Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

Х.*******ид холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Б.Эрдэнэхишиг                                                                      

                                                                                      Г.Давааренчин

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Г.Энхмаа

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч             Г.Энхцэцэг

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ********тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт ******* *******, /РД:***********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.*******ийн өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хөрөө 1 ширхгийгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.*******т 70,000 төгрөгийн хохирол учруулсан;

- мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.*******ын эзэмшлийн ******* УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.*******т 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Х.*******ид холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны  өдөр хянан хэлэлцээд 48 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч  Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2         дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 158 хоногийг хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

9.Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шүүгдэгч Х.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2021/ШЦТ/48 дугаартай Шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт хэргийн дугаарыг “...*******...” гэснийг “...*******...” гэж зөвтгөх;

-Мөн тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 8 дахь заалтад:

“...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай” гэснийг

“...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг 03 /гурван/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай” гэж зөвтгөж, үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг тус тус залруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн 5 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан...түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан...түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж залруулах саналыг хүлээн авахаас татгалзсугай.

3.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..” гэж шийтгэх тогтоолд залруулга оруулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хавтас хэрэгт баримтаар авагдсан хохирлыг бүрэн барагдуулсан. Өндөр настай ээж, 4 хүүхэд хань ижлээ үлдээгээд энд сууж байгаадаа үнэхээр их гэмшиж харамсаж байна. Мөн би В вирустай гэж оношлогдсон. Биеэр байнга тууралт гарч арилахгүй байгаа миний хувийн байдал, ар гэрийн байдал, гэм буруугаа ойлгон ухаарч байгаа хохирол төлбөргүйг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй.  Хохирогч нар алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан гомдол санал байхгүй гэж мэдүүлдэг. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарт тохируулан шийдвэрлэх ёстой.

Шийтгэх тогтоолд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн дүгнэлт хийж, эрүүгийн хуулийн зохих заалтыг баримталж, хөнгөрүүлэх үндэслэл байгааг харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” заалт гэж ойлгоно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид учирсан хохиролыг бүрэн барагдуулсан, түүний хувийн байдал эхнэр 4 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг, амьдралын баталгаажих түвшинөөс доогуурт багтсан зорилтот бүлгийн өрхийн гишүүн, эрүүл мэндийн хувьд элэгний В вирустай, В вирус нь элэгний архаг үрэвсэл, хавдар үүсгэдэг аюултай вирус, В вирусын халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй, байнга вирусын эсрэг эм ууж идэвхжилтийг нь бууруулах, хоолны дэглэм барих, эмчийн хяналтанд байх шаардлагатай байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үззж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ЭХ-ийн 17.1-2-2.1-д зааснаар 2 жил, 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү.

Шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулж, мөн албадлагын арга хэмжээ авч, нэмж нэгтгэсэн байгаа нь түүний энэ үйлдлийнх нь хор хохирол, үр дагавар нь гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж, шүүгдэгчийн хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ 2 өөр зохицуулалт бүхий хуулийн зүйлийг хамтад нь баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх асуудлыг зохицуулсан бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах өөр агуулга бүхий асуудлыг зохицуулсан байна.

Гэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулсан бол нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг хамтад нь баримталж болохоор зохицуулалт байна. Гэтэл:

- Шүүгдэгч Х.*******ийн хувьд өмнө хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх өмнөх шийдвэрийн зохих заалтыг хүчингүй болгосон,

- Энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн адил ижил төрлийн буюу аль алинд нь хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, түүний урьд  тэнсэн харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 1 сарын хугацаагаар хорьж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийн  дагуу Х.*******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.*******ийн өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хөрөө 1 ширхгийгхүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.*******т 70,000 төгрөгийн, 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.*******ын эзэмшлийн ******* УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.*******т 310,000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан  болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон баримт зэргээр  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдсан гомдлоо анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа оногдуулсан  хорих ялыг хуулийн үйлчлэлд  хамаарахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч Х.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар  хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзаж байсан боловч тус хянан харгалзах хугацаанд буюу 2020 оны 08 сарын 22-ны болон 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус тус санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул   анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж дүгнэн шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Прокурорын 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийн хувьд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зохицуулалт нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх ба тус хэргийн аль алинд шүүхээс ял оногдуулаагүй байх тухай ойлголт бол  харин Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалт  нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн урьд үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулсан байх ба тухайн ялыг эдэлж дуусахаас өмнө  гэмт хэрэг үйлдсэн эсхүл  шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тухай  ойлголт бөгөөд дээрхи хоёр заалтын зохицуулалтын агуулга өөр юм.  

Тус хэргийн шүүгдэгч Х.*******ийн хувьд тус анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар  хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан бөгөөд хянан харгалзах хугацаанд,  шинээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул  түүнд ял шийтгэх оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан ял шийтгэл ногдуулах нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болно.

Гэтэл анхан шатны шүүхээс тус шүүгдэгчид ял шийтгэл ногдуулахдаа дээрхи хуулийн хоёр зохицуулалтыг хамт хэрэглэсэн нь хуулийн зохих заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Хэдийгээр хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5- д “ тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн зохицуулалт оруулсан боловч  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдол бүрд эдгээр заалтуудыг заавал  хамт хэрэглэх шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасан зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/48  дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

5  дахь заалтыг:

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН