Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02731

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/02731 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ЭТӨЧ 738 байр, 7 тоот хаягт байрлах, И.хашмал ХХК ХХК /РД:......................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 1-10 байр, 5-4 тоот хаягт байрлах, Э.Ар ХХК /РД:................/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 24 680 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч О.О /ШТЭҮД-2724/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ...И.хашмал ХХК ХХК болон Э.Ар ХХК нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Э.Ар ХХК нь хэв хашмал, дотор болон гадна булан 330 ширхэгийг 92 хоног, хэв хашмал, дотор болон гадна булан 74 ширхэгийг 613 хоног түрээслэн авч, Паннер эвдрэл гэмтэл 80 ширхэг материал 1 317 000 төгрөг болж, акталсан бараа 74 ширхэг материал 3 478 000 төгрөг болж нийт 23 725 500 төгрөгийн түрээсийн төлбөрт төлөхөөр болсон. Үүнээс 7 272 000 төгрөгийн төлөлт хийж үлдэгдэл төлбөр 16 456 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т зааснаар алданги тооцвол 8 226 750 төгрөгийг Э.Ар ХХК нь төлөх үүрэгтэй байна. 2020 оны 7 дугаар сарын 28-нд хэв хашмал, дотор болон гадна булан зэрэг материалуудаа буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл түрээсийн төлбөр 24 680 250 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа. Иймд барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 453 500 төгрөг, алданги 8 226 750 төгрөг нийт 24 680 250 төгрөгийг харуцагч Э.Ар ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани И.хашмал ХХК ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн барилгын туслах материал түрээслүүлэх гэрээгээр 1 сарын хугацаатай 404 ширхэг хэв хашмал түрээслэн авч ашигласан нь үнэн. Түрээсэлсэн хэв хашмалыг хүлээлгэн өгөхдөө 74 ширхэгийг дутаасан буюу 330 хэв хашмалыг хүлээлгэн өгсөн. Дутаасан 74 ширхэг хэв хашмалыг гэрээний хавсралт 1-т зааснаар 1 ширхэг хэв хашмалыг 47 000 төгрөгөөр үржүүлбэл 3 478 000 төгрөг болох бөгөөд уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 404 ширхэг хэв хашмалын 1 сарын төлбөр 3 030 000 төгрөг болох бөгөөд 3 сарын ашигласан түрээс нийтдээ 9 090 000 төгрөг болно. Үүнээс манай компанийн 7 272 000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс ганцхан хэв хашмалын дутаасан төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 7 дугаар сарын 29-нд түрээсийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, 2022.05.26-ны өдрийн 26е2-3/3580 дугаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн албан тоот, Итгэмжлэл, И.хашмал ХХК ХХК-ийн дүрэм, 2020.04.27-ны өдрийн барилгын туслах материал түрээслэх гэрээ, түүний хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.04.28-ны өдрийн зарлагын баримт, 2020.07.28-ны өдрийн Орлогын баримт,

Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.хашмал ХХК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 795 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 19 885 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу хэв хашмал, дотор болон гадна булан 330 ширхэгийг 92 хоног, 74 ширхэгийг 613 хоног түрээсэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 330 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгсөн 74 ширхэгийг дутаасан тул гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 11 340 500 төгрөг, материалын үнэ 3 478 000 төгрөг, 80 ширхэг материалын эвдрэл гэмтлийн үнэ 1 317 000 төгрөг, алданги 8 226 750 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...гэрээний дагуу 404 ширхэг бараа материалыг хүлээн авч, 74 ширхэг бараа материал ашиглалтын явцад эвдэрч ашиглах боломжгүй болсноор дутуу хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргахгүй боловч гэрээндээ дутаасан, эвдэлж гэмтээсэн тохиолдолд төлбөрийг төлөхөөр тохирсон байхад нэмж түрээсийн төлбөр тооцон шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ГТ2004271 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч И.хашмал ХХК ХХК нь түрээслэгч Э.Ар ХХК-д барилгын туслах бараа материалыг ашиглуулах түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулах, гэрээний зүйл болох барилгын туслах бараа материалын нэр төрөл, тоо хэмжээ, нэг өдрийн түрээсийн төлбөрийн нэг бүрчилсэн мэдээллийг тооцооны баримтад тусгаж өгөх ба бараа материал шилжүүлэх болон буцаан авахдаа орлого зарлагын баримт үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулахаар тохирсон байна.

 

4.2. Түрээсийн гэрээ гэж нэрлэсэн уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

4.3. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.4. Гэрээний зүйл болох барилгын туслах бараа материал болох 404 ширхэг хэв хашмалыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Э.Ар ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн болох нь зарлагын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Э.Ар ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 330 ширхэг бараа материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөс 80 ширхэг бараа материал эвдэрсэн талаар тусган орлогын баримтаар хүлээлгэн өгсөн байна.

 

4.5. Хариуцагч Э.Ар ХХК нь гэрээний дагуу нийт 7 272 000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

4.6. Гэрээний 7.3, 7.4-т ...түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг устгасан, эсхүл дахин ашиглагдахааргүй эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг хавсралт №1-д заасан худалдах үнээр тооцож 100 хувь төлөх, эд зүйлийг эвдсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийн үнийн дүнгийн 50 хувиар бодож төлөх үүргийг хүлээнэ... гэж тохиролцсон байна.

 

4.7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ашиглах боломжгүйгээр эвдэрсэн гэх 74 ширхэг бараа материалын үнийг гэрээний хавсралтад заасан нэгж үнэ болох 47 000 төгрөгөөр тооцон, 80 ширхэг бараа материалын үнийг дээрх үнийн 50 хувиар тооцон шаардах эрхтэй байна.

 

4.8. Харин нэгэнт гэрээгээр устгасан, гэмтээсэн бараа материалын үнийг төлөх үүргийг хүлээлгэсэн тул тухайн бараа материалд түрээсийн төлбөрт тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талууд гэрээгээр түрээсийн төлбөр нэмж тооцох талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байна.

 

4.9. Гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол нийт үндсэн түрээсийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзэв.

 

4.10. Иймд хариуцагчаас хүлээлгэн өгөөгүй 74 ширхэг бараа материалын үнэ 3 478 000 /74х47000/ төгрөгийг, эвдрэлтэй 80 ширхэг бараа материалын төлбөрт 1 317 000 төгрөг, нийт 4 795 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 885 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй.

 

4.11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ар ХХК-иас 4 795 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.хашмал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 885 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ар ХХК-аас 91 670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.хашмал ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ