтэй, ямар газар зорчихгүй байх ёстой гэсэн хүрээ, хязгаарыг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй нөхцлийг бүрдүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Сүхбаатар сумаас гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******т холбогдох хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоолыг танилцуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хянан гүйцэтгэх талаар танилцуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл торгох ялыг сонгож тохиролцдог шиг ямар хэмжээ хязгаараар зорчих эрхийг хязгаарлах талаар ялын саналыг тодорхой тайлбарлах байсан. Ингэж танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах үндэслэл болно. Хэрвээ давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Б.*******ын хувьд сэтгэцийн өвчний улмаас эмчийн хяналтад байдаг тул эмнэлэг, эмийн сангаар зайлшгүй үйлчлүүлэх шаардлагатай гэдгийг анхаарч үзнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар багийн 4 дүгээр хэсгийн 035 тоотод байрлах гэрт маргааны улмаас иргэн Л.*******ын толгойд түлээний модоор цохиж, улмаар гэрээс зугтаж гарсан Л.*******ын араас хөөж хашаан дотор толгойны зулай хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулайн хэсгийн хуйх, зүүн сарвуунд зүсэгдэж язарсан шарх, духанд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-маргааныг салгахаар очсон иргэн Б.*******ийн толгойн зулай, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж толгойн зулай хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт хатгагдаж язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.*******ын /хх-ийн 16-19 тал/, Б.*******ийн /хх-ийн 24-26 тал/, гэрч Д.*******ын /хх-ийн 27-30 тал/, Л.*******гийн /хх-ийн 31-33 тал/, А.*******гийн /хх-ийн 34-37 тал/, Ч.гийн /хх-ийн 38-40 тал/, Б.гийн /хх-ийн 42-45 тал/, өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Тус хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар хязгаарын дотор хэрхэн хэрэгжүүлэхийг заагаагүй нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд хүндрэл үүсгэхүйц байдлыг бий болгосон нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ”,
2-д “Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.*******ын хувьд төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ төрлийн ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирсон болохыг дурьдаад түүнд оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх хэмжээ хязгаарыг Сүхбаатар сумаас гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 4 сарын хугацаагаар хязгаарлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялыг нэмж, нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар Сүхбаатар сумаас гарахгүй байхаар хязгаарлалт тогтоосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ