Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00491

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00491

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Ундарга Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох

ажилгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: Б.О миний бие тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г-н 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-51 дугаар тушаалаар Алтай хот дахь Ундарга-Алтай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон. Ажилд томилогдсон өдрөөс эхлэн хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байсан. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдсон О.А нь хууль бусаар 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б-01 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаар шийдвэрээр Засаг дарга О.А-н 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б-01 дугаар тушаалыг хүчингүй болгож намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин болох 2.977.788 төгрөгийг нөхөн олгосон. Гэвч өндөөрийг хүртэлх хугацаанд намайг ажилд эгүүлэн томилоогүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй заасныг зөрчиж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад түүнийг биелүүлэхгүй хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаар шийдвэрээр гарсан өдрөөс хойших хугацаанд миний бие цалин хөлсгүй, ажилгүй амьдарч байна. Хөдөлмөрийн тухай хууль \1999 он\-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэж, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь заалтад Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон байх гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн 16.4.18 дахь заалтад төсвийн бусад байгууллагын дарга, \захирал, эрхлэгч\ нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5,2-т зааснаар батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих үүрэгтэй гэж тус тус заажээ. Иймд миний ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны цалинг Говь-Алтай аймгийн Ундарга-Алтай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарах хугацаанд аймгийн удирдлагуудтай биечилж уулзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд 1 жилийн хугацаа өнгөрч байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдээгүй байна. Эхний удаад шүүхийн шийдвэр нь О.А буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай холбогдож гаргасан гэдэг үндэслэлээр хүчингүй болж байсан. Хоёр дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байна гэв.

3. Хариуцагчаас гаргасан тайлбар: Байхгүй.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаар шийдвэр,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2022/00171 дугаар шийдвэр,

-Б.О-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- ......... багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 389 дугаар тодорхойлолт,

-2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар Аймгийн орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хооронд байгуулсан гэрээний хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дугаар захирамжийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийн хуулбар.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/26 дугаар Э.Э-г ажилд томилох тухай захирамжийн хуулбар,

-Ундарга-Алтай ААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлий гэрчилгээний хуулбар.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар тогтоол, уг тогтоолын 01, 02 дугаар хавсралтууд,

-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоол, уг тогтоолын 01, 02 дугаар хавсралтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч Б.Э нь Ундарга Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан ажилгүй байсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

9. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 36 дахь тал/ Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Э нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Э-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хавтаст хэргийн 49 дэх тал/.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

10. Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төсвийн байгууллагад холбогдох цалин, олговор гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11.Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Э нь Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.

12.Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч Б.Э нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаар шийдвэр гарч, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э-г урьд эрхэлж байсан Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 63 хоногийн олговор 2,977,788 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 17-28 дахь тал/

13. Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Б.Э-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

14. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зааснаар уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.

15. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, ... ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж,

103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж,

103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно. гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

16. Иймд Б.Э нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

17.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Б.Э-н 2021 оны 04 дүгээр 24-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэлх буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 17 сар 10 хоногийн олговор 17,335,802 /арван долоон сая гурван зуун гучин таван мянга найман зуун хоёр/ төгрөгийг хариуцагч Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Э-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2020 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

18. Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.

19. Б.Э-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ажил олгогч Ундарга-Алтай гээд ажил олгогч шимтгэл төлсөн гэж бүртгэсэн байх тул шүүх Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Б.Э-н ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

Харин хариуцагч Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хуульд заасны дагуу байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,335,802 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,629 төгрөгийг хариуцагч Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 17,335,802 /арван долоон сая гурван зуун гучин таван мянга найман зуун хоёр/ төгрөгийг Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,335,802 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,629 төгрөгийг хариуцагч Ундарга-Алтай аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ