Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 523

 

Х.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1206 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаар магадлалтай, Х.Э-т холбогдох 1806015040375 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Х-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Э-т Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “2 жил 7 сар 6 хоног” гэснийг “2 жил 7 сар” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Х.Э-т ашигтай байдлаар шийдвэрлэсэн бөгөөд харин ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”,  “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан. 2002, 2015 оны Эрүүгийн хуульд, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэхээр заасан бөгөөд зарчмын зөрүүтэй байдал байхгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ” гэж дүгнэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан ба мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан, ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан байгаа нь зарчмын зөрүүтэй байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 488 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг ямар ч өөрчлөлтгүйгээр бүгдийг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй, Х.Э-ын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо гэж үзэж байна. Х.Э-т дээрх шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, мөн зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоогүй нь 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ял хэвээр байна гэж ойлгогдож байна. Энэхүү ялыг бүгдийг сэргээх бус тэнссэн хугацааг хүчингүй болгож, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг тогтооно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялыг хуульчлаагүй байхад шүүх Х.Э-т оногдуулсан торгох ялыг, өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тэнссэнийг нэмж нэгтгэн хорих ял болгон хүндрүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасалгүйгээр бүгдийг нэмж тогтоосон нь үндэслэлгүй байна. Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн заалтыг үндэслэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж байгаа бол уг хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Х.Э-т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 1 жил 6 сарын хугацааг хасаж, 1 жилийн хугацаагаар тогтоож ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсч байна. Мөн Х.Э-т оногдуулсан торгуулийн ялыг тусад нь хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтыг адил эрх хэмжээ бүхий анхан шатны шүүхэд хэрэглэх боломжгүй. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 488 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Х.Э-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулаад уг ялыг тэнсэж, хянан харгалзсан нь тухайн үед шүүгдэгчид оногдуулж болох хөнгөн хариуцлага байжээ. Гэвч шүүгдэгч тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас түүнд одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэж, ялыг нэмж нэгтгэсэн нь зөв болсон. Харин өмнөх шийтгэх тогтоол нэгэнт хүчин төгөлдөр байгаа тул уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх Х.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээс бус, хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хариуцлагыг өөрчлөх эрхгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй учир шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Гэхдээ шүүгдэгч Х.Э- нь торгох ялаас зайлсхийсэн, эсхүл өөр хүндрүүлэх нөхцөл байдал бий болоогүй байхад торгох ялыг 30 хоногийн хорих ял болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймээс хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх эрх зүйн боломж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн  Х.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч  Х.Э нь 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод хойд эцэг Б.А-тай маргалдан, улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э-ын өмнөх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн тооцож, 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ.

Учир нь шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болох бөгөөд энэ нь шүүгдэгчид ашигтай байтал давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Э-ын ялыг нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, хорих ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1206 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Х.Э-т Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял болон энэ тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                  

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН