Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0170

 

  

 

 

 

 

 

 

 

 

   “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээд “Өнчөөвүүд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдорж, “Өнчөөвүүд” ХХК-ийн өмгөөлөгч П.Анударь нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлоор, “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 02 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Азийн ирээдүй ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Азийн ирээдүй” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Монгол технологи интернэйшнл” ХХК-д, “Өнчөөвүүд” ХХК-д олгосон Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаал, “Жаргалант вилл” ХХК-д олгосон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн  А/321 дүгээр тушаалын хавсралтын холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ”...Нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК нь газар ашиглах боломжийг Монголын төр олгоогүй гэж маргаж, Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичиг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний 08 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол зэргийг ярьдаг ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох төрийн байгууллагад энэ талаар хандаж байгаагүй байдаг ба албан бичгээр хандаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын санаачлагатай үйлдэл гаргаагүй байгааг ганцхан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг буруутган нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрх 2008 оноос хойш үүссэн хэдий ч маргаж байгаа газар дээр бодитоор ямар нэгэн обьект бариагүй, зориулалтын дагуу нэг ч зүйл хийгээгүй нь шүүхийн үзлэг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зураг нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хэрэгт авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25/2009 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд гэрээний 1.6-д нийт төлбөрийн 70 хувь буюу 9.240.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт, 30 хувь буюу 3.960.000 төгрөгийг Хамгаалалтын захиргаанд, гэрээний 1.7-д заасны дагуу улирал бүр бүтнээр төлөх, газар ашиглах хугацаа 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл гэж тохиролцсон. Гэтэл “Азийн ирээдүй” ХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг улирал бүр хугацаандаа төлөөгүй, 2013 онд 66.000.000 төгрөгийг төлж, газар ашиглах гэрчилгээндээ сунгалт хийлгэсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг болох 19.800.000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд төлөөгүй, тооцоо нийлсэн акт нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх эрх зүйн акт бол биш юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжийн актаас бүрдэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд /хуучин нэрээр/ нь Газрын тухай хуульд нийцүүлэн тушаал, шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, түүнчлэн газар эзэмшигч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болох ёстой байна” гэж дүгнэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалыг илт хууль бус тушаал гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчны сайдын  2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар “Азийн ирээдүй” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Арцатын задгайд 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 708 тоот гэрчилгээ олгосон байх ба Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Азийн ирээдүй” ХХК-ийн хооронд 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 25/2009 тоот “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулагдсан, уг гэрээнд газар ашиглах хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусахаар тохиролцсон, 708 тоот гэрчилгээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн үйл баримтууд нотлогджээ.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалаар “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  А-266 дугаар тушаалаар тус компанийн ашиглаж байсан газраас 2.4 га газрыг “Монгол технологи интернэйшнл” ХХК-д, 1.2 га газрыг “Өнчөөвүүд” ХХК-д, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар 1.4 га газрыг “Жаргалант вилл” ХХК-д тус тус 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820150212 дугаар актаар  нэхэмжлэгч нь газрын төлбөрт 2013 онд 66.000.000 төгрөг, 2015 онд 66.550.000 төгрөг төлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй болсон нь нотлогдож байх ба  нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээнд зааснаар улирал бүр газрын төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ч тухайн үед гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй, газар ашиглах гэрээний хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сунгасан атлаа төлбөр төлөгдсөний дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байхад  19.800.000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд тусгайлан төлөөгүй гэж буруутгах боломжгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзэх үндэслэл болж чадахгүй юм.

Түүнчлэн, “Азийн ирээдүй” ХХК тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй шалтгаанаа “газраа зориулалтын дагуу ашиглаж болохгүй нөхцөл байдлууд үүссэний улмаас төлөвлөгдсөн төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэж тайлбарласан бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоолоор улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламжийн ажлаас бусад барилгын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсоосон шийдвэр гарсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Богдхан уулын дархан цаазат газрын зориулалтын асуудлыг шийдвэрлэтэл барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон улсын комисс ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар тогтоолоор Зайсан толгой орчимд шинээр барилга барих асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох ажлын хэсэг байгуулсан зэргээс үзэхэд “Азийн ирээдүй” ХХК газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх ба  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэгэнт эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр тусгай хамгаалалттай  газар нутагт барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагаа зогссон нь тогтоогдож байх бөгөөд газар ашиглах эрх үүссэн  2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний хугацаа дууссан 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг газар ашиглах гэрээгээ зөрчсөн гэж буруутгаагүй, хуульд заасан газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй гэж үзээд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл газар ашиглах гэрчилгээг сунгасан атлаа сунгасан хугацаанаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцэхгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Азийн ирээдүй” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Өнчөөвүүд” ХХК, “Монгол технологи интернэйшнл” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Жаргалант вилл” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бусад тооцон хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Харин шүүх хэргийн оролцогчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө хүчингүй болгосон талаар маргаж байхад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийн аль нь ч бий болоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” талаар, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байхад “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгагдсанаас хойш дахин гэрээ байгуулаагүй тул 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн заалтаар газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй талаар дүгнэлт хийсэн нь буруу, тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй тул хуулийн зүйл заалтыг болон найруулгын зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Азийн ирээдүй” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Өнчөөвүүд” ХХК, “Монгол технологи интернэйшнл” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Жаргалант вилл” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН  

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН