| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/03097/И |
| Дугаар | 102/ШШ2022/03228 |
| Огноо | 2022-09-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/03228
| 2022 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/03228 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт В-гийн А /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, өөрийн байр хаягт оршин байх, У.Б.Т.З /РД: .../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч В.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Нарантуяа,
Гэрч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОЛТ
1. Нэхэмжлэгч В.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч В.А миний бие нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс М.О.Х.Н.У.Б.Т.З.Н.Д.А.Х.Ш.А дотоод хяналт шалгалтын байцаагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Дээрх тушаал хөдөлмөрийн тухай хууль, дүрэм, журамд нийцээгүй, миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа болно. Дээрх тушаал гарах болсон шалтгаан нь: М.О.Х.Н.У.Б.Т.З.Н.Д.А.Х.Ш.А-ны орлогч дарга С.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө хэлтсийн дарга О.Б, байцаагч И.Б нарын хамт дуудаж уулзаад нийгэмлэгийн шинээр томилогдсон удирдлагууд Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Б-тай хамтран ажиллахгүй гээд өөр ажлын байр санал болгоход зөвшөөрөөгүй тул ...төлөвлөгөөт бус шалгалт явуулна, О.Б дарга та өөрөө сайн дураараа ажлаасаа гарах, эсвэл ажлын байраа соливол шалгалтыг явуулахгүй. Хэрэв зөвшөөрөхгүй бол замын даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай Худалдан авалт борлуулалтын албаны менежер Б.Б дээр явуулсан төлөвлөгөөт бус шалгалтаар хууль бус үүрэг даалгавар өгсөн, гүйцэтгэсэн байцаагч И.Б, В.А 2-ыг бусдыг хууль бусаар шалгасан гэж хална гэж хэлсэн. Хэлтсийн дарга О.Б зөвшөөрөөгүй ба өрөөнөөсөө гаргаад байцаагч И.Б бид 2-т хандан Та 2 дээрх шалгалтыг явуулахад хэлтсийн дарга О.Б хууль бус үүрэг даалгавар өгсөн гэж тайлбар бичиж өгвөл та хоёрыг ажилтай чинь үлдээнэ гэсэн бөгөөд бид 2 хүн гүтгэж чадахгүй гээд тухайн шалтгалтын талаар үнэн зөв тайлбар бичиж өгөхөд хууль бус үндэслэлээр 3 хоногийн дотор бидэнд шалгалт явуулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар нотолгоо баримтгүйгээр хэлтсийн дарга О.Б, байцаагч И.Б нарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан болно. Гэтэл Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Бы оронд томилох Д.Уын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бидэнд шалгалт явуулахаасаа өмнө Авлигатай тэмцэх газарт явуулж, хариу нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дүгээр ирүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг батална гэж заасны дагуу замын даргаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан. Энэ баталсан жагсаалтад дотоод хяналт шалгалтын байцаагч ордоггүй. Тухайн үед С.Б дээр явуулсан хяналт шалгалтын удирдамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр замын дарга баталсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С.Боос, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэрээс нь, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Бын хадам эгч Эгаас тус тус тайлбар авсан. Энэ үйл явдлаас хойш 8, 9 сарын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж намайг ажлаас халсан. Би эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврыг бүрэн хангаж биелүүлнэ гэж зааснаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлснийхээ төлөө би ажлаасаа халагдсан. Мөн миний ажлын байрны тодорхойлолтод харъяалан удирдах дээд шатны албан тушаалтныг албаны орлогч дарга, хяналт шалгалтын албаны дарга гэж заасан. Энэ хоёр хүнээс өгсөн шалгалттай холбоотой үүргийг биелүүлж танилцуулж ажиллаж байсан учраас удирдлагаас өгсөн үүрэг биелэгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журмын нэгдүгээр зүйлд ерөнхий зүйл гэж тусгаад 1.10-т шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд зааснаар хийж гүйцэтгэнэ гэж заасан. Бид яг замын даргаас батлагдсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу энэ шалгалтыг явуулсан. Энэ шалгалтын удирдамжид миний нэр ороогүй. Миний нэр ороогүй учраас шалгалтыг эрхгүй хүн явууллаа гэж хариуцагч тал яриад байгаа юм. Тэгвэл энэ шалгалт огт явахгүй байх байсан юм уу.
2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн сургалтаар О гэж орлогч дарга ирээд Б даргыг дуудаж уулзаад та ажлаа өг, хэрвээ өгөхгүй гэвэл одоо та гурав дээр шалгалт явуулах удирдамж энэ байна. Та гурвын хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн. Би ямар үндэслэлээр яагаад цуцлах гэж байгаа юм бэ? гэхэд хяналт шалгалт хийсэн хүн чинь шалгалтаар халагдчихаад буцаж мөнгө аваад ажилдаа орж байна. Та нар ийм хариуцлагагүй хандсан гэж хэлсэн. Тэгээд тэр шалгалтын удирдамжтай танилцъя гэхэд танилцуулаагүй. Харин та нар Үндсэн хууль зөрчиж байцаалт мэдүүлэг авсан учраас энэ талаараа тайлбар бичиж өг гэсэн. Б бид хоёроос тайлбар авсны дараа Б даргаас тайлбар авахгүй гээд Б даргыг шууд ажлаас нь халсан. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Болд гэж хүн байсан. Болдод С.Б өргөдөл өгсөн. Өргөдөл дээр нь огноо байгаагүй. Шалгалтын материалтай бид огт танилцаагүй шүүх дээр ирж ийм үйл явдал өрнөсөн гэж мэдсэн. Болд дарга 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тэр өргөдөлд цохолт хийсэн. Энэ цохолтыг хийхээс 4 хоногийн өмнө шалгах удирдамж нь 2022 оны 03 дугаар сарын 25-ний өдөр замын даргаар батлагдчихсан. Мөн өргөдөл цохогдоогүй байхад Б, Д нараас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тайлбар авсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бямбацогтын эхнэр Энхтүвшингээс тайлбар авсан. Түүний эгч Эгаас тайлбар авсан боловч огноо байхгүй. Байцаагч Батжаргал бид хоёроос уулзсан өдрөө буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б-тын эхнэр Э-гээс яагаад Үндсэн хууль зөрчиж тайлбар мэдүүлэг авсан бэ гэж тайлбар авсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шууд дуудаад шалгалтын тайлангаа танилцуулалгүй, шууд дүгнэлтийг товчхон уншиж өгөөд бид үзье гэхэд үзүүлээгүй. Уншиж өгөөд одоо шууд хуралд ор гэсэн. Хурал дээр асуудал ярихад бид тэр шалгалтын материалыг мэдэхгүй, танилцъя гэж байж Б хуульч өгч шалгалтын тайлангийн зургийг дарж авсан. Тэр хурал дээр дэлгэрэнгүй ярих гэхээр түр байж бай гээд нэг талыг хэт барьсан. Дотоод аудит, хяналт шалгалтын журмын 7 дугаар зүйлийн 7.11-т шалгагчийн үүрэг, 7.14-т шалгагдсан ажилтанд шалгалтын дүнг танилцуулах гэж заасныг зөрчсөн. Биднийг та нар одоо зургийг нь дараад авчихсан юм чинь гарын үсгээ зур гэсэн бид зурахгүй гэж хариулсан. Энэ хурлын протокол дээр нь байгаа. Тус журмын 7.12-т шалгуулж байгаа ажилтны эрх, 7.12.1-т ямар асуудлаар шалгаж байгааг мэдэх, удирдамжтай танилцах, тайлбар баримт сэлт гаргаж өгөх, баримт сэлт материал шалгуулах хүсэлт тавих, шалгалт дууссаны дараа шалгалтын материалтай танилцах гэж заасан эрхүүдийг бид нарт эдлүүлээгүй зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгах хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас хална гэж заасан ба бид сахилгын шийтгэл өмнө нь авч байгаагүй учраас ноцтой зөрчил гэж үзээд биднийг ажлаас халсан гэж ойлгож байгаа. Эрх мэдлээ хэтрүүлж, эрхэлсэн ажил албан тушаалаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, ажил олгогчид илт хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад эд хөрөнгийн хохирол учруулсныг ноцтой зөрчил гэж гэрээг шууд цуцлах гэрээний заалтыг үндэслэл болгож байгаа. Би албан ёсны явуулж байсан шалгалтан дээрээ бусдад хохирол учруулаад байгаа юм уу? эсхүл огт явуулах ёсгүй шалгалт явуулсныхаа төлөө бусдад хохирол учруулаад байгаа юм уу? гэдгийг ойлгохгүй байна. Энэ хоёр ноцтой зөрчлөөс болж намайг ажлаас халсан. С.Боос гаргасан гомдолд дарга Б, байцаагч А нар нь нийгэмлэгийн ажилтан биш хоёр иргэн болон намайг дарамтлаж шалгалтын ажил явуулж, хувь хүний нууцад халдсан гэх утгатай гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу биднийг шалгах удирдамжид 2 асуудал шалгахаар удирдлага болгосон. Үүнд Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмыг зөрчиж шалгалт явуулсан эсэх, эрх мэдлээ хэтрүүлж хувь хүний нууцад халдсан эсэх асуудлыг тогтоох зорилготой энэ шалгалт явагдсан гэж ойлгосон.
Манай албаны дарга албаныхаа асуудлыг ерөнхийд нь хамаарахаас биш, дотоод хяналт шалгалтын ажиллагаа руу ордоггүй. П даргаас надад өгсөн үүрэг нь эрх хэмжээний хүрээнд байсан гэж үзэж байна. Б дарга удирдамжийг боловсруулсан. П дарга надад С.Бтой холбоотой мэдээлэл ирлээ гээд замын дарга өвчтэй учир 1 дүгээр орлогч даргатай уулзахад энэ шалгалтыг Б-аар хийлгэ гэж үүрэг өгсөний дагуу Б даргаар удирдамжийг хянуулаад замын дарга, орлогч дарга нараар шалгалтын удирдамж батлагдсан. Манай албаны орлогч дарга нь шалгалтын бүрэлдэхүүн нэмэх, хасах эрх хэмжээтэй. Энэ эрх хэмжээгээрээ надад үүрэг өгөхдөө миний ажлын ур чадварыг харж үзсэн байх. Тиймээс би огт оролцох ёсгүй шалгалтанд оролцсон гэдгийг няцааж байгаа. Тэгэхээр С.Б-од явуулсан хяналт шалгалтыг хууль бус гэж үзэхгүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлээр явуулна гэж заасан. Бусад шалгалтыг замын даргад танилцуулж, албаны орлогч даргаас өгсөн үүргийн дагуу заасан хугацаанд гүйцэтгэнэ. Орлогч даргын шийдвэрээр дангаараа буюу хэсгээр хяналт шалгалт явуулж болно гэж Дотоод аудит, хяналт шалгалтын журмын 7 дугаар зүйлд заасан. Болд дарга ирээд намайг дуудаад С.Б чинь торос нийлүүлдэг компаниудаас мөнгө авсан байна, сайн шалгаарай гэж хэлсэн. П дарга надад үүрэг өгөхөд би Б дарга дээр очоод ийм үүрэг өгсөн талаар хэлсэн. Б дарга ойлгоод хууль зүйн дагуу шалгалт явуулах үүрэг өгсөн. Энэ талаараа Б дарга шалгалтын тайлангийн хурал дээрээ ярьсан. С.Б-ын эхнэр нь тендерт оролцогч компанид хамааралтай Н гэх хүнээс мөнгө аваад буцааж өгсөн гүйлгээ нь дансны хуулгаар нотлогдож байна. Энэ үйлдэлтэй холбоотой өөрсдөө тайлбар гаргаж өгнө гэж байгаад гаргаж өгөөгүй учир цаашид шалгах эрх хэмжээ нь байхгүй учир Авлигатай тэмцэх газар шалгуулъя гэх дүгнэлтэд хүрээд шалгалтын дүгнэлт хэсэгт бичсэн байгаа. Нэгдсэн захиалгыг байгууллагын нууц гээд журман дээр заасан. Тендер худалдан авах ажиллагаанд гарсан нууц биш зүйлийг нууц гэж шалгасан гэж яриад байгаа. Би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл, заалтыг барьж ажилласан. Би шалгалтын тайлангийн хурал дээр байгаагүй. Б байцаагч, П дарга, Замын удирдлагууд Хууль зүй, хүний нөөцийн албыг байлцуулаад энэ шалгалтын хурлыг тухайн үед явуулаад С.Б-од нууцлал алдсан гэдгээр нь хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасан болохоос гэмт хэрэг үйлдсэн зүйл огт яриагүй. М шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хурлын тэмдэглэл дээр Б-тыг төлөөлж Амартүвшин гэж хуульч хүн байсан. С.Б Төмөр замын цагдаа дээр өмгөөлөгчтэй байсан, хэрвээ бид үнэхээр хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн бол жилийн хугацаанд шүүх, цагдаа гэж олон газраар явахдаа яагаад энэ асуудлыг сөхөөгүй юм бэ?, одоо гаргаад байгаа асуудал нь зөвхөн Б даргатай холбоотой гарч ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалтыг зөрчиж гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг авсан. Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гэтэл энэ Хувь хүний нууцын тухай хууль нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энэ тайланд тусгаж биднийг буруутгахаас өмнө хүчин төгөлдөр бус болчихсон. Иймд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 17,517,265 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Дотоод аудит, хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд М.О.Х.Н.У.Б.Т.З.Нийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоот хяналт, шалгалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацааны цалинд 17,517,265 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, О.Баясгалан нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэж шинэ эрх зүйн орчинтой болсон. Ажлаас үндэслэлгүй халагдсан маргааныг шүүх харьяалан шийдэж байсан бол 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан тухайн байгууллагын маргаан таслах комиссоор эхлээд гомдлоо шийдвэрлүүлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 54, 58, 154 дүгээр зүйлд зааснаар маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.1.13, 5.3.8-д заасан ажилтны үүргийг заасан. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын ажилтангууд бусад хүнийг мөрдөн мөшгөдөг үйл ажиллагааг анх удаа эд нар гаргаж байна. Бид 16,000 ажилтантай, энэ дотор Дотоод аудит, санхүүгийн байгууллага маань Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т заасан хүний халдашгүй чөлөөтэй байдлыг зөрчсөн байна. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөх ажиллагаа явуулж болохгүй. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах үйл ажиллагааг нийгэмлэгийн ажилчид явуулсан байна. Танд хүнийг мөрдөн шалгах, хүний эрх чөлөөг хязгаарлах, ажилтнаас зөвшөөрөл авч тайлбар бичүүлж авах ёстой байтал гэр бүлийнх нь хүнийг оройн цагаар дуудаж, гар утсыг нь чанга яригч дээр нь тавиулж байгаад хяналттайгаар төрсөн эгчтэй нь харилцаа холбоо тогтоолгож, дараа нь төрсөн эгч дээр нь очиж цагдаагийн байгууллагаас явж байна, дүү чинь гэмт хэрэгт холбогдсон хэмээн айлган сүрдүүлэх замаар нотлох баримт гаргуулах, өөрт нь эрх олгогдоогүй байхад Үндсэн хуулийг тайлбарлаж байгаад мэдүүлэг авах процессуудыг явуулсан. Энэ хүмүүс өмнө нь цагдаагийн байгууллагын мөрдөгч байсан, хурандаа цолтой байж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэтэл иргэний эрх зүйн байгууллагад орж ирсэн атлаа өөрсдийгөө мөрдөн байцаагч гэж үзээд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хүмүүсийн гаргасан дүрэм, журам, албаны дотоод журам, хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүргийг биелүүлэх хэрэгтэй. Хууль тогтоомжийг уншаад ойлгохгүй байх албан тушаалтнууд биш. Улаанбаатар төмөр зам гэдэг байгууллага нь ажилтан өөрөө хүсвэл тайлбар авдаг. Хэзээ ч бид хүнийг албадаж тайлбар авч болохгүй. Ажилтнаасаа тайлбар авах эрх хэмжээ нь хэтрээд бусад иргэн, төрөл садан, гэр бүлээс нь хүртэл мэдүүлэг авсан энэ үйлдэл нь хүний эрхийн ноцтой зөрчил. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдлүүд юм. Сая нэхэмжлэгч тайлбар гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон хуулийг баримтласан гээд байна. Эдгээр хүмүүс хүний эрхийг зөрчиж байхад энэ хууль хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулийг зөрчиж хүний эрхэнд халдсан. Та нар Үндсэн хууль сануулж байгаад мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг явуулсан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн тендерийн баримт бичиг Тендерийн тухай хуулиараа ил зарлагддаг. Үүнд ямар ч нууц бичиг баримт байхгүй. Өөрөөр хэлбэл тендер явуулна гэдэг нь нээлттэй зарлаж байгаад сонгон шалгаруулж байгаа хууль тогтоомж юм. С.Б-ын гаргасан өргөдлийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулах удирдамж 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан. Тайлангаар энэ хүмүүсийн хууль зөрчиж хийсэн үйлдлүүд тогтоогдсон. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тайлангийн хурал хийхэд та нар тайлантай танилцаагүй байна гээд тайлантай танилцах боломжийг биечлэн олгоод тайлантай холбоотой тайлбар гаргах уу, хүсэлт байна уу, нотлох баримт гаргаж өгөх үү гэхэд тийм юм байхгүй гээд хурлаа үргэлжлүүлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр замын даргын орлогчоос Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, сахилгын шийтгэл ноогдуулах тушаал гаргасан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн, төрийн албан хэрэг, бичиг хэргийн стандартыг бүрэн хангасан тушаал гарсан. Үүний дараа 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчийн 5, ажилтныг төлөөлөсөн 5 хүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд шуурхай хурал дээр авагдсан баримтууд, маргаан таслах комисс дээр цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Маргаан таслах комиссын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9 тоот хуралдааны тэмдэглэлээр гарч байгаа энэ шийдвэрийн аль заалт нь Хөдөлмөрийн хууль, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг зөрчиж байгаа талаар өнөөдрийг хүртэл шүүхэд тайлбар гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйлийг тодорхой тусгаагүй, үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот тушаал, В.Аийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.
4. Хариуцагч хариу тайлбарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн худалдааны ... дүгээр тэмдэглэл, нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм, Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, нийгэмлэгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тушаал, тушаалын нэгдүгээр хавсралт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Б.Бын хөдөлмөрийн гэрээ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Г.Г-оос 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан тайлбар, Худалдан авалт, борлуулалтын албаны Тендер зохион байгуулалт, захиалга, нийлүүлэлтийн менежер, мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Үнэлгээний хорооны дарга Ц.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх тухай бичиг, Дотоод хяналт, шалгалтын албанд Ц.Б, Д.Д, Н.У, Д.Э нарын гаргасан өргөдөл, тайлбар, Ц.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн В.Аийн тайлбар, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Б-д Б.Б-ын гаргасан гомдол, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар хурлын протокол, Б.Б дээр явуулсан төлөвлөгөөт бус шалгалтын тайланг хэлэлцсэн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын дэг, Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тайлан, Хаан банк ХХК дахь ... тоот дансны хуулга, Тээврийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаар шийдвэр, Тендерийн урилга, С.Б оны ажлын төлөвлөгөө, 2021 оны 07 дугаар сарын 05-ны илтгэх хуудас, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр С.Боос авсан тайлбар, ДИС ... тоот диплом, ... тоот магистрын диплом, ... тоот гэрчилгээ, Албаны нууцын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баталгаа, Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Бын ажлын анкет, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын ... тоот удирдамж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ... тоот удирдамж, Дотоод хяналтын хэлтсийн дарга, орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Боос авсан тайлбар, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/1721 тоот албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Г.Г-оос авсан тайлбарын тэмдэглэл, У.Б.Т.З-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар тушаал, В.Аийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр маргаан таслах комисст гаргасан гомдол, Удирдах ажилтны ёс зүйн дүрэм, тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр тэмдэглэл, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цалингийн картыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчөө.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/14961 дүгээр захирамжаар хангаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тус шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ТИ2022/00956 дугаар тэмдэглэлийг, гэрч Б.Б-ыг гэрчээр асууж шүүхийн журмаар нотлох баримтаар цуглуулсан.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.А нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн шинэ удирдлагууд хэлтсийн дарга О.Бы ажлыг авч, өөрсдийн хүн болох Д.Уыг томилохын тулд бид нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага бүхий ажлын байрны жагсаалтыг батална гэж заасны дагуу замын даргаас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан. Энэ баталсан жагсаалтад дотоод хяналт шалгалтын байцаагч ордоггүй. Тухайн үед С.Б дээр явуулсан хяналт шалгалтын удирдамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр замын дарга баталсан. Мөн биднийг буруутгасан үйл явдлаас хойш 8, 9 сарын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж намайг ажлаас халсан. Би эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Мөн миний ажлын байрны тодорхойлолтод харъяалан удирдах дээд шатны албан тушаалтныг албаны орлогч дарга, хяналт шалгалтын албаны дарга гэж заасан. Энэ хоёр хүнээс өгсөн шалгалттай холбоотой үүргийг биелүүлж танилцуулж ажиллаж байсан учраас удирдлагаас өгсөн үүрэг биелэгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид яг замын даргаас батлагдсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу энэ шалгалтыг явуулсан, энэ шалгалтын удирдамжид миний нэр ороогүй. Манай албаны орлогч дарга Ж.П нь шалгалтын бүрэлдэхүүн нэмэх, хасах эрх хэмжээтэй. Энэ эрх хэмжээгээрээ надад үүрэг өгөхдөө миний ажлын ур чадварыг харж үзсэн байх. Тиймээс би огт оролцох ёсгүй шалгалтанд оролцсон гэдгийг няцааж байгаа. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Болдод С.Б өргөдөл өгсөн. Өргөдөл дээр нь огноо байгаагүй. Шалгалтын материалтай бид огт танилцаагүй. Болд дарга 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тэр өргөдөлд цохолт хийсэн. Энэ цохолтыг хийхээс 4 хоногийн өмнө биднийг шалгах удирдамж нь 2022 оны 03 дугаар сарын 25-ний өдөр замын даргаар батлагдчихсан. Мөн өргөдөл цохогдоогүй байхад Бэгзжав, Даваахүү нараас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тайлбар авсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бямбацогтын эхнэр Энхтүвшингээс тайлбар авсан. Түүний эгч Эгаас тайлбар авсан боловч огноо байхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шууд дуудаад шалгалтын тайлангаа танилцуулалгүй, уншиж өгөөд одоо шууд хуралд ор гэсэн. Дотоод аудит, хяналт шалгалтын журмын 7.12-т шалгуулж байгаа ажилтны эрх, 7.12.1-т ямар асуудлаар шалгаж байгааг мэдэх, удирдамжтай танилцах, тайлбар баримт сэлт гаргаж өгөх, баримт сэлт материал шалгуулах хүсэлт тавих, шалгалт дууссаны дараа шалгалтын материалтай танилцах гэж заасан эрхүүдийг бид нарт эдлүүлээгүй, зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгах хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас хална гэж заасан ба бид сахилгын шийтгэл өмнө нь авч байгаагүй учраас ноцтой зөрчил гэж үзээд биднийг ажлаас халсан гэж ойлгож байгаа. Гомдлын дагуу бидний шалгах удирдамжид 2 асуудал шалгахаар удирдлага болгосон. Үүнд Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмыг зөрчиж шалгалт явуулсан эсэх, эрх мэдлээ хэтрүүлж хувь хүний нууцад халдсан эсэх асуудлыг тогтоох зорилготой энэ шалгалт явагдсан гэж ойлгосон. Тендер худалдан авах ажиллагаанд гарсан нууц биш зүйлийг нууц гэж шалгасан гэж намайг буруутгаад байгаа. Би хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл, заалтыг барьж ажилласан. Б.Бод нууцлал алдсан гэдгээр нь хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасан болохоос гэмт хэрэг үйлдсэн зүйл огт яриагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь заалтыг зөрчиж гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг авсан. Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гэтэл энэ Хувь хүний нууцын тухай хууль нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энэ тайланд тусгаж биднийг буруутгахаас өмнө хүчин төгөлдөр бус болчихсон гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн байгууллагын маргаан таслах комиссоор эхлээд гомдлоо шийдвэрлүүлэх ёстой. Маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах ёстой байтал ажил олгогчийн тушаалд шууд гомдол гаргасан байна. Улаанбаатар төмөр замын ажилтангууд бусад хүнийг мөрдөн мөшгөдөг үйл ажиллагааг анх удаа эд нар гаргаж байна. Бид 16,000 ажилтантай, энэ дотор Дотоод аудит, хяналт шалгалтын алба маань Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т заасан хүний халдашгүй чөлөөтэй байдлыг зөрчсөн байна. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөх ажиллагаа явуулж болохгүй. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах үйл ажиллагааг нийгэмлэгийн ажилчид явуулсан байна. Танд хүнийг мөрдөн шалгах, хүний эрх чөлөөг хязгаарлах, ажилтнаас зөвшөөрөл авч тайлбар бичүүлж авах ёстой байтал гэр бүлийнх нь хүнийг оройн цагаар дуудаж, гар утсыг нь чанга яригч дээр нь тавиулж байгаад хяналттайгаар төрсөн эгчтэй нь харилцаа холбоо тогтоолгож, дараа нь төрсөн эгч дээр нь очиж цагдаагийн байгууллагаас явж байна, дүү чинь гэмт хэрэгт холбогдсон хэмээн айлган сүрдүүлэх замаар нотлох баримт гаргуулах, өөрт нь эрх олгогдоогүй байхад Үндсэн хуулийг тайлбарлаж байгаад мэдүүлэг авах процессуудыг явуулсан. Ажилтнаасаа тайлбар авах эрх хэмжээ нь хэтрээд бусад иргэн, төрөл садан, гэр бүлээс нь хүртэл мэдүүлэг авсан энэ үйлдэл нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдлүүд юм. С.Бын гаргасан өргөдлийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулах удирдамж 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан. Тайлангаар энэ хүмүүсийн хууль зөрчиж хийсэн үйлдлүүд тогтоогдсон. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тайлангийн хурал хийхэд та нар тайлантай танилцаагүй байна гээд тайлантай танилцах боломжийг биечлэн олгоод тайлантай холбоотой тайлбар гаргах уу, хүсэлт байна уу, нотлох баримт гаргаж өгөх үү гэхэд тийм юм байхгүй гээд хурлаа үргэлжлүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчийн 5, ажилтныг төлөөлөсөн 5 хүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд шуурхай хурал дээр авагдсан баримтууд, маргаан таслах комисс дээр цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
5.1. Нэхэмжлэгч В.А нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-тэй 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж эхэлсэн. Тус нийгэмлэгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/II/33 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 123 дугаар зүйлийн 123.2.5, хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8, Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах дүрмийн 1.15, 4.3, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогтын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч Ваанчигийн Алтантүрхүүр нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан хөдөлмөрийн зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. Нэхэмжлэгч нь тушаалыг үл зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр маргаан таслах комисст гомдол гаргасан. Тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажилтныг төлөөлөх үйлдвэрчний эвлэлийн 5 гишүүн, ажил олгогчийг төлөөлөх 5 гишүүн, гомдол гаргагчийг биеэр оролцуулан хуралдаж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09/1048 тоот албан бичгээр ... маргаан зохицуулах хороог байгуулах, гишүүдийг томолсон тогтоол гараагүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч нь шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154, 155, 158 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
5.2. Ажил олгогчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 5.3.14-д Ажил үүрэгтэй нь холбоотой батлагдан гарсан хууль, дүрэм журам, заавар болон алба, салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн, мөн 5.3.8-д Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч В.Атэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй. Учир нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Худалдан авалт, борлуулалтын албаны захиалга, нийлүүлэлтийн менежер Б.Б нь эхнэр Д.Энхтүвшингийн хамт албан тушаалаа ашиглан худалдан авалтын хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэдээллийг шалгах төлөвлөгөөт бус шалгалтын ТБ-81/01/18 тоот удирдамжийг тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан, уг удирдамжаар хяналт шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагч И.Б хийж гүйцэтгэхээр заасан байхад энэ иргэний хэргийн нэхэмжлэгч В.А нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Б.Б, Г.Ганболор, Д.Энхтүвшин нараас тайлбар авах ажиллагааг хийж гүйцэтгэхэд оролцсон болох нь дээрх иргэдээс авсан тайлбар /хавтаст хэргийн 77, 128-129, 147-148, 167 дугаар хуудас/, шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Аийн ... албаны орлогч дарга П шалгалтын бүрэлдэхүүнийг нэмэх, хасах эрхтэй, удирдамжинд миний нэр байхгүй ч орлогч дарга П надад амаар үүрэг өгсний дагуу хяналт шалгалтын байцаагч И.Бын хамт Б.Быг шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед С.Б дээр явуулсан хяналт шалгалтыг удирдамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр замын дарга баталсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С.Боос, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэрээс нь, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Бын хадам эгч Эгаас тус тус тайлбар авсан. гэх тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын №9 дугаартай тэмдэглэлийн ... НВар В.А: Төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн зорилго нь НХ албаны захиалга, нийлүүлэлтийн менежер албан тушаалтай Бямбацогт нь эхнэр Энхтүвшингийн хамт албан тушаалаа ашиглан худалдан авах хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг шалгаж, дүнг удирдлагад танилцуулах байсан. Дарга нараас үүрэг өгсний дагуу Батжаргалтай хамтран шалгасан гэх хэсэг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын ТБ-81/01/18 тоот удирдамж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/01/12 тоот удирдамжаар тус тус тогтоогдож байна.
6. Иймд дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбараас дүгнэхэд хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн, уг тушаалыг тус нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч В.А-ийн тус шүүхэд хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Дотоод аудит, хяналт шалгалтын албан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 17,517,265 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Хэдийгээр Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрмийн 5.4-д Албаны орлогч дарга дараахь үүрэгтэй. Үүнд:, мөн 5.4.2-д шалгалтын ажлын төлөвлөгөө, удирдамж боловсруулах, батлуулах, шалгалтын бүрэлдэхүүнийг томилох, тайлан тавих ажлыг зохион байгуулж албаны даргад танилцуулах, батлуулах гэж заасан, мөн нэхэмжлэгч нь ... Дотоод аудит, хяналтын албан дүрмээр албаны орлогч дарга нь шалгалтын бүрэлдэхүүнийг томилох эрхтэй, энэ эрхийн дагуу орлогч дарга Ж.Пийн амаар өгсөн үүргийн дагуу Б.Быг шалгах ажиллагаанд оролцсон гэх тайлбар буюу албан орлогч дарга Ж.П нь нэхэмжлэгчийг тус шалгалтын бүрэлдэхүүнд томилсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр В.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан журмыг зөрчөөгүй байна.
8. Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Аийн хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Дотоод аудит, хяналт шалгалтын албан дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,517,265 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР